ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Дани улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Дани улсад хоногийн 24 цагийн байнгын үйлчилгээтэй ослын шуурхай алба ажилладаг гэнэ. Орон нутгийн төв замуудад шатахуун түгээгүүрийн газар байдаггүй бөгөөд жолооч тээврийн хэрэгсэлдээ 10 л-ээс ихгүй нөөц шатахуун бүхий сайтар тагласан савыг аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр авч явахыг зөвшөөрнө.

 

Дани улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 80 км;

- тууш замд цагт 110 км.

 

Дани улсын замын хөдөлгөөний дүрэмд автомашины жолооч, зорчигч бүр хамгаалах бүсийг заавал хэрэглэх, мотоциклоор зорчиход хамгаалах малгай өмсөх, хоногийн аль ч үед ойрын гэрлээ асааж явах зэрэг нийтлэг заалтууд тусгагджээ. Гадаадын харъяат иргэн өөрийн улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээр Дани улсад тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрдөг байна.

 

Данийн хотын гудамжинд автомашинаа зогсоолд тавихын тулд жолооч «Зогсоолын диск» хэмээн хугацаа заагч хэрэгсэлтэй байх шаардлагатай болдог гэнэ. Уг хэрэгслийг шатахуун түгээгүүрийн газар, шуудан, жуулчны бааз, банк болон цагдаагийн зарим хэсэг дээрээс олж авч болох бөгөөд ийм дисктэй үед автомашинаа тусгай талбайд гурван цагийн туршид зогсоож болдог байна. Дискийг автомашиныхаа явган хүний зам талын шилэн дээр байрлуулах бөгөөд түүний зүү нь автомашиныг зогсоосон үеэс эхлэн хугацааг заана. Тээврийн хэрэгслийг замын хажууд тусгайлан заасан тэмдэггүй бол жирийн өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 9:00-13:00 цагийн хооронд 1 цагаас илүүгүй хугацаагаар зогсоохыг зөвшөөрнө. Бусад газарт зогсоолын тусгай тоолуур байдаг бөгөөд тэнд тээврийн хэрэгслийг жирийн өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 9:00-13:00 цагийн хооронд 3 цагаас илүүгүй хугацаагаар зогсоож болно. Зогсоолын төлбөрийн хэмжээ хотын дүүрэг тус бүрт харилцан адилгүй байна.

 

Дани улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 455 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 67 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 135-200 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 135 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 65 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээ нь тухайн жолоочийн сарын цалинг түүний цусан дахь спиртийн промиллоор үржүүлснээр тодорхойлогдоно. Жишээлбэл: 3000 еврогийн цалинтай этгээдийн цусан дахь спиртийн хэмжээ 0.6 промилл байвал 3000х0.6 буюу 1800 еврогоор, харин 1.5 промилл байвал 3000х1.5 буюу 4500 еврогоор торгох шийтгэл ногдуулна. Хэрэв гурван жилийн дотор гурав дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол түүний автомашиныг хураан авч, согтолтын зэргээс нь хамааруулж 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»