ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Бельги улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Бельги улсад замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин мөрдөх явдал аль эртний заншил болон тогтжээ. Иймээс ч энэ улсад зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага харьцангуй өндөр байдаг төдийгүй цагдаа нар нь ч гайхалтай сонор сэрэмжтэй байдаг гэнэ.

 

 

Бельгид 24 цагийн үйлчилгээтэй шатахуун түгээгүүрийн газруудын олонхи нь тууш зам дээр байрладаг бөгөөд бусад нь 8:00-20:00 цагийн хооронд ажилладаг байна.

 

Бельги улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар автомашины жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүх үүрэгтэй ба зөвхөн эмнэлгийн зохих заавартай зарим нэг хүн, тухайлбал жирэмсэн эмэгтэйчүүд энэ үүргээс чөлөөлөгдөж болдог байна. Мөн 12 нас хүрээгүй хүүхдийг суудлын автомашины арын суудал сул байхад урд суудалд тээвэрлэхийг хориглоно. Арын суудалд тээвэрлэхдээ хүүхдэд тусгайлан зориулсан суудал, бэхэлгээ ашиглахыг үүрэг болгодог байна.

 

Бельги улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 120 км-ээр тогтоожээ.

 

Цас, бороо орж байгаа буюу манан будантай үед, мөн үзэгдэлт 100 м-ээс бага болсон аливаа нөхцөлд тээврийн хэрэгслийн ар талын манангийн гэрлийг заавал асааж явах ёстой.

 

Тээврийн хэрэгсэл бүрт ослын зогсолтын тэмдэг, гал унтраагуур, эмийн сангийн иж бүрдэл байхыг шаардана.

 

Бельги улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг Европын ихэнх орны нэгэн адил 0.5 промиллоор тогтоожээ. Гэхдээ 0.2 промиллоор хязгаарладаг зарим нэг улсынхтай харьцуулбал энэхүү хэмжээ нь тийм ч их хатуу норм биш юм. Өөрөөр хэлбэл жолооны ард 1 лонх пиво буюу 150 грамм улаан дарс ууж болно гэсэн үг ажээ. Ер нь Бельгид бага зэрэг халамцуу яваа жолоочийг торгохгүйгээр өнгөрөх явдал амьдрал практикт түгээмэл ажиглагддагаас гадна зам дээр жолооч нарын согтуу яваа эсэхийг хомроголон шалгах арга хэмжээг ч бараг явуулдаггүй гэнэ.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Замын хөдөлгөөний дүрмийн бага зэргийн зөрчилд хүлээлгэх торгуулийн шийтгэл нь 50-140 еврогийн хооронд хэлбэлзэнэ. Торгуулийн төлбөрийг нэг сарын дотор барагдуулаагүй бол хэмжээ нь 2.5 дахин нэмэгддэг байна. Бельгийн хуулиар замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагсдад ногдуулах баривчлах шийтгэл 15 хоногоос 3 сарын хугацаатай байх бөгөөд хэрэв тухайн зөрчлийг давтан үйлдсэн бол шийтгэл нь хоёр дахин хүндэрдэг байна.

Бельгийн цагдаа нар замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг ерөнхийд нь 4 ангилалд хувааж шийтгэл ногдуулдаг гэнэ. Хамгийн бага зөрчилд 50 еврогийн торгууль ногдуулах бөгөөд үүнд:

- зогсоолын журам зөрчсөн;

- автомашиныхаа хаалгыг түгжээгүй буюу цонхоо онгорхой орхиж явсан (энэ нь жолоочийн хайхрамжгүй байдлаас болж алдагдсан эд зүйлс болон хулгайчийг эрэн сурвалжлахад цагдаагийн байгууллага зардал гаргахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ ажээ).

Хоёр дахь ангиллын зөрчилд 100 еврогийн торгууль ногдуулах бөгөөд үүнд:

- шар гэрэл дохиогоор нэвтэрсэн;

- жолооны ард гар утсаар ярьсан;

- уулзвар нэвтрэх дарааллын журам зөрчсөн.

Гурав дахь ангиллын зөрчилд 150 еврогийн торгууль ногдуулах бөгөөд үүнд:

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн;

- цагдаагийн тавьсан шаардлагыг тэр дор нь биелүүлээгүй;

- харанхуй үед гэрлээ асаалгүйгээр явсан гэх мэт.

Дөрөв дэх ангиллын зөрчилд 200-2750 еврогийн торгууль ногдуулах бөгөөд үүнд:

- хурдны зам дээр тэнхлэгийн үргэлжилсэн шугамыг давж буцаж эргэсэн;

- эсрэг урсгал сөрсөн;

- уулын замд эргэлтэн дээр гүйцэж түрүүлсэн гэх мэт.

Бельгийн цагдаа нар дөрөв дэх ангиллын зөрчлийг үйлдсэн нөхцөлөөс нь хамааруулж, ногдуулах шийтгэлийн хэмжээг хүндрүүлсэн нөхцөлтэйгөөр тусгайд нь тогтоох эрхтэй байна.

Хурд хэтрүүлсэн зөрчлийг тусад нь авч үзэх бөгөөд үүнд:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 10 км-ээр хэтрүүлсэн бол 50 евро, үүнээс цааш хэтрүүлсэн км/цаг бүрд тухайн замын төрлөөс нь хамааруулан 5-10 еврогоор нэмэгдүүлсэн хэмжээний торгуулийн шийтгэл ногдуулна;

- тууш замаар цагт 200 км-ээс илүү хурдтай явсан бол жолоодох эрх хасах шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»