ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Андорра улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Андорра нь Франц, Испани хоёр улсын дунд орших, уулархаг бүсийн жижиг газар нутагтай улс юм. Энэ улс замын хөдөлгөөний дүрмээрээ тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг нилээд доогуур буюу чангатган тогтоожээ. Тодруулбал: Суурин газрын гаднах замд 70 км/цаг, суурин газарт дөнгөж 40 км/цаг байна. Манай улсын дүрмээр бол механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үеийн хурдаар Андорра улсын хот дотуур “гэлдрэх” ёстой ажээ. Тэгсэн мөртлөө энэ улс согтууруулах ундаанд тавих шаардлагаараа Европын ихэнх улстай харьцуулбал их сул юм. Өөрөөр хэлбэл жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.8 промиллоор тогтоожээ. Энэ нь ихэнх орнуудынхтай харьцуулбал бараг хоёр дахин их хэмжээ боловч харин энэ хэмжээнээс хэтрүүлсэн этгээдэд ногдуулах шийтгэл нь илүү хатуу юм. Хэрэв жолоочийн цусанд 1 промиллоос их агууламжтай спирт илэрвэл түүнд 1 жилийн хорих ял ногдуулах үндэслэлтэй ажээ.

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүр ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, нөөц чийдэнгийн цуглуулгатай байх ёстой. Андорра улсад хүйтний улиралд зөвхөн өвлийн дугуйтайгаар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх бөгөөд тэр бүү хэл зарим уулын районуудад заавал халтиргаанаас хамгаалах гинжтэй явахыг шаарддаг байна.

 

Энэ улсад 24 цагийн үйлчилгээтэй шатахуун түгээгүүрийн газар цөөхөн байх ба ихэнх нь өглөөний 8:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилладаг байна. 1 литр “95” бензин 0.7 еврогийн үнэтэй байдаг нь европын бусад орнуудтай харьцуулахад хямд юм.

 

Андоррагийн ихэнх дүүргүүдэд тээврийн хэрэгслийн хурдыг “фоторадар” хэмээх тусгай багажны тусламжтайгаар хянадаг байна. Энэхүү төхөөрөмж нь хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг цаг тухайд нь бүртгэн авдаг бөгөөд үүний тусламжтайгаар тухайн автомашины эзэмшигчид (хэрэв тухайн автомашин хуулийн этгээдийн харъяалалд бүртгэлтэй байвал уг байгууллагын хаягаар) торгуулийн төлбөрийг хүргүүлдэг байна.

 

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд хүлээлгэсэн мөнгөн торгуулийг газар дээр нь бэлнээр барагдуулж болохоос гадна замын цагдаагийн ажилтны олгосон төлбөрийн даалгаврын хуудсаар банкны аль ч салбарт төлж болдог байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээр хэтрүүлсэн тохиолдолд 30 еврогоор торгох шийтгэл ногдуулна;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 1 промиллоос илүү байвал 4500 хүртэл еврогоор торгох буюу эсвэл 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»