ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Арабын Эмират улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Арабын Нэгдсэн Эмират улс замын баруун гар талын хөдөлгөөнтэй. Энэ улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенцид саяхан буюу 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэгдэн оржээ. Иймээс энэ улсын Замын хөдөлгөөний дүрэм болон замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы утга агуулга нь манай улсынхтай ерөнхийдөө адил юм. Мөн замын тэмдгүүдийнх нь хэлбэр, дүрслэл, ялангуяа анхааруулах, хориглох, заах тэмдгүүдийн нийтлэг хэв шинж нь манай замын хөдөлгөөний дүрэм, стандартад тусгагдсантай бараг ижил бөгөөд тэмдгүүд дээрх бичиглэл нь араб болон латин үсгээр давхар бичигджээ. Ялгаатай тэмдгүүдээс нь дурдвал: “Огцом өгсүүр” ба “Эгц уруу” анхааруулах тэмдэг дээр өгсүүр буюу уруугийн чигийг сумаар заажээ. Мөн манай дүрмийн “Ан амьтан” гэсэн анхааруулах тэмдэг дээр бугын дүрс байдаг бол Арабын Эмират улс нэг бөхтэй тэмээг дүрсэлсэн байна. Ихэнх улс орнууд Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид тусгагдсан “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн хоёр хувилбарын аль нэгийг сонгож хэрэглэдэг бол энэ улс хоёуланг нь сонгожээ.

 

 

Арабын Эмират улсад гадаадын харъяат иргэн удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох бол тус улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхтэй болох шаардлагатай юм. Учир нь олон улсын жолоочийн үнэмлэх энэ улсад 30 хоногийн л хүчинтэй байна.

 

Энэ улс замын баруун гар талын хөдөлгөөний журамтай боловч тойрох хөдөлгөөнтэй уулзварын хувьд тойргийн дотор талд яваа, өөрөөр хэлбэл зүүн гар талд яваа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй байна.

 

Уулзвар дээр хөндлөн замын тээврийн хэрэгслүүд нэвтэрч гүйцээгүй байхад гэрэл дохио зөвшөөрч байсан ч уг уулзвар руу орохыг хориглоно. Дубай хотод энэ журмыг зөрчих нь хамгийн ноцтой зөрчлүүдийн нэгэнд тооцогддог байна.

 

Дубай хотын замын цагдаа нар тээврийн хэрэгслийн зогсоолын журмын биелэлтэд онцгой анхаарал тавьдаг гэнэ. Хотын төвийн ихэнх зогсоолууд төлбөртэй байх бөгөөд улаан өнгийн хашлагаар тэмдэглэсэн газарт тээврийн хэрэгслээ зогсоохыг хориглоно. Зогсоолын төлбөр нь 1 цагт ойролцоогоор 2 дирхам (Арабын Эмират улсын мөнгөний нэгж) байна. Зогсоолын журам зөрчсөн жолоочид мөнгөн торгууль ногдуулаад зогсохгүй, автомашиныг нь тодорхой хугацаагаар хураан авах шийтгэл хүлээлгэж ч болзошгүй юм. Тухайлбал: Гудамжны хогийн савны дэргэд тээврийн хэрэгслээ зогсоосон бол 500 дирхам (ойролцоогоор 135 америк доллар)-аар торгох шийтгэл ногдуулдаг гэнэ.

 

Зам тээврийн осолд холбогдсон жолооч нэн түрүүн замын цагдаагийн ажилтанг хэргийн газар дуудах ёстой бөгөөд автомашин болон бусад эд мөрийн баримт болох зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй. Гэхдээ хэрэв тухайн хэргийн буруутан нь илэрхий бөгөөд маргаангүй, мөн автомашины эвдрэлд санаа зоволтгүй бол энэхүү үүргээс татгалзаж болох гэнэ.

 

Арабын Эмират улс Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагчдад “хар тэмдэг” хэмээх торгуулийн онооны системийг хэрэгжүүлдэг байна. Торгуулийн онооны дээд хэмжээ нь 1 жилийн хугацаанд 24 байх бөгөөд дараахь зөрчлүүдэд шууд 24 “хар тэмдэг”-ийг өгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна:

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон;

- улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон;

- автомашиныг аюултайгаар жолоодсон;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 60 км-ээс дээш хэтрүүлсэн;

- зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон.

 

Хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг нь 7 хоногоор хураан авч, 500 дирхамаар торгохоос гадна 12 “хар тэмдэг”-ээр “шагнах” бөгөөд хэрэв уг зөрчлийг давтан үйлдвэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулна. Үүнээс гадна дараахь зөрчлүүдэд 100-500 дирхамын мөнгөн торгууль ногдуулж, торгуулийн 12 оноогоор шийтгэнэ:

- ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдлийг аюултайгаар гүйцэтгэсэн;

- хурдны замаар цагт 60 км-ээс бага хурдтай явсан;

- эсрэг урсгал сөрсөн;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 60 хүртэл км-ээр хэтрүүлсэн;

- ослын эгнээгээр байрлан явсан гэх мэт.

 

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа телефон утсыг гараараа барьж ярихыг хориглоно.

Хамгаалах бүсийг жолооч, зорчигч бүр хэрэглэх үүрэгтэй бөгөөд зорчигч хамгаалах бүсээ зүүгээгүй бол жолоочид нь шийтгэл хүлээлгэнэ.

 

 

Арабын Эмират улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг нутаг дэвсгэр бүртээ харилцан адилгүйгээр тогтоожээ. Нийтлэг байдлаар нь авч үзвэл суурин газрын доторхи замд цагт 40-60 км, тууш замд цагт 120 км, бусад замд цагт 80 км орчим байна. Тээврийн хэрэгслийн хурдад тавих хяналтыг замын цагдаа нараас гадна видео камер, фото аппарат, фото радар зэрэг тусгай төхөөрөмжүүд гүйцэтгэнэ. Эдгээр төхөөрөмжийг гол төлөв тууш замууд болон хотын төв замууд дээр байрлуулсан байх бөгөөд хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг цаг тухайд нь бүртгэн авч түүний дугаарыг цагдаагийн холбогдох хэсэг рүү шуурхай мэдээлдэг байна.

Хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн хэмжээнээс нь хамааруулж торгуулийн төлбөрийг тогтоох бөгөөд хамгийн багадаа 100 дирхам байна.

 

Арабын Нэгдсэн Эмират улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамгийн ноцтой зөрчлүүдийн нэг нь тээврийн хэрэгслээр тэмээг дайрах явдал гэнэ. Ийм хэрэг үйлдсэн жолоочид 30 мянгаас хэдэн зуун мянган долларын торгууль ногдуулах бөгөөд энэ нь тус улсын Засгийн газраас өөрийн улсын бэлгэ тэмдэг болсон тэмээгээ хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээ ажээ. Энэ ч үүднээс цөл дундуур дайран гарсан ихэнх хурдны зам болон тууш замыг тусгай тороор хашаалсан байх ба энэ нь зорчих хэсэг рүү тэмээ оруулахгүй байх зориулалттай гэнэ.

Хэрэв зөрчил гаргасан жолоочид тухайн торгуулийг төлөх мөнгө байхгүй бол түүнийг хорих ялаар орлуулан шийтгэдэг байна. Ингэхдээ 1 өдрийн хорих ялыг 14 долларын торгуультай дүйцүүлдэг гэнэ.

 

Арабын Нэгдсэн Эмират улсад тээврийн хэрэгслийн улсын бүртгэлтэй холбоотой өвөрмөц нэгэн заншил байдаг ажээ. Дэлхийн аль ч оронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг тухайн автомашинд хамааралтай байдаг бол арабын энэ оронд тухайн хүнд нь хамаарна. Өөрөөр хэлбэл улсын дугаарын тэмдэг тухайн хүний өмч мэт байна. Тухайлбал: Автомашинаа худалдсан этгээд уг автомашиныхаа улсын дугаарын тэмдгийг дараагийн шинээр авах автомашиндаа зориулан өөртөө үлдээх эрхтэй байна. Тэр бүү хэл улсын дугаарын тэмдгийг хэн нэгэн хүнд бэлэглэж ч болох гэнэ.

Мөн дугаарын тэмдэг дэх цифрүүдийн тоо ширхэг нь тухайн автомашины эзэмшигчийн нийгэмд эзлэх байр суурийг илтгэдэг байна. Тухайлбал: Хамгийн нэр хүндтэй дугаар нь нэг оронтой байх бөгөөд тэр нь шейхийнх байна. Шейхийн төрөл төрөгсдийн хөллөх автохөсгийн дугаар хоёр оронтой байх ба бусад нөлөө бүхий эрхмүүд гурван оронтой дугаарыг эзэмшинэ. Харин ихэнх жирийн иргэдийн автомашины дугаар таван оронтой байх ажээ.

 

Арабын Эмират улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээ гэсэн ойлголт энэ улсад байхгүй юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бол даатгалын нөхөн төлбөр авах нь байтугай өндөр хэмжээний торгуулийн төлбөрт унаж, тэр бүү хэл хорих ялаар ч шийтгүүлж болзошгүй ажээ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»