ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Герман улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Герман улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг хот дотор цагт 50 км, хороолол дотор буюу сургууль, хүүхдийн цэцэрлэгийн орчим (үүнийг “хөдөлгөөний аюулгүйн бүс” гэж нэрлэнэ) цагт 30 км, хотын гадна цагт 100 км-ээр тогтоожээ. Харин тууш замын хөдөлгөөнд хурдны хязгаарлал тогтоогоогүй байдаг бөгөөд үүнийг тухайн замын тодорхой хэсэг тус бүрд нийцүүлэн замын тэмдгээр зохицуулдаг байна. Өөрөөр хэлбэл Герман улс тууш замд хурдны хязгаарлал тогтоогоогүй европын (магадгүй дэлхийн) цорын ганц улс юм.

 

 

 

Герман улсад замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүсэн байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчвөл бүсээ зүүгээгүй уг этгээдийг нь торгох арга хэмжээ авдаг байна. Мөн 12 нас хүрээгүй, 1 м 50 см-ээс намхан хүүхдийг зөвхөн тусгай зориулалтын суудалд тээвэрлэх ёстой ажээ.

 

Тээврийн хэрэгсэл бүрт ослын зогсолтын тэмдэг, эмийн сан байх ёстой. Хорооллын дотор дуут дохио өгөхийг зөвхөн зайлшгүй тохиолдолд зөвшөөрнө.

 

Ихэнх хотын авто зогсоолууд нь төлбөртэй байх бөгөөд автомашинаа зогсоолд тавихын тулд тодорхой хугацааны эрх бүхий зогсоолын билет худалдаж авсан байх шаардлагатай гэнэ. Уг билетийг автомашиныхаа салхины шилний дотор талд харагдахаар газарт байрлуулах ёстой. Билетгүйгээр буюу хүчингүй болсон билетээр автомашинаа зогсоолд тавьсан тохиолдолд торгууль төлөх шаардлагатай болно. Томоохон хотуудад зогсоолын асуудал хүнд байдаг тул төлбөр нь төдийчинээ өндөр байна. Зогсоолын журам зөрчиж тавьсан автомашин замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг тул түүнийг торгуулийн талбай руу шилжүүлэн журамладаг гэнэ.

 

Герман улс нь Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенц, мөн эдгээр Конвенцийн нэмэлт болох 1971 оны Женевийн Хэлэлцээрүүдэд нэгдэн орсон орон юм. Иймээс энэ улсын замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийн дүрслэл, утга агуулга нь европын замын дохио, тэмдгийн системд бүрэн нийцнэ.

Герман улсын замын тэмдгүүдийн загвараас сонирхуулъя:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Германд зам тээврийн осолд холбогдсон этгээд буюу осолтой хамгийн түрүүнд нүүр тулсан хүн (эхний гэрч болох хүн) хохирогчдод эмнэлгийн анхны тусламж цаг алдалгүй үзүүлж, цагдаа болон түргэн тусламж дуудах үүрэгтэй байна. Энэ ч үүднээс Германы Улаан загалмайн нийгэмлэг ард иргэддээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг байнга зохион явуулдаг гэнэ. Зам тээврийн осол гаргасан этгээд хэргийн газрыг орхин зугтаасан буюу хохирогсдод эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй бол өндөр шийтгэл хүлээлгэдэг байна.

 

Герман улсад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд мөнгөн торгууль ногдуулахаас гадна жолоодох эрхийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. 150 хүртэл еврогийн торгуулийг газар дээр нь төлөх ба үүнээс их торгуулийг 7 хоногийн дотор банкинд тушаасан байх ёстой гэнэ. Торгуулийн төлбөрийг заасан хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хэмжээ хоног тутамд нэмэгдэнэ. Үүнээс гадна хүнд гэмт хэрэг буюу ноцтой зөрчил гаргасан жолоочид торгуулийн оноо тооцох бөгөөд уг оноог Германы умард хэсэгт орших Фленсбург хотын төв банкинд (үүнийг “зөрчигсдийг бүртгэх компьютер” - «Flensburger Verkehrssunder-Datei» гэж нэрлэнэ) бүртгэдэг байна. Жолоочийн торгуулийн оноо тогтоосон хязгаараас давсан тохиолдолд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх цуцлагдаж, түр хугацаагаар эрх хасах шийтгэл ногдуулна.

 

Герман улсад Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагсдад хариуцлага тооцох механизм гайхалтай төгс төгөлдөр гэнэ. Зөрчлүүдийн төрөл болон тэдгээрт ногдуулах шийтгэлийн арга хэлбэрүүдийг «Торгуулийн цэс (Bussgeldkatalog)» хэмээх зузаан баримт бичигт нэг бүрчлэн тоочсон байх бөгөөд санаанд оромгүй зөрчлүүдийг ч жижиг гэлтгүй нарийвчлан жагсаасан байх ажээ. Замын цагдаа нар нь ч зөрчил илрүүлэхдээ гарамгай бөгөөд хөдөлшгүй баримт нотолгоон дээр тулгуурлах нь «хяслантай» гэнэ. Хотын төвийн болон гаднах замуудад, ялангуяа гэрлэн дохионуудын дэргэд байрлуулсан хяналтын автомат фото аппаратууд нь жолоочийн хурд хэтрүүлсэн, хөдөлгөөний чигээ огцом өөрчилсөн, хориглосон дохиогоор нэвтэрсэн зэрэг зохисгүй үйлдлүүдийг тэр дор нь фото хальснаа баримтжуулж цагдаагийн хөдөлгөөнт эргүүлүүдэд шуурхай «матна». Ядахдаа уг «матаас» дээр жолоочийн дүр төрх, тээврийн хэрэгслийн дугаар оновчтой бөгөөд тов тодорхой дүрслэгдсэн байх тул бултан зайлах арга даанч олдохгүй гэнэ. Хэтрүүлсэн хурдны хэмжээг алсын зайнаас мэдрэгч төхөөрөмжүүд өндөр нарийвчлалтайгаар тогтооно.

 

Герман улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ. Энэ хэмжээг хэтрүүлсэн байвал тухайн жолоочид өндөр хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаас гадна жолоодох эрхийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Түүнээс гадна зам тээврийн осол гаргасан этгээдийн цусанд хэрэв спиртын агууламж илэрвэл зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан ч хуулийн дагуу хариуцлагад татдаг гэнэ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Суурин газарт тээврийн хэрэгслийн тогтоосон хурдыг дор дурдсан хэмжээгээр хэтрүүлбэл дараахь шийтгэлийг ногдуулна:

- цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлбэл 15 евро;

- цагт 11-15 км-ээр хэтрүүлбэл 25 евро;

- цагт 16-20 км-ээр хэтрүүлбэл 35 евро;

- цагт 21-25 км-ээр хэтрүүлбэл 50 евро + торгуулийн 1 оноо;

- цагт 26-30 км-ээр хэтрүүлбэл 60 евро + торгуулийн 3 оноо;

- цагт 31-40 км-ээр хэтрүүлбэл 100 евро + торгуулийн 3 оноо + 1 сараар эрх хасах;

- цагт 41-50 км-ээр хэтрүүлбэл 125 евро + торгуулийн 4 оноо + 1 сараар эрх хасах;

- цагт 51-60 км-ээр хэтрүүлбэл 175 евро + торгуулийн 4 оноо + 2 сараар эрх хасах;

- цагт 61-70 км-ээр хэтрүүлбэл 300 евро + торгуулийн 4 оноо + 3 сараар эрх хасах;

- цагт 70 км-ээс дээш хэтрүүлбэл 425 евро + торгуулийн 4 оноо + 3 сараар эрх хасах.

Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгслийн тогтоосон хурдыг дор дурдсан хэмжээгээр хэтрүүлбэл дараахь шийтгэлийг ногдуулна:

- цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлбэл 10 евро;

- цагт 11-15 км-ээр хэтрүүлбэл 20 евро;

- цагт 16-20 км-ээр хэтрүүлбэл 30 евро;

- цагт 21-25 км-ээр хэтрүүлбэл 40 евро + торгуулийн 1 оноо;

- цагт 26-30 км-ээр хэтрүүлбэл 50 евро + торгуулийн 3 оноо;

- цагт 31-40 км-ээр хэтрүүлбэл 75 евро + торгуулийн 3 оноо;

- цагт 41-50 км-ээр хэтрүүлбэл 100 евро + торгуулийн 3 оноо + 1 сараар эрх хасах;

- цагт 51-60 км-ээр хэтрүүлбэл 150 евро + торгуулийн 4 оноо + 1 сараар эрх хасах;

- цагт 61-70 км-ээр хэтрүүлбэл 275 евро + торгуулийн 4 оноо + 2 сараар эрх хасах;

- цагт 70 км-ээс дээш хэтрүүлбэл 375 евро + торгуулийн 4 оноо + 3 сараар эрх хасах.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»