ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Грек улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Грек улсын нутаг дэвсгэр дээрх орон нутгийн бүх төв зам болон тууш замууд төлбөртэй байна. Төлбөрийг бэлэн мөнгөөр тооцох нь түгээмэл бөгөөд 1.5-аас 3 евро хүртэл байдаг гэнэ.

 

Грек улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 100 км, тууш замд цагт 120 км-ээр тогтоожээ.

 

Жолооч нь биедээ олон улсын загварт нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн техникийн паспорт, даатгалын гэрчилгээ (ногоон карт) зэргийг авч явахаас гадна тээврийн хэрэгсэлдээ ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, гал унтраагуур, нөөц чийдэнгийн цуглуулгатай байх шаардлагатай бөгөөд харин савтай нөөц шатахуун (канистртай бензин) авч явахыг хатуу хориглодог байна.

Томоохон суурин газрууд болон хурдны замуудад байрладаг шатахуун түгээгүүрийн газруудыг эс тооцвол Грекийн ихэнх шатахуун түгээгүүрийн газар оройн 19:00 цагт хаалгаа барьдаг гэнэ.

 

Грек улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг Европын ихэнх орны нэгэн адил 0.5 промиллоор тогтоожээ. Үүнийг хэтрүүлсэн байвал тухайн хэмжээнээс нь хамааруулж ялгавартайгаар шийтгэл ногдуулдаг байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг цагт 20 хүртэл км-ээр хэтрүүлсэн бол 40 еврогоор, цагт 20-30 км-ээр хэтрүүлсэн бол 100 еврогоор торгох шийтгэл ногдуулах бөгөөд харин цагт 30 км-ээс дээш хэтрүүлсэн бол 350 еврогоор торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 60 хоногоор хасах шийтгэл ногдуулна;

- жолоочийн цусан дахь спиртын агууламж 0.50-аас 0.80 грамм/литр байвал 200 еврогийн торгууль, 0.80-аас 1.10 грамм/литр байвал 700 еврогийн торгууль + 90 хоног эрх хасах, 1.10 грамм/литр-ээс их байвал 1200 еврогийн торгууль + 180 хоног эрх хасах + 2 сараас багагүй хугацаагаар баривчлах, мөн хоёр жилийн дотор 1.10 грамм/литр-ээс дээш агууламжтайгаар давтан жолоодсон бол 2000 еврогийн торгууль + 5 жил эрх хасах + 6 сараас багагүй хугацаагаар баривчлах шийтгэл тус тус ногдуулна;

- хамгаалах бүсээ зүүгээгүй буюу хамгаалах малгай өмсөөгүй бол 350 еврогоор торгож, жолоодох эрхийг 10 хоног хасах шийтгэл ногдуулна;

- хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 20 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- улаан гэрлээр нэвтэрсэн бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 60 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- “Зогс” буюу “Зам тавьж өгнө” тэмдгийн заалтыг биелүүлээгүй бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 20 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- замын гадаргууг зөвшөөрөлгүйгээр ашигласан (тухайлбал, явуулын түргэн хоолны цэг ажиллуулсан) бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 30 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 30 хоног хураах шийтгэл ногдуулна;

- төмөр замын гарам хаалттай үед нэвтэрсэн бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 60 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- тууш зам дээр болон хонгил дотор ухрах буюу буцаж эргэх үйлдэл хийсэн бол 700 еврогоор торгож, жолоодох эрхийг 20 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- явган хүний зам буюу гарц дээр явган зорчигчдод саад учруулсан бол 200 еврогоор торгож, жолоодох эрхийг 10 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 10 хоног хураах шийтгэл ногдуулна;

- түр буюу удаан зогсох журам зөрчсөн бол 80 еврогоор торгож, жолоодох эрхийг 10 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- мотоцикл жолоодож явахдаа гар утас буюу радио хүлээн авагч хэрэглэсэн бол 150 еврогоор торгож, жолоодох эрхийг 30 хоног хасах шийтгэл ногдуулна;

- автомашин жолоодож явахдаа гар утас буюу телевизор хэрэглэсэн бол 100 еврогоор торгож, жолоодох эрхийг 30 хоног хасах шийтгэл ногдуулна;

- зам дээр барилга, засварын ажил гүйцэтгэж байхдаа анхааруулах тэмдэг байрлуулаагүй бол холбогдох байгууллагын ажил гүйцэтгэгчийг 1500 еврогоор торгож, 6 сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна;

- хориглох тэмдгээр нэвтэрсэн буюу нэг чигийн хөдөлгөөнтэй зам руу эсрэг талаас нь орсон бол 200 еврогоор торгож, жолоодох эрхийг 20 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- уулзвар дээрх хөдөлгөөнд саад учруулсан бол 350 еврогоор торгож, жолоодох эрхийг 20 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 20 хоног хураах шийтгэл ногдуулна;

- радио долгион сарниах (антирадар) төхөөрөмж ашигласан бол 2000 еврогоор торгож, жолоодох эрхийг 30 хоног хасахаас гадна тээврийн хэрэгслийн техникийн паспортыг дугаарын хамт 60 хоног хураах шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»