ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Египет улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Африк тивийн эртний түүхт энэ улсад зочилсон гадаадын жуулчид «Египетэд замын хөдөлгөөний дүрэм, журам гэж байна уу, үгүй юу» гэж дуу алдан гайхширцгаадаг гэнэ.

Учир нь энд замын хөдөлгөөний эмх замбараагүй байдал дээд зэргээр ноёлох бөгөөд ялангуяа хот суурин газрын замуудад зүсэн зүйлийн хүмүүс, төрөл бүрийн тээврийн хэрэгслүүдийн сүлжилдэн холилдсон эх захгүй бөөгнөрөл, бие биесээ үл хүндэтгэсэн харилцаа, дуут дохионы чих дөжрөм хангинаан, хөдөлгөөний түгжрэл, гацаа, үл ойлгогдом зохион байгуулалтыг алхам тутамд харж, сонсож болох гэнэ.

 

 

Зам дээрх гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлүүд нь египетчүүдэд огт сонин биш бөгөөд жолооч нар нь улаан гэрэл дохионы өмнө зогсож ч магадгүй, зогсохгүй ч байж болзошгүй гэнэ. Явган зорчигчид нь аль хүссэн газраараа зам хөндлөн гарч гудамжны хөдөлгөөнийг гацаах ба жолооч нарын уур уцаарыг барж, дуут дохиогоо тэнхээ мэдэн чарлуулахад хүргэнэ. Иймэрхүү дүр зургийг бидний монголчууд төрөлх нийслэл хотынхоо гудамжнаа өдөр бүр харж болдог нь бас эмгэнэлтэй.

 

Египет улсад мэдээж Замын хөдөлгөөний дүрэм бий. Энэ улс Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протоколыг нутаг дэвсгэртээ мөрдөнө. Египет улс манайх шиг замын хөдөлгөөний баруун гар талын хөдөлгөөнтэй. Энэ улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг заалтууд нь манай дүрмийн холбогдох заалтуудтай нилээд төстэй юм.

 

Египетийн замын цагдаа нар хотынхоо гудамж замын тэрхүү бэрх дүр зургийг зүгээр нэг хараад сууж байдаг улс биш бололтой. Замын хөдөлгөөний дүрэмдээ тусгагдсан зарим нэг заалтын хэрэгжилтэд “сүрхий” анхаарал тавьдаг гэнэ. Эдгээр заалтын нэг нь автомашин бүрт байх ёстой эмийн сан ажээ. Египетийн замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолоочийн эмийн сан дараахь зүйлсээс бүрдсэн байх ёстой:

- эмнэлгийн хөвөн;

- хайч;

- халдваргүйжүүлэх хэрэгсэл;

- эмнэлгийн ариутгасан бинт – 4 ш;

- эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх тухай зааварчилсан гарын авлага;

- түлэнхийд хэрэглэх тэжээлийн тос, боолт;

- эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний бээлий – 4 хос;

- шархны наалтуур – 2 ш;

- үе мөчний хугарлын үед хэрэглэх сойлтуур;

- хиймэл мөс;

- гар чийдэн.

Үүнээс гадна эмийн сангийн сав нь зэвэрдэггүй материалаар хийгдсэн ба гадна талдаа араб хэл дээр бичигдсэн шошготой байх ёстой гэнэ. Эмийн сан болон ослын зогсолтын тэмдэггүйгээр хөдөлгөөнд оролцсон жолоочид хамгийн багадаа нэг сарын хугацаагаар жолоодох эрх хасах шийтгэл ногдуулдаг байна.

 

Египет улсад 2008 оны 8 дугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулахтай холбогдсон шинэ хууль батлагджээ. Энэ хуулиар Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагыг чангатган тогтоосон байна. Тухайлбал: Хамгаалах бүсээ зүүлгүйгээр хөдөлгөөнд оролцсон бол 100-300 фунт (Египетийн мөнгөний нэгж - египет фунт. 5.39 египет фунт нь 1 америк доллартой тэнцэнэ)-ээр торгох шийтгэл ногдуулахаар болжээ. Гэхдээ энэ шаардлагыг ихэнх жолооч нар нь биелүүлэхэд хүндрэлтэй байгаа гэнэ. Учир нь Египетийн замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын олонхи нь хэт хуучирснаас хамгаалах бүс нь элэгдэж муудан хэрэгцээнээс гарсан ба мөн зарим нь хамгаалах бүсээр огт тоноглогдоогүй байдаг ажээ.

 

Замын хөдөлгөөний дүрмийн ноцтой зөрчил гаргасан этгээдэд 1000-3000 фунтийн торгууль ногдуулдаг байна. Үүнд: тухайлбал, эсрэг урсгал сөрсөн, явган зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогчдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулахуйц аливаа үйлдэл хийсэн, мөн хөдөлгөөнд аюул, осолтой нөхцөл байдал бий болгосон гэх мэт.

 

 

Зориулалтын бус газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан тохиолдолд хамгийн багадаа нэг сарын хугацаагаар жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна. Энэхүү хатуу шийтгэлээ тайлбарлахдаа “зогсоолд буруу байрлуулсан тээврийн хэрэгслүүд үргэлж хөдөлгөөний түгжрэл бий болох шалтгаан болдог” гэнэ. Ер нь жолоодох эрх хасах шийтгэл Египетэд хамгийн хатуу шийтгэлүүдийн нэгэнд тооцогддог байна. Учир нь энэ улсын олон мянган иргэд зөвхөн жолоочийн хөдөлмөрөөр амь зуух бөгөөд таксийн үйлчилгээ эрхлэх, хөлсөөр ачаа тээвэрлэх, автобусаар хүн зөөвөрлөх зэргээр олсон мөнгө нь тэдний гэр бүлээ тэжээх амьжиргааных нь цорын ганц эх үүсвэр нь болдог байна.

Зогсоолын журам зөрчсөн тохиолдолд замын цагдаагийн ажилтан уг тээврийн хэрэгслийн дугуйг тусгай хэрэгслийн тусламжтайгаар түгжиж орхино. Хэрэв уг түгжээг жолооч сайн дураараа салгасан байвал 200-1000 фунтээр торгохоос гадна хагас жилээс доошгүй хугацаагаар хорих ял шийтгэдэг ажээ.

 

Египетийн хуулиар шийтгэл хүлээлгэдэг нэгэн сонин зөрчил бол жолооч автомашин дотроо ёс зүйгүй байдал гаргасан гэх зөрчил юм. Үүнд жишээ татахдаа тухайлбал, автомашин дотроо эр, эмийн ажил хийх гэнэ. Ийм зөрчил гаргасан тохиолдолд 300 фунтээр торгоод зогсохгүй хагас жилээс доошгүй хугацаагаар хорих ял оноож ч болзошгүй ажээ.

 

Харанхуй үед ихэнх жолооч нар тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг асаалгүйгээр хөдөлгөөнд оролцох явдал Египетэд жирийн үзэгдэл гэнэ. Үүний шалтгааныг ихэвчлэн автомашин эзэмшигчдийн эдийн засгийн чадавхитай холбож тайлбарлана. Тухайлбал, гэрлийн шил нь хагарсан, чийдэн нь шатсан, сэлбэг нь үнэтэй, шинээр солих мөнгө байхгүй (мөнгө байсан ч ийм “шалихгүй” юманд зарцуулах сонирхол байхгүй) гэх мэт. Мөн хажуугийн толигүй автомашин зөндөө байдаг гэнэ. Харин шинэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш иймэрхүү зөрчилд хамгийн багадаа зургаан сараар жолоодох эрх хасах шийтгэл ногдуулах болжээ.

 

Тээврийн хэрэгслийн холын гэрэл хэрэглэх журам зөрчсөн, тухайлбал, холын гэрлээ асаасны улмаас хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 сараас дээш хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 100-300 фунтээр, мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй бол 100 фунтээр торгох ажээ.

 

Өдгөө мисирчүүд шинэ хуулийнхаа ид шидийг үзүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа дээшлүүлэн, хөдөлгөөний сахилга, дэг журмыг тогтоож, Замын хөдөлгөөний дүрэм, журамтай улс шүү гэдгээ дэлхий нийтэд нүүр бардам харуулахыг тэсч ядан хүлээж сууна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»