ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Болгар улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Болгар улсын тууш замууд дээр байрлуулсан тэмдгүүд нь ногоон дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн байх бөгөөд суурин газрын гаднах гол замууд дээрх тэмдгүүд нь цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгөөр, харин туслах замууд дээрх тэмдгүүд нь цагаан дэвсгэр дээр хар өнгөөр хийгдсэн байна. Мөн суурин газрын нэрийг мэдээлсэн тэмдэг нь болгар болон англи хэл дээр бичигджээ.

 

Болгар улсын замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн жолооч нь дараахь баримт бичгүүдийг авч явах үүрэгтэй:

- тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх;

- тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

- иргэний хариуцлагын даатгалын гэрчилгээ;

- тээврийн хэрэгслийн даатгалын гэрчилгээ;

- аюултай ачаа тээвэрлэж яваа бол «Аюултай ачаа тээвэрлэх жолооч бэлтгэх дамжаа»-г төгссөн тухай гэрчилгээ.

 

Болгар улсад бямба, ням гаригууд болон баярын өдрүүдэд өглөөний 8:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд хот хоорондын автобуснаас бусад бүх жин нь 15 тонноос их тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарладаг байна. Мөн заасан хугацаанд Софи хотоос Перник хүртэлх Грек, Македоныг чиглэсэн E79 дугаартай гол замын хөдөлгөөнийг хаадаг гэнэ.

Өвлийн улиралд замын нөхцөл байдал цас, мөснөөс шалтгаалан мууддаг тул шөнийн цагаар зорчихоос татгалзахыг зөвлөдөг байна.

 

Болгар улс 1997 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын иргэдээс замын татвар авдаг болжээ. Төлбөрийг хатуу валютаар шаарддаг тул гадаадын жолооч нар биедээ америк доллар буюу евро байнга авч явж байх шаардлагатай гэнэ.

 

Тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- суурин газрын гаднах замд цагт 90 км;

- тууш замд цагт 120 км.

 

Болгар улсад хотын доторхи нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч, тэр бүү хэл зорчигчид ч гар утсаар ярихыг хориглодог байна. Үүнийг тайлбарлахдаа: Герман болон Чех улсад үйлдвэрлэсэн автобус, трамвайн цахилгаан тоноглол нь гар утасны радио долгионы нөлөөнд амархан өртдөг бөгөөд энэ нь осолд хүргэж болзошгүй гэнэ.

 

 

Болгар улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг цагт 20-30 км-ээр хэтрүүлсэн бол 15 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 10 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 5 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 5 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 100-300 лев (50-100 доллар)-ээр торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»