ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Беларусь улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Беларусь улсад «Замын хөдөлгөөний дүрэм»-ийг Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг байна. Одоогийн мөрдөгдөж байгаа дүрэм нь Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкогийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 551 тоот зарлигаар батлагдаж 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болжээ. Мөн энэхүү зарлигаар “B” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтыг 3-н сараас доошгүй хугацаанд нийт 220 цагийн хөтөлбөртэйгөөр (жолоодлогын дадлагын хөтөлбөр нь 40 цаг) явуулах, түүнчлэн сургалтын төлбөрийн хэмжээг Засгийн газраас тодорхойлж байхаар тогтоосон байна.

 

Беларусь улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй. Иймээс баруун гар талдаа (буруу талдаа) жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг замын хөдөлгөөний дүрмээрээ хоригложээ. Гэхдээ энэ шаардлага нь тус улсын нутаг дэвсгэр дээр 2002 оны 8 дугаар сарын 10-наас өмнө бүртгэгдсэн болон тус улсад түр хугацаагаар орж ирсэн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй гэнэ.

 

Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд 40-өөд нэр томъёоны тодорхойлолт байдаг бол Беларусь улсын дүрэмд бараг 80-аад нэр томъёог хэрхэн ойлгох талаар тодорхойлсон байгаа нь сонирхолтой. Тухайлбал: Автобус, автомашин, төмөр замын тээврийн хэрэгсэл, дугуйт трактор, дан царигт тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин, удаан явдалт тээврийн хэрэгсэл, трамвай, троллейбус, хэт хүнд буюу овор ихтэй тээврийн хэрэгсэл, шуурхай албаны тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн жолоодлого, хөвөө, таримал зүлэг, аюулгүйн арал, солбио зам, тусгаарлах бүс, тэмдэглэгдсэн уулзвар, сайжруулсан хучилт, замын элемент, замын үзэгдэлт, замын үзэгдэх боломж, замын үзэгдэх боломж хязгаарлагдах, хөдөлгөөний саад, хүүхдүүд, зорчих хэсэг дээрх баруун (зүүн) захын байрлал, чиг өөрчлөх, зам тээврийн ослын гэрч, техникийн улсын үзлэг, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл гэх мэт нэр томъёонуудыг тодорхойлсон нь манай дүрэмд байхгүй юм.

 

Беларусь улсын замын хөдөлгөөний дүрмээр дараахь хүмүүст хамгаалах бүс хэрэглэхгүй явахыг зөвшөөрчээ:

- жолоодлогын дадлага хийлгэж яваа багш (суралцагч нь жолоо барьж яваа тохиолдолд);

- шуурхай албаны тээврийн хэрэгслийн зорчигчид;

- суурин газрын доторхи хөдөлгөөнд оролцож яваа таксийн жолооч;

- эрүүл мэндийн яамнаас тодорхойлсон жагсаалтад хамаарагдах эмнэлгийн магадлагаатай жолооч, зорчигчид.

 

Жолоочид хориглосон зүйлүүдээс нь түүвэрлэн дурдвал:

- согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. Өөрөөр хэлбэл европын ихэнх орны замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан байдаг жолоочийн цусан дахь согтууруулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг Беларусь улс заагаагүй бөгөөд манай улсын дүрмийн шаардлагын нэгэн адил жолооны ард согтууруулах ундааг ялимгүй хэрэглэхийг ч хоригложээ;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гарны оролцоогүйгээр ярих боломжтой хэрэгслээр тоноглогдоогүй телефон утас болон радио холбооны аппарат ашиглах;

- гинжит буюу металл хадаастай дугуй бүхий тээврийн хэрэгслээр сайжруулсан хучилттай нийтийн хэрэгцээний замаар явах гэх мэт.

 

Харанхуй үед явган зорчигч замын дагуу зорчих хэсгийн захаар явах тохиолдолд гэрэл ойлгогч элемент бүхий өмсгөлтэй байх үүрэгтэй ажээ. Мөн харанхуй үед зорчих хэсгээр хөндлөн гарахдаа ийм өмсгөлтэй байхыг тэдэнд зөвлөмж болгосон байна.

Явган хүний гарц, гарамгүй замын дараахь хэсгүүдэд явган зорчигчийг зорчих хэсгээр хөндлөн гарахыг хоригложээ:

- тусгаарлах бүс буюу тусгаарлах зурвастай замын хэсэгт;

- зургаа буюу түүнээс олон эгнээтэй замын хэсэгт;

- замын хашилттай хэсэгт.

 

Беларусь улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журмууд, тухайлбал, ослын дохио, зогсолтын тэмдэг хэрэглэх, гэрэл болон зохицуулагчийн дохио, хөдөлгөөн эхлэх буюу чиг өөрчлөх, зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх, уулзвар, явган хүний гарц, төмөр замын гарам нэвтрэх, тууш замаар явах, хорооллын доторхи хөдөлгөөнд оролцох, түр буюу удаан зогсох, хүн ба ачаа тээвэрлэх зэрэг журмууд нь манай замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудтай ерөнхийдөө адил юм. Ялгаатай заалтууд нь гол төлөв трамвай болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тусгайлан нийцүүлсэн заалтууд байна. Гэхдээ манай замын хөдөлгөөний дүрмийн утга агуулгатай зөрчилдөхгүй боловч онцлог гэмээр зарим заалтуудаас нь түүвэрлэн сонирхуулъя.

 

Суурин газарт чиглэлийн тээврийн хэрэгсэл нь тусгайлан зориулж заагласан эгнээгээр явах бөгөөд ийм эгнээ байхгүй бол зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр байрлан явах үүрэгтэй. Ингэхдээ зөвхөн саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бусад эгнээ рүү орж болохоос гадна мөн хамгийн баруун гар талын эгнээгээр цагт 40 км-ээс бага хурдтай яваа тээврийн хэрэгслийг хоёр дахь эгнээнд орж гүйцэж түрүүлж болох ажээ.

 

Тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 60 км;

- суурин газрын гаднах замд суудлын автомашин, автобус, мотоцикл, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин цагт 90 км, харин чиргүүлтэй автомашин болон бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин, мөн жолооны ард хоёроос илүүгүй жил суусан жолооч буюу дадлага хийж яваа суралцагчийн жолоодож яваа механикжсан тээврийн хэрэгсэл цагт 70 км, тэвшин дээрээ зорчигч тээвэрлэж яваа ачааны автомашин цагт 60 км;

- тууш замд суудлын автомашин, автобус, мотоцикл, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин цагт 110 км, харин чиргүүлтэй автомашин болон бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 90 км;

- механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 50 км;

- хорооллын дотор цагт 20 км.

 

 

Беларусь улсын замын хөдөлгөөний дүрмийн нэр томъёоны тодорхойлолтоос харахад “Гүйцэж түрүүлэх” үйлдэлд зөвхөн эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэхийг тооцдог байна. Гүйцэж түрүүлэх үйлдлийг дараахь замын хэсгүүдэд хоригложээ:

- “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдгийн үйлчлэх хүрээнд;

- “Огцом эргэлт”, “Тахир зам”, “Огцом өгсүүр” тэмдгээр анхааруулсан замын аюул бүхий хэсэг дээр;

- өгсүүрийн төгсгөл дээр буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал бусад хэсэг дээр;

- тэмдэглэгдсэн уулзвар буюу зохицуулдаг уулзвар дээр;

- явган хүний гарц дээр болон түүний өмнө 50 м-ээс ойр зайд;

- замын үзэгдэлт хангалтгүй үед;

- гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа тээврийн хэрэгслийг;

- гүүр болон солбио замын дээр буюу доор;

- төмөр замын гарам дээр буюу түүний өмнө 100 м-ээс ойр зайд.

 

Тууш замын хөдөлгөөнд манай дүрмээр хориглосон зүйлүүдээс гадна механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг мөн хоригложээ. Чирч явах зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд хамгийн ойр тааралдах гарах хэсгээр тууш замыг орхих ёстой байна.

 

Хорооллын доторхи хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн дамжин нэвтрэх хөдөлгөөнд ашиглахыг хоригложээ. Ийм заалт олон орны дүрэмд тусгагдсан байдаг юм.

 

Тээврийн хэрэгслийг 5 минутаас илүү хугацаагаар, ялангуяа амрахад зориулсан тусгай газарт зогсоох тохиолдолд хөдөлгүүрийг унтраах ёстой байна. Мөн техникийн засвар хийх үедээ тээврийн хэрэгслийг болж өгвөл замаас гаргах ёстой бөгөөд ийм боломжгүй тохиолдолд уг засварыг хийх этгээд нь гэрэл ойлгогч элемент бүхий өмсгөл хэрэглэхийг зөвлөмж болгожээ.

 

Унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээр түрж явахыг хориглох бөгөөд зөвхөн зорчих хэсгээс гаргах зорилгоор түрэхийг зөвшөөрдөг байна.

 

Түр болон удаан зогсохыг манай дүрэмд хориглосон газруудаас гадна мөн дараахь замын хэсгүүдэд хоригложээ:

- хурд авах буюу хурд хасах эгнээ дээр;

- “Огцом эргэлт”, “Тахир зам” тэмдгээр анхааруулсан замын аюул бүхий хэсэг дээр;

- хоёр эгнээтэй замын эсрэг талд тээврийн хэрэгсэл зогсож байхад түүний харалдаа нөгөө талд;

- трамвайн зам дээр болон түүний яг хажууд;

- тэмдгээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд явган хүний зам дээр;

- таримал зүлэг дээр болон бусад ногоон байгууламжтай хэсэг дээр;

- дэлгүүрийн ачаа бараа оруулах, гаргах, ачих, буулгах хаалганд 10 м-ээс ойр зайд;

 

Удаан зогсохыг дараахь замын хэсгүүдэд хоригложээ:

- суурин газрын гаднах замын зорчих хэсэг болон хөвөөн дээр;

- бүх жин нь 3.5 тонноос их тээврийн хэрэгслийг зогсоолын тэмдэгтэй хэсгээс бусад газарт.

 

Түр буюу удаан зогсох журам зөрчиж, замын хөдөлгөөнд саад, аюултай байдал бий болгосон жолоочийн тээврийн хэрэгслийг Беларусь улсын Засгийн газраас батлан тогтоосон “Тээврийн хэрэгслийг албадан шилжүүлэх тухай заавар”-ын дагуу ачиж журамладаг байна.

 

Унадаг дугуй болон мопедоор тухайн чигт нэгээс олон эгнээтэй зам дээр зүүн гар тийш буюу буцаж эргэх, мөн замын гадаргуу цастай буюу мөстсөн нөхцөлд хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

 

Өдрийн цагаар тээврийн хэрэгсэл бүр ойрын гэрлээ асааж явахыг Европын ихэнх орны дүрэм шаарддаг бол харин Беларусийн дүрэм энэ шаардлагыг зөвхөн мотоцикл, мопедод хамааруулжээ. Үүнээс гадна манай дүрэмд заасантай адил өдрийн цагаар тодорхой тохиолдлуудад ойрын гэрлээ асааж явахыг шаардана. Тухайлбал:

- цуваагаар яваа үед;

- хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;

- хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;

- механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;

- хөдөлгөөний эсрэг чиглэлд тусгайлан хуваасан эгнээгээр яваа чиглэлийн тээврийн хэрэгсэл;

- жолоодлогын дадлага хийж яваа үед.

 

12 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашины урд суудалд тусгай зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээгүйгээр тээвэрлэхийг хориглох бөгөөд харин арын суудалд тээвэрлэхдээ тусгай зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ ашиглахыг жолоочид зөвлөмж болгожээ. Хэрэв арын суудалд насанд хүрсэн хүн сууж яваа бол тэрээр 12 хүртэлх насны нэг хүүхдийг өвөр дээрээ авч явж болох бөгөөд ингэхдээ өөрөө хамгаалах бүсээ заавал зүүсэн байх шаардлагатай гэнэ. Харин жолооч болон урд суудалд сууж яваа зорчигч өвөр дээрээ хүүхэд авч явахыг хориглоно. Мөн 12 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд болон ачааны автомашины тэвшин дээр тээвэрлэхийг хоригложээ.

 

Беларусь улсын замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийн бүлэгчлэл, үндсэн хэлбэр, дүрслэл, нийтлэг утга агуулга нь манай замын хөдөлгөөний дүрмийнхтэй ерөнхийдөө ижил юм. Гэхдээ манай дүрэм, стандартад тусгагдаагүй зарим онцлог дохио, тэмдгүүд байдаг бөгөөд тухайлбал, тээврийн хэрэгслийн гэрлэн дохионд нэмж тоноглох дүрсэн тэмдэгт бүхий мэдээлэх секцүүд буюу нэмэлт самбарууд, мөн «Сайжруулсан хучилттай замын төгсгөл», «Осол-Аюулын хэсэг», «Аюултай хөвөө», «Мөстсөн зам», «Замын түгжрэл», «Газар уснаа явагч амьтдын улирлын нүүдэл» гэсэн анхааруулах тэмдгүүд, «Морьтой хүний зам», «Морьтой хүний замын төгсгөл» гэсэн заах бүлгийн тэмдгүүд, «Огцом эргэлтийн тоо», «Ачиж журамлах», «Халтиргаатай хучилт», «Шуурхай тусламж (SOS)», «Аюулын төрлүүд» гэсэн нэмэлт тэмдгүүд нь дүрслэл болон утга агуулгаараа ихэд сонирхолтой юм. Мөн явган хүний зохицуулдаг болон зохицуулдаггүй гарцын тэмдэглэл нь манайхтай адил боловч замын аюул бүхий хэсэг дээрх зохицуулдаггүй гарц нь шар, цагаан өнгө хосолсон дүрслэлтэй байна.

 

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хамгаалах бүсээ зүүгээгүй буюу хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн бол анхааруулах буюу 35000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна. Беларусь улсын нийслэл Минск хотод л гэхэд замын цагдаа нар өдөр бүр 300-аад жолоочид хамгаалах бүс хэрэглэх журам зөрчсөн шалтгаанаар шийтгэл ногдуулж байгаа гэнэ.

Тайлбар: Беларусь улсын мөнгөн тэмдэгт болох “Беларусь рубль” нь ханш багатай юм. 2010 оны 4-н сарын байдлаар ойролцоогоор 3000 рубль нь 1 доллар (4000 рубль нь 1 евро)-той тэнцэж байна.

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утас буюу радио холбоо хэрэглэсэн бол анхааруулах буюу 70000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- биедээ авч явбал зохих баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон бол анхааруулах буюу 70000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй буюу техникийн улсын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон бол анхааруулах буюу 70000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 10-20 км-ээр хэтрүүлсэн бол анхааруулах буюу 35000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20-30 км-ээр хэтрүүлсэн бол 35000-70000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 30 км-ээс дээш хэтрүүлсэн бол 70000-350000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс дээш хэтрүүлсэн зөрчлийг нэг жилийн дотор давтан үйлдвэл 140000-525000 рублиэр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна;

- гэрлэн дохио буюу зохицуулагчийн дохионы заалтыг биелүүлээгүй бол анхааруулах буюу 175000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө дохио өгөөгүй бол анхааруулах буюу 17500 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн, эсвэл эсрэг урсгал сөрсөн бол жолоодох эрхийг хасах буюу хасахгүйгээр 175000-350000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- түр буюу удаан зогсох журам зөрчсөн бол анхааруулах буюу 17500 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- замын тэмдэг, тэмдэглэлийн шаардлагыг биелүүлээгүй буюу уулзвар нэвтрэх, хүн ба ачаа тээвэрлэх, тээврийн хэрэгслийг чирэх журам зөрчсөн, эсвэл давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөөгүй бол анхааруулах буюу 35000-175000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- тууш замын хөдөлгөөний журам, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам, ослын дохио, зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол анхааруулах буюу 140000 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 70000-140000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол 700000-1750000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу ийм зүйл хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсэн, эсвэл ийм зүйл хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасаж, 525000-1225000 рублиэр торгох буюу захиргааны баривчлах шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхгүй этгээд дээрх хэргийг үйлдсэн бол 875000-1575000 рублиэр торгох буюу захиргааны баривчлах шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон буюу эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол 175000-700000 рублиэр торгох шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгслээ зогсоох тухай цагдаагийн ажилтны өгсөн эхний шаардлагыг биелүүлээгүй бол 70000-350000 рублиэр, давтаж өгсөн шаардлагыг биелүүлээгүй бол 210000-700000 рублиэр торгох буюу 1 жил хүртэл хугацаагаар эрх хасах шийтгэл ногдуулна;

- явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 17500 хүртэл рублиэр торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»