ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Америкийн Нэгдсэн Улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Америкийн Нэгдсэн Улс засаг захиргааны 50 мужтай бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн онцлог ялгааг агуулсан Замын хөдөлгөөний дүрэмтэй. Аль нэг мужийнх нь дүрмээр зөвшөөрөгдсөн заалт нөгөө мужийн хувьд хориотой байх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл Америкийн Нэгдсэн Улс «Америкийн нэгдсэн дүрэм»-гүй юм. Иймээс энэ улсад очиж тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа бол тухайн оршин суух мужийнхаа Замын хөдөлгөөний дүрмийг судалж мэдэх шаардлагатай болно. Энэ шаардлага зөвхөн гадаадын иргэдэд гэлтгүй, нэг мужаас нөгөө муж руу шилжин суурьшихаар очиж буй америк иргэдэд ч хамаарна. Гэхдээ мэдээж муж хоорондын дүрмүүд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийтлэг үзэл баримтлал дээр үндэслэгдсэн байх тул ерөнхий агуулгууд нь ижил байна.

Америк дүрмийн гол шинж чанар нь аливаа ёс төдий норм, хэм хэмжээ, хэлбэр төдий зөвшөөрөл, хориглолтыг баталгаажуулахад зориулагдсан биш, жинхэнэ бодит сэтгэлгээгээр дагаж мөрдөхөд чиглэгдсэн байдгаараа ихэнх орны дүрмээс онцгой ялгардаг гэж олон улсын судлаачид үздэг юм. Мөн замын хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих явдалд саад болох, хөдөлгөөн хязгаарлах аливаа заалт, шаардлагуудаас аль болох зайлсхийсэн хандлагатай байдаг нь эрх чөлөөг эрхэмлэсэн орны дүр төрхийг илтгэх ажээ.

Дэлхийн ихэнх улс орнуудын замын хөдөлгөөн зохицуулалтын нийтлэг жишгийг харахад хөдөлгөөнд оролцогчдын харилцааны 70-80 хувь нь эрх зүйн хүчин зүйлээр, үлдсэн 20-30 хувь нь тухайн улс үндэстний соёл, ёс зүй, зан заншлаар зохицуулагддаг бол АНУ-ын хувьд энэ харьцаа бараг эсрэг ажээ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөн зохицуулалтын дийлэнх хэсэг нь энэ улсын иргэдийн ёс зүй, хүмүүжил, ухамсраар журамлагддаг байна. Ийм ч учраас АНУ-ын замын хөдөлгөөний дүрэм харьцангуй цөөн заалттай (замын тэмдгүүд нь ч цөөн) байх бөгөөд тэдгээр нь хууль цаазын хатуу шаардлага гэхээс илүү гол төлөв зөвлөмж, анхааруулга шинжтэй байдгаараа ихэнх орны дүрэм, журмуудаас онцгой ялгарна.

Тухайлбал: Зохицуулдаггүй уулзвар дээр «Түрүүлж ирсэн нь эхэлж нэвтэрнэ» гэсэн энгийн зарчим үйлчлэх бөгөөд энэхүү зарчим нь тухайн уулзварын өмнө зам тавьж өгөхийг сануулсан «STOP» буюу «ЗОГС», эсвэл «YIELD» буюу «ЗАМ ТАВЬЖ ӨГ» гэсэн тэмдэг тавиастай байхад ч мөрдөгддөг нь сонирхолтой.

Өөрөөр хэлбэл эдгээр тэмдэг нь уулзвар дээр хөдөлгөөний дараалал тогтоохоосоо илүү аюулгүй байдлыг хянуулахад чиглэгдсэн байдагт гол онцлог нь орших ажээ. Энэ ч үүднээс зарим зохицуулдаггүй уулзварын өмнө «STOP» ба «YIELD» тэмдгүүдийг уг уулзварт нийлж буй бүх зам дээр байрлуулсан байх нь цөөнгүй тохиолдоно. Хамгийн хачирхалтай нь АНУ-ын аль ч мужийн замын хөдөлгөөний дүрэмд “Гол зам”-ыг заасан буюу жолоочид хөдөлгөөний давуу эрх олгосон тэмдэг (тухайлбал, манай 3.1 ба 3.3.а,б,в тэмдэг) байхгүй юм. Энэ нь АНУ-ын хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл баримтлал, ардчилсан нийгмийн эрх зүйн үндсэн зарчимтай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцогч бүр “давуу эрхтэй” бөгөөд үндсэн хуулиар олгогддог энэхүү “эрх чөлөө”-г замын тэмдгээр “тунхагладаг” зүйл биш гэнэ. Мөн ардчилсан нийгэмд хууль тогтоомжоор хориглоогүй бүх зүйл зөвшөөрөгдөнө гэсэн зарчмын дагуу замын хөдөлгөөний дүрмээр хориглолт тогтоож хязгаарласнаас бусад бүх хөдөлгөөн нээлттэй байх тул зөвшөөрөгдөх үйлдлүүдийг тусгайлан зүйлчлэх буюу тэмдгээр баталгаажуулах шаардлагагүй гэнэ. Үнэхээр ч сайтар тунгаан бодоход «Гол зам» тэмдэг ерөөс хэрэггүй ч юм шиг. Учир нь нэгэнт л давуу эрхтэй юм бол тэмдэгтэй, тэмдэггүй түрүүлж нэвтэрч болно гэсэн үг биш үү. Гэхдээ бас тэмдэггүй бол уг уулзварыг адил замын уулзвар гэж андуураад баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх гээд байх юм биш үү гэсэн асуудал үүсч болох юм. Тэгвэл үүнээс л сэргийлж «Зогс», «Зам тавьж өгнө» тэмдгүүдийг араасаа танигдах хэлбэртэйгээр бүтээсэн биш үү. Өөрөөр хэлбэл уулзвар дээр хөндлөн замуудын өмнө цаашаа харсан найман талт тэмдэг буюу орой нь доошоо харсан гурвалжин тэмдэг байвал та түрүүлж нэвтэрч болно гэсэн үг шүү дээ. Дашрамд дурдахад манай улсын замын тэмдгийг хэрэглэх дүрмийн стандарт (MNS 4596:2007)-ын 4.4.5-д тусгагдсан «3.1, 3.3.а,б,в тэмдгүүдийг ... хэрэв тухайн гол замаар яваа тээврийн хэрэгслийн жолоочид уг огтлолцож буй замуудын шинж төлөв өдөр, шөнийн аль ч үед илт танигдахаар байвал байрлуулахгүй байж болно» гэсэн заалт дээрх санаатай утга нэг юм.

АНУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн бүлэгчлэл болон зүйлчлэл, мөн тэдгээрийн утга агуулгыг илэрхийлсэн байдал зэрэг нь европын орнуудын дүрэм болон манай замын хөдөлгөөний дүрмээс ихээхэн онцлог ялгаатай юм.

АНУ-ын ихэнх мужийн замын хөдөлгөөний дүрэмд нийтлэг тусгагдсан байдаг онцлог заалтуудаас түүвэрлэн дурдъя.

 

Замын гэрлэн дохионы хувьд:

- АНУ-ын ихэнх мужид улаан гэрэл дохиогоор баруун гар тийш эргэхийг (хэрэв тэмдгээр хориглоогүй бол) зөвшөөрнө. Тэр бүү хэл нэг чигийн хөдөлгөөнтэй замаас зүүн гар тийш эргэхийг ч зөвшөөрнө. Зарим мужуудад энэ заалтаа тодорхой болгохын тулд баруун гар тийш чиг заасан ногоон өнгийн сум бүхий байнгын асаалттай нэмэгдэл гэрэл дохиог суурилуулсан байдаг ажээ. Гэхдээ мэдээж ногоон гэрэл дохиогоор яваа бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж болохгүй. Улаан гэрэл дохиогоор баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн энэхүү заалтаа зарим уулзварын хувьд хязгаарлах шаардлага гардаг байна. Энэ үүднээс цагийн хязгаарлалт тогтоох юмуу эсвэл «No right turn on red» буюу «Улаан гэрлээр баруун гар тийш эргэхийг хориглоно» гэсэн бичиг бүхий нэмэлт тэмдгийг гэрлэн дохионы дэргэд байрлуулах хэрэг гардаг ажээ;

- улаан өнгийн сум бүхий гэрэл дохио нь тухайн заасан чигт эргэхийг хориглоно. Үндсэн улаан гэрэл дохиогоор баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн заалтаа хязгаарлах зорилгоор энэ гэрэл дохиог гол төлөв хэрэглэдэг байна;

- анивчсан улаан өнгийн гэрэл дохио нь уулзварын өмнө заавал зогсолт хийж, хөндлөн замаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл энэ гэрэл дохионы утга манай 3.5 «Зогсохгүй явах хориотой» тэмдгийн заалттай адил юм;

- таван гэрлээс бүрдсэн энэхүү гэрлэн дохиог АНУ-ын зарим мужуудад хэрэглэдэг ажээ. Сум заасан гэрэл дохионууд нь нэмэгдэл дохионы үүргийг гүйцэтгэх бөгөөд ногоон өнгийн сум нь хөдөлгөөнийг зөвшөөрөх, харин шар өнгийн сум нь анхааруулах утгыг агуулна;

- гэрлэн дохио ажиллаагүй байвал жолооч тухайн уулзварын өмнө заавал зогсолт хийж, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл ажиллагаагүй гэрлэн дохио нь тухайн уулзварт нийлсэн бүх замуудад «ЗОГС» тэмдэг байрлуулсантай адил утгыг агуулна.

АНУ-д сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэдэг шар автобусууд байх бөгөөд хүүхдүүдийг буулгах, суулгах үед уг автобусны дээд булангуудад анивчих шар буюу улаан өнгийн гэрлүүд нь бусад жолооч нарын хувьд замын гэрлэн дохиотой адил үйлчлэлтэй байдаг ажээ. Тухайлбал, анивчсан шар гэрэл нь анхаарлаа өндөржүүлж, зогсоход бэлэн байхыг, харин анивчсан улаан гэрэл нь нэн даруй зогсохыг шаарддаг байна. Энэ шаардлага нь тусгаарлах зурвасгүй замын хувьд эсрэг талын урсгалын тээврийн хэрэгслийн жолооч нарт ч хамаардаг ажээ. Калифорн мужид дүрмийн энэхүү заалтыг зөрчвөл 1000 доллароор торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах хүртэл хатуу шийтгэл хүлээлгэдэг байна.

 

 

- АНУ-ын ихэнх мужууд болон зарим улс орнууд түгээмэл хэрэглэдэг энэхүү гэрлэн дохиогоор явган зорчигчийн зам хөндлөн гарах хөдөлгөөнийг зохицуулна. Улаан өнгийн анивчсан гарны дүрс бүхий дохио нь зам хөндлөн гарахыг хориглоно. Харин явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн дохио нь цагаан өнгийн дүрстэй байна;

 

- энэ гэрлэн дохио нь дээрхийн адил хувилбар бөгөөд гагцхүү хэвтээ байрлалтайгаараа ялгаатай байна.

АНУ-ын зарим жижиг хотуудад явган хүний гарцын гэрлэн дохионууд гар удирдлага бүхий товчлууртай байна. Уг товчлуурын тусламжтайгаар явган зорчигч өөртөө зөвшөөрсөн гэрэл дохио (тээврийн хэрэгслийн өөдөөс улаан гэрэл дохио) асааж зам хөндлөн гарах бөгөөд явган зорчигчийг зам хөндлөн гарсны дараа гэрэл дохио автоматаар буцаж солигдоно. Ийм гэрлэн дохиог явган зорчигчийн хөдөлгөөн сийрэг, ялангуяа зам хөндлөн гарах явган зорчигч багатай замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг алдагдуулахгүй байх зориулалтаар хэрэглэдэг ажээ. Учир нь ийм гэрлэн дохионы байнгын горим нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нээлттэй байх бөгөөд гар товчлуурыг нь дараагүй тохиолдолд гэрэл дохио солигдохгүй тул явган зорчигчгүй үед жолооч гарцын өмнө шаардлагагүй зогсолт хийж саатах явдал үгүй ажээ.

 

Замын тэмдгүүдийн хувьд:

АНУ нь Замын дохио, тэмдгийн тухай 1949 оны Женевийн Протокол болон 1968 оны Венийн Конвенцийн алинд ч нэгдээгүй бөгөөд зөвхөн америкийн бүс нутгуудын хооронд байгуулсан «Америкийн орнуудын хоорондох автомашины хөдөлгөөний дүрмийн тухай» 1943 оны Вашингтоны Конвенцийн замын дохио, тэмдгийн системийг хэрэглэдэг юм.

Энэ системийг Хойд Америкийн орнуудаас гадна Өмнөд Америкийн улс орнууд ч мөн хэрэглэнэ. Иймээс эдгээр улсын замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлийн бүлэгчлэл, хэлбэр дүрс, утга агуулга нь Европ болон Азийн орнуудынхаас нилээд онцлог ялгаатай юм. Тухайлбал: Америкийн замын тэмдгүүд гол төлөв бичлэгэн элементүүдийг агуулсан байхаас гадна дүрслэл агуулсан тэмдгүүдээ ч бичгэн тайлбараар давхар баяжуулсан байдаг онцлогтой. Анхааруулах бүлгийн тэмдгүүд нь шар дэвсгэртэй ромбо хэлбэртэй байна. Хориглох тэмдэг нь дөрвөлжин хэлбэртэй байх бөгөөд дотор талд нь манайх шиг улаан хүрээтэй дугуй хэлбэрийн хориглох тэмдгийг дүрсэлсэн, эсвэл тухайн хорионы утга агуулгыг шууд бичиж тэмдэглэсэн байна. Ялангуяа хурдны хязгаарлал тогтоосон болон түр буюу удаан зогсохыг хориглосон утга бүхий тэмдгүүд нь европын тэмдгийн олон улсын стандартын хэлбэр, дүрслэлтэй огтхон ч адилгүй бөгөөд замын тэмдэг гэхээс илүү «зарлалын самбар» гэлтэй харагдана.

АНУ цөөн төрлийн замын тэмдгүүд хэрэглэнэ. Дээр өгүүлсэнчлэн “Гол зам” тэмдгээс гадна энэ улсад “Заах” бүлгийн тэмдгүүд огт байхгүй юм. Мөн баруун, зүүн гар тийш болон буцаж эргэхийг хориглосон гурван тэмдэг, зарим нэг мужид нь хэрэглэгддэг ганц хоёр төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан тэмдгийг үл тооцвол “Хориглох” бүлгийн тэмдэг ч бараг байхгүй юм. «STOP» ба «YIELD» гэсэн хоёр тэмдгийг нь “Дарааллын тэмдэг”-ийн бүлгийг бүрдүүлж чадна гэж үзвэл манай замын тэмдгүүдийн бүлэгчлэлээр энэ улс ердөө “Дарааллын тэмдэг”, “Анхааруулах тэмдэг”, “Мэдээлэх тэмдэг” гэсэн гурван төрлийн тэмдэгтэй гэж хэлж болох юм. Нэмэлт тэмдэг хэрэглэдэг мэт харагдавч тэр нь манайх шиг биш, зөвхөн тухайн үндсэн тэмдгийн дүрслэлийг бичгээр давхар илэрхийлэх зориулалттай “бичлэгэн самбар” юм.

АНУ-д хэрэглэдэг замын тэмдгүүдийн загвараас түүвэрлэн сонирхуулъя:

 

ДАРААЛЛЫН ТЭМДЭГ

 

АНХААРУУЛАХ ТЭМДГҮҮД

 

 

ХОРИГЛОХ ТЭМДГҮҮД

 

НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭМДЭГ

 

ТӨМӨР ЗАМЫН ГАРМЫН ТЭМДЭГ

 

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭМДЭГ

 

ЗАСВАРЫН АЖЛЫН ТЭМДГҮҮД

 

МЭДЭЭЛЭХ ТЭМДГҮҮД

 

Замын тэмдэглэлүүдийн хувьд:

АНУ-д замын хэвтээ болон босоо тэмдэглэлүүдийг өргөнөөр хэрэглэнэ. Хөдөлгөөний нэг чигт хандсан эгнээнүүдийн хоорондох хил болон зорчих хэсгийн гадна талын захыг цагаан өнгийн шугамаар тэмдэглэх бөгөөд харин эсрэг урсгалыг зааглахдаа шар өнгийн хос шугаман тэмдэглэлийг хэрэглэнэ. Шар өнгийн хос шугаман тэмдэглэл нь үргэлжилсэн хос буюу эсвэл үргэлжилсэн ба тасархай зэрэгцээ шугам байна. Энэ тэмдэглэлийг гүйцэж түрүүлэх буюу буцаж эргэх зорилгоор үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглоно.

Харин үргэлжилсэн хос шар шугаман тэмдэглэлийг уулзвараар зүүн гар тийш эргэх болон тууш зам руу орох буюу түүнээс гарах тохиолдолд, мөн түүнчлэн баруун гар талын эгнээнд саад бий болсон үед давахыг зөвшөөрдөг байна.

Манай замын хөдөлгөөний дүрмээр эгнээг хамгийн баруун гар талаас нь эхэлж дугаарладаг бол АНУ-ын дүрмээр хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс эхэлж дугаарлана.

Өөрөөр хэлбэл хамгийн зүүн гар талын эгнээг «Хурдны эгнээ» буюу «Нэгдүгээр эгнээ» гэх бөгөөд түүний баруун гар талын эгнээнүүдийг «Хоёрдугаар эгнээ», «Гуравдугаар эгнээ» гэх мэтчилэн нэрлэнэ. Тухайн зам нь нэг чигтээ гурван эгнээгээр зорчдог бол аль болох дунд эгнээ буюу хоёрдугаар эгнээгээр байрлаж явахыг зөвлөмж болгожээ.

Харин шаардлагагүй тохиолдолд зүүн гар талын эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр байрлаж явахыг хориглох бөгөөд зөвхөн бусад тээврийн хэрэгслээс харьцангуй хурд ихтэй яваа болон гүйцэж түрүүлэх буюу зүүн гар тийш эргэхдээ уг эгнээг ашиглаж болох ажээ. Харин бусад тээврийн хэрэгслээс харьцангуй удаан яваа болон баруун гар тийш эргэх буюу замаас гарахдаа хамгийн баруун гар талын эгнээ буюу гуравдугаар эгнээг эзлэх ёстой байна.

Замын хажуугийн хөвөө буюу хашлагыг тээврийн хэрэгслүүдийн түр буюу удаан зогсох журамд нийцүүлэн дор дурдсан өнгө бүхий шугамаар тэмдэглэдэг ажээ:

- цагаан өнгийн тэмдэглэл нь хүн буулгах буюу суулгах зорилгоор түр зогсохыг зөвшөөрнө;

- ногоон өнгийн тэмдэглэл нь хамт тавигдсан мэдээлэх тэмдгийн заасан хугацаагаар түр зогсохыг зөвшөөрнө;

- шар өнгийн тэмдэглэл нь ачаа ачих буюу буулгахад шаардагдах хугацаагаар түр зогсохыг зөвшөөрнө. Уг шаардагдах хугацааны хязгаарыг тухайн орон нутгийн замын хууль тогтоомжоор тогтоодог байна;

- улаан өнгийн тэмдэглэл нь зогсохыг хориглоно;

- хөх өнгийн тэмдэглэлтэй хэсэгт зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тээврийн хэрэгсэл зогсохыг зөвшөөрнө. Энэ тэмдэглэлийг тусгай тэмдгээр тодотгоно.

 

Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журмын тухайд:

АНУ-ын замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан уулзвар нэвтрэх журмууд нь гол төлөв анхааруулга, зөвлөмж шинжтэй байдаг нь ихэд сонирхолтой юм. Тухайлбал, уулзвар нэвтрэхдээ америкчууд дүрмийн дараахь зарчмыг ягштал мөрдөнө:

- Бусдаас урьтаж давуу эрх эдлэх гэж бүү зүтгэ. Хэрэв бусад жолооч нар дүрмийн заалтыг үл биелүүлэн таньд зам тавьж өгөхгүй байвал та хүлээцтэй хандаж, түүнд түрүүлж нэвтрэх боломж олго. Ингэснээрээ та учирч болох ослоос урьдчилан сэргийлж чадахаас гадна уулзвар нэвтрэх үйлдлээ илүү аюулгүйгээр гүйцэтгэх боломжтой болно;

- Өөрт оногдсон давуу эрхээ бүү хөсөрдүүл. Хэрэв бусад хөдөлгөөнд оролцогчид таньд зам тавьж өгвөл эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр уг боломжийг заавал ашигла. Ингээгүй тохиолдолд таны эргэлзээ бусдын хөдөлгөөнийг саатуулахад хүргэж болно;

- Явган зорчигчдод зам тавьж өг. Явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа буюу зам хөндлөн гарахаар завдан буй явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэхийн тулд тухайн уулзвар буюу гарцын өмнө заавал зогс. Уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг бүү гүйцэж түрүүл. Учир нь уг тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч таньд харагдахгүй байж болно. Явган зорчигч таныг харж байгаа нь таньд түрүүлж нэвтрэх боломж олгож байна гэсэн үг биш гэдгийг байнга санаж яв;

- Уулзвар руу түрүүлж орсон тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. «Зогс» буюу «Зам тавьж өг» тэмдэг байрлуулаагүй, зохицуулдаггүй уулзварт ойртон очихдоо хурдаа хасаж, зогсоход бэлэн байдалтай бай. Уулзвар руу урьтан орж яваа буюу нэгэнт орчихсон яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. Нэгэн зэрэг ирсэн тохиолдолд баруун гар талдаа яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. Тойрох хөдөлгөөнтэй уулзварын хувьд тойргийн дотор талд яваа, харин Т-хэлбэрийн уулзварын хувьд нэвт шулуун хөдөлгөөнтэй замаас яваа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй байна. Хэрэв тухайн уулзварт нийлсэн бүх замуудад «Зогс» тэмдэг тавигдсан байвал эхний ээлжинд уулзварын өмнө дор хаяж 3-5 секунд зогсох шаардлагатай бөгөөд дараа нь дээрх зарчмын дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Зүүн гар тийш эргэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өг;

- Шийдвэрээ бүү өөрчил. Уулзвар руу нэгэнт дөхөж очсон бол шийдсэн үйлдлээ (чигээрээ нэвтрэх гэсэн юмуу, аль нэг чигт эргэх гэсэн санаагаа) дуустал гүйцэтгэ. Тулж очоод шийдвэрээ өөрчлөх нь аюул дагуулна гэдгийг санаж яв. Хэрэв та буруу зүг рүү эргэчихсэн бол дараагийн уулзвар буюу буцаж эргэх газар хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүл.

 

Явган зорчигчийн давуу эрхийн тухайд:

АНУ-ын замын хөдөлгөөнд явган зорчигч болон унадаг дугуйчид ихэвчлэн давуу эрхтэй байна. Зохицуулдаггүй уулзвар дээр явган хүний гарцгүй байсан ч жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг хүлээнэ. Ер нь зорчих хэсэг рүү нэгэнт орчихсон яваа явган зорчигчийг замын аль хэсгээр хөндлөн гарч байгаагаас нь үл хамааран жолооч саадгүй өнгөрүүлэх үүрэгтэй. Ялангуяа явган зорчигч тухайн жолоочийн эзэлж яваа эгнээний хажуу дахь зэрэгцээ эгнээ рүү орчихсон яваа бол заавал зогсож урдуураа зам хөндлөн гаргах бөгөөд түүнийг нэг эгнээнээс илүү холдсон үед л хөдөлгөөнөө үргэлжүүлж болно.

Түүнээс гадна цагаан таяг барьсан буюу нохой хөтөлсөн яваа хараагүй хүмүүс замын аль ч хэсэгт давуу эрхтэй байна. Ийм хүмүүс рүү дуут дохио өгөхийг хатуу хориглох бөгөөд энэ нь хөтөч нохойг цочоож улмаар эзнийг нь төөрөгдөл, сандралд оруулах гэмтэй гэнэ.

 

Хурдны хязгаарлалын тухайд:

АНУ-д тээврийн хэрэгслийн хурдны хэмжээг “миль/цаг (mph - miles per hour)” гэсэн нэгжээр илэрхийлэх бөгөөд хөдөлгөөний хурдны хязгаарлалыг муж бүр нь харилцан адилгүйгээр тогтоосон байдаг юм. Тухайлбал: Калифорн мужийн замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаарлалыг ихэнх тууш замуудад 65 миль/цаг (104.6 км/цаг), зохих тэмдгээр хязгаарлал тогтоосон зарим тууш замуудад 70 миль/цаг (112.7 км/цаг), тусгаарлах зурвасгүй, эсрэг хөдөлгөөнтэй нарийн замд 55 миль/цаг (88.5 км/цаг) байхаар тогтоожээ. Үүнээс гадна хорооллын дотор болон хүүхдийн сургууль, тоглоомын талбайн ойролцоох замд 25 миль/цаг (40 км/цаг), замаас салж гарах гарц дээр 15 миль/цаг (24 км/цаг), чиргүүлтэй тээврийн хэрэгсэл 55 миль/цаг (88.5 км/цаг)-аас хэтрүүлэхийг хориглосон байна. Харин Вашингтон мужид тээврийн хэрэгслийн хурдны дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- сургуулийн ойролцоох замд 20 миль/цаг (32 км/цаг);

- хот болон суурин газрын доторхи замд 25 миль/цаг (40 км/цаг);

- орон нутгийн замд 50 миль/цаг (80 км/цаг);

- тууш замд 60 миль/цаг (96 км/цаг);

- трактор, ердийн хөсөг болон барилга замын машин, механизм 25 миль/цаг (40 км/цаг).

Гэхдээ АНУ-д тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалыг гол төлөв замын тухайн нөхцөл байдалд нийцүүлэн замын тэмдгээр тусгайлан тогтоосон байдаг ажээ. Хурдны зөвшөөрөгдсөн дээд хязгаарлал болон тухайн замын нөхцөл байдалд аюулгүй байх тохиромжтой хурдны хэмжээг 10 миль/цаг буюу цагт 15 км-ээс дээш хэтрүүлсэн, эсвэл шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөн саатуулсан үйлдлийг дүрмийн ноцтой зөрчилд тооцдог байна.

АНУ-ын замын хөдөлгөөний дүрмээр жолооч нарт «Тээврийн хэрэгслийнхээ хурдыг сонгохдоо дүрмийн заалт буюу замын тэмдгээр тогтоосон хурдны хязгаарлалыг мөрдлөг болгохоос илүүтэйгээр замын тухайн нөхцөл байдалд тохируул» гэж зөвлөжээ. Жишээлбэл, тухайн зам дээрх хөдөлгөөний урсгалтай ижил хурдыг сонгож явах, мөн замын бэрхшээлтэй нөхцөлд хурдны хэвийн хэмжээг дараахь байдлаар багасгаж явахыг сануулсан байна:

- замын гадаргуу нойтон үед 5-10 миль/цаг (8-15 км/цаг)-аар;

- цастай үед ойролцоогоор хоёр дахин;

- мөстсөн үед хамгийн бага хурдаар явахыг зөвлөжээ.

 

Гүйцэж түрүүлэх үйлдлийн тухайд:

Гүйцэж түрүүлэх үйлдлийг урд яваа тээврийн хэрэгслийнхээ зүүн гар талаар нь гүйцэтгэх бөгөөд баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвхөн дараахь тохиолдолд зөвшөөрчээ:

- үзэгдэх орчин чөлөөтэй, олон эгнээтэй замд уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай хангалттай байвал;

- хэрэв гүйцэгдэх гэж байгаа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхээр завдан буй бол.

Тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлэх тохиолдолд дуут дохио өгөхийг хоригложээ. Учир нь ийм тохиолдолд дуут дохио өгөх нь гүйцэгдэж буй тээврийн хэрэгслийн жолоочид зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаа мэт буруу сэтгэгдэл төрүүлэх бөгөөд ингэснээр тэрээр баруун гар тал руугаа шахаж аюултай байдал үүсгэж болзошгүй гэнэ.

Манай дүрэмд заасны нэгэн адил зүүн гар тийш эргэх дохио өгч байгаа тээврийн хэрэгслийг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг хоригложээ.

 

Түр буюу удаан зогсох журмын тухайд:

АНУ-ын зам дээр тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн ирмэг буюу захын шугаман тэмдэглэлээс 18 дюйм буюу ойролцоогоор 45 см-ээс ихгүй зайтайгаар байрлуулж зогсоох ёстой.

Хөдөлгүүрээ унтраагаагүй буюу зогсоолын тоормосыг идэвхжүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслээ орхиж явахгүй байхыг анхааруулжээ. Мөн уруу буюу өгсүүр зам дээр зогсоосон тээврийн хэрэгслээ өнхрөхөөс сэргийлэхийн тулд гар тоормосыг идэвхжүүлэхээс гадна урд дугуйгаа замын хашлага руу зохих байдлаар эргүүлэн ивүүлсэн байхыг шаардана. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд 80 доллароос багагүй хэмжээний торгууль ногдуулдаг ажээ.

Замын дараахь хэсгүүдэд түр буюу удаан зогсохыг хориглоно:

- уулзвар, явган хүний гарц, явган хүний зам дээр;

- гэрлэн дохио, «STOP» ба «YIELD» тэмдгүүдэд 30 фут буюу 9 м-ээс ойр зайд;

- явган зорчигчид зориулсан аюулгүйн аралд 20 фут буюу 6 м-ээс ойр зайд;

- гал унтраах станцын гарцанд 15 фут буюу 4.5 м-ээс ойр зайд;

- төмөр замын гарам дээр болон түүнд 50 фут буюу 15 м-ээс ойр зайд;

- замын тэмдгээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд замын зорчих хэсэг дээр;

- замын тэмдгээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд гүүрэн дээр болон хонгил дотор;

- замын тэмдгээр хориглосон аливаа газарт;

- замын хөдөлгөөнд саад болох аливаа нөхцөлд.

АНУ-ын ихэнх мужид тууш зам дээр 4 цагаас илүү хугацаагаар орхиж явсан жолоочийн тээврийн хэрэгслийг шалтгааныг нь үл харгалзан шилжүүлэн журамлах арга хэмжээ авдаг байна.

 

Дуут дохио өгөх журмын тухайд:

АНУ-ын замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн дуут дохиог зөвхөн гарцаагүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэж байхыг зөвлөмж болгоод «Эелдгээр өгсөн дуут дохио ч бусдад эсрэгээр ойлгогдож болохыг» анхааруулжээ.

Дуут дохиог дараахь тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрнө:

- зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дуут дохио зайлшгүй шаардлагатай байвал;

- ямар нэгэн үйлдэл хийхээр завдаж буй урд яваа жолоочийнхоо анхаарлыг өөртөө хандуулах зорилгоор;

- хөдөлгөөний дагуух үзэгдэлт 200 фут буюу ойролцоогоор 60 м-ийн дотор хязгаарлагдсан уулын замын нарийссан хэсэгт.

Дуут дохиог дараахь зорилгоор хэрэглэхгүй байхыг зөвлөжээ:

- урдаа яваа тээврийн хэрэгслийн жолоочийг хурдлуулах зорилгоор;

- хурдаа хасах буюу зогсох байдлаар зам тээврийн ослоос сэргийлэх боломжтой тохиолдолд. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослоос бултан зайлахын тулд «Эхлээд тоормосоо гишгэ, болмооргүй бол дуут дохио өг» гэсэн зарчмыг америкчууд мөрдлөг болгоно;

- бусад жолоочид гаргасан алдааг нь мэдүүлэх зорилгоор. Учир нь зэвүү нь хүрсэн жолооч илүү ноцтой алдаа гаргаж, зам тээврийн ослыг өдөөж болзошгүй гэнэ;

- бусдад уураа гаргах буюу бусдаар даажигнах зорилгоор.

 

Согтууруулах ундааны тухайд:

АНУ-ын Калифорн мужийн замын хөдөлгөөний дүрмээр жолооч нарт согтууруулах ундааг балга төдий хэрэглэсэн үедээ ч жолооны ард суухаас татгалзаж байхыг зөвлөмж болгоод 21 буюу түүнээс дээш насны жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг дараахь байдлаар тогтоожээ:

- энгийн тээврийн хэрэгсэл жолоодох үед 0.8 промилл;

- ачааны тээврийн хэрэгсэл жолоодох үед 0.4 промилл.

Харин 21 нас хүрээгүй жолоочийн хувьд 0.1 промилл байхаар тогтоожээ.

Гэхдээ энэхүү тогтоосон хэмжээг хэтрүүлээгүй л бол тээврийн хэрэгсэл жолоодож болно гэсэн үг хараахан биш бөгөөд хамгийн гол нь тухайн жолооч тээврийн хэрэгслээ аюулгүй жолоодох чадвараа алдаагүй байх нь чухал гэнэ. Учир нь спиртийн зөвшөөрөгдөх хэмжээ нь хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг байна.

АНУ-д согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр дараахь шийтгэлийг ногдуулж болзошгүй ажээ:

- 48 цагаас 6 сар хүртэл хугацаагаар хорих;

- 390-1000 доллароор торгох;

- жолоодох эрхийг 6 сараар хасах;

- жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байвал уг тээврийн хэрэгслийг 6 сар хураан авч, торгуулийн талбайд байлгасан зардлыг төлүүлэх.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх зөрчлийг 7 жилийн дотор давтан үйлдвэл илүү хатуу шийтгэл хүлээлгэдэг байна. Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход нь саад хийгээгүй буюу хөхүүлэн дэмжсэн этгээдийг мөн захиргааны хариуцлагад татдаг ажээ.

 

 

Хачирхалтай заалтуудын тухайд:

АНУ-ын замын хөдөлгөөний хууль, дүрмүүдийг судлах явцад энэ улсын мужууд өөр өөрийн замын хөдөлгөөний хууль, дүрэмдээ ямар нэгэн өвөрмөц, сонин, этгээд гэмээр заалт тусгахаар хоорондоо өрсөлддөг юм шиг санагддана. Учир нь муж бүрийн замын хөдөлгөөний дүрэм болон тээврийн холбогдолтой хууль, журамд аливаа нэгэн үл ойлгогдох оньсого мэт хачирхалтай заалтууд шигтгэгдсэн байх ажээ. Ялангуяа гадаадын хүмүүсийн ой тоонд буумгүй, ач холбогдол нь үл ухагдах, гайхалтай тэдгээр заалтууд нь ихэд сонирхолтойн дээр зөвхөн тухайн мужийн иргэдийн ёс суртахуун, зан заншил, ахуйн соёлд нийцүүлэн тусгасан юм болов уу гэж бодогдоно. Үнэн хэрэгтээ эдгээр заалтын ихэнх нь автомашин дөнгөж нийтийн хэрэглээ болж байсан эрт цагаас улбаатай бөгөөд тухайн үедээ ач холбогдол өндөртэй байсан бол өдгөө утга учиргүй мэт болжээ. Хэдий тийм ч өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа нь бас хачирхалтай санагддаг юм. Бодит амьдрал дээр сахин мөрддөг эсэх нь эргэлзээтэй, ийм нэгэн “тэнэгдүү” заалтуудаас нь түүвэрлэн сонирхуулъя:

- Алабама мужид: Зохих гэрлийг автомашиндаа бэхэлсэн тохиолдолд нэг чигийн хөдөлгөөнтэй замын эсрэг урсгал сөрж явахыг зөрчил гаргасанд тооцохгүй гэнэ. Энэ мужид автомашиныг хөл нүцгэн жолоодохыг хориглоно. Мөн Монтгомери хотын гудамжинд явган зорчигч борооны шүхэр дэлгэхийг хориглох бөгөөд энэ нь замаар яваа морьдыг үргээхээс сэргийлж байгаа хэрэг ажээ. Девон хотод нар шингэснээс хойш явган зорчигч ар нуруугаараа буруу харж явахыг хориглодог байна;

- Аризона мужид: Энэ мужийн Глендейл хотод автомашиныг ухрааж явуулахыг хориглоно. Мөн Уайтхолл хотод дугуйн дээр нь мөсөн хонхорцог тогтсон автомашинаар хөдөлгөөнд оролцохыг хориглох бөгөөд хачирхалтай нь энд хамгийн хүйтэн өвөл нь гэхэд л нэмэх температуртай байдаг ажээ;

- Арканзас мужид: Энэ мужийн Литтл Рок хотод хавчуургатай талхны зуушны газар (Sandwich Bar)-ын дэргэд оройн 21 цагаас хойш автомашины дуут дохио өгөхийг хориглоно;

- Вашингтон мужид: Замын хөдөлгөөнд оролцож яваа аливаа автомашины урд талд өдрийн цагаар улаан дарцаг, харанхуй үед улаан гэрэл барьсан хүн 50 фут буюу ойролцоогоор 15 м-ийн зайтай алхаж явах ёстой ажээ (Одоогоос 100 гаруй жилийн өмнө Англи улсад мөрдөгдөж байсан энэ журам өнөөг хүртэл АНУ-ын Вашингтон мужид хүчин төгөлдөр байна гэхээр итгэхэд бэрх юм. Мэдээж мөрддөггүй л байлгүй). Мөн энэ мужийн Сиэтл хотод автобус дотор эмэгтэй хүн эр хүний өвөр дээр сууж явбал 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ажээ. Харин өгзгөн доороо ямар нэгэн жийрэг буюу дэр тавьсан бол “зөрчил” гаргасанд тооцохгүй гэнэ. Үүнээс гадна автобус дотор дүүрэн устай загастай аквариум авч явахыг хориглох бөгөөд энэ нь загасанд санаа тавьж буй хэлбэр биш, харин зорчигчдын тав тухыг алдагдуулахаас сэргийлж буй арга хэмжээ ажээ. Вилбур хотын гудамжаар үзэмж муутай морь унаж явахыг хориглодог байна. Бас нэгэн инээдтэй заалт бол энэ мужийн Ванкувер хотод механикжсан тээврийн хэрэгсэл бүр тэвшиндээ зангуу (усан онгоц шиг) авч явах ёстой бөгөөд үүнийгээ ослын тоормослолт хийх үедээ ашиглах ёстой гэнэ (Яаж гэж үү? Арагшаагаа шидэхгүй юу);

- Виржиния мужид: Автомашиныг хөл нүцгэн жолоодохыг хориглосон заалтаа яагаад ч юм саяхан хүчингүй болгожээ. Энэ мужид тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх бүрдээ дуут дохиог заавал өгөх ёстой гэнэ. Виржиния Бич хотод унадаг дугуйг түүний жолооны гар дээр нь суусан байдалтайгаар унаж явахыг хориглоно. Мөн Уэйнесборо хотын төв гудамжаар эмэгтэй хүн автомашин жолоодож явах бол нөхөр нь автомашиных нь урд улаан дарцаг барьж явах шаардлагатай гэнэ (Нөхрийгөө бол дайрч болно гэсэн шиг аймшигтай журам байгаа биз!). Виктория хотын Майн Стрит гудамжаар дугуйт тэшүүрээр гулгахыг хоригложээ;

- Жоржия мужид: Хотын зөвлөлийн гишүүн хүн зөвлөлийн хурал явагдаж байх үеэр автомашин жолоодож яваад хурд хэтрүүлбэл шийтгэхгүй гэнэ (Хурал руугаа яарч яваа гэж ойлгож ёстой юм байлгүй дээ. Хурлаасаа хоцорчихоод яарч яваа нь хөдөлгөөний аюулгүй байдлаас чухал том “хүндэтгэх шалтгаан” ажээ). Мөн энэ мужийн Мариетта хотод автобус буюу суудлын автомашинаас нулимахыг хоригложээ (Ачааны автомашинаас бол болох л юм байх даа!);

- Иллинойс мужид: Энэ мужийн Крит хотод автомашины хөдөлгөөнийг хориглоно. Мөн Пеория хотод замын зорчих хэсэг дээр сагсан бөмбөгийн самбар зоохыг хоригложээ (Үнэхээр чухал заалт байгаа биз!);

- Индиана мужид: Хотын гудамжаар морь унаж явахыг хориглоно. Мөн энэ мужийн Эвансвиль хотын төв гудамжаар өдөр, шөнийн аль цагт автомашиныхаа гэрлийг унтрааж явах ёстой гэнэ;

- Калифорния мужид: Жолоочгүйгээр ямар ч автомашин 60 миль/цаг буюу ойролцоогоор цагт 100 км-ээс илүү хурдалж болохгүй гэсэн хууль үйлчилнэ. Эмэгтэй хүн гэрийн хувцас буюу халаадтайгаа автомашин жолоодвол хуулинд харшилна. Мөн хэрэглэж байгаа дотоожоороо автомашин угаахыг хориглоно. Аркдия хотод тогос шувуу зам хөндлөн гарахдаа “давуу эрхтэй” байна. Алхамбра хотын гудамжинд шөнийн цагаар автомашиныг тусгай зөвшөөрөлгүйгээр орхихыг хориглоно. Редлэндс хотод мотоциклоор явахыг хориглох бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд урд нь гэрэл барьсан хүн дагалдаж явах ёстой гэнэ. Дауни хотын гудамжинд автомашин угаахыг ерөөс хориглодог бол Сан Франциско хотод хуучин дотоожоор угаахыг хориглоно;

- Канзас мужид: Шөнийн цагаар явган зорчигч зам хөндлөн гарахдаа тусгай гэрэл цацруулагч элемент бүхий хантааз өмссөн байх үүрэгтэй ажээ (Ийм журам зарим орны замын хөдөлгөөний дүрэмд ч тусгагдсан байдаг юм). Энэ мужийн Лауренс хот руу орохынхоо өмнө адуу малд “анхааруулга” болгох үүднээс жолооч бүр дуут дохиогоо өгөх ёстой ажээ. Салина хотод асаалттай автомашиныг эзгүй орхиж явахыг хориглоно. Уичита хотын Дуглас болон Бродвейн гудамжны уулзвар дээр жолооч автомашинаасаа гарч агаарт гурван удаа хий буудаж дуу гаргасныхаа дараа хөдөлгөөнөө цааш үргэлжүүлэх ёстой гэнэ;

- Кентукки мужид: 40 кг-аас бага буюу 90 кг-аас дээш биеийн жинтэйгээс бусад ямар ч эмэгтэй хүн дотуур хувцастайгаа зам дээр гарч ирж болохгүй гэнэ. Энэ нь жолооч нарын анхаарлыг сарниулахаас сэргийлсэн утгатай юм болов уу гэтэл яг ч тийм биш юмаа. Учир нь уг эмэгтэй хэрэв цагдаагаар биеэ хамгаалуулсан юмуу эсвэл зэвсэглэсэн бол зам дээр гарч ирэхэд болохгүй зүйлгүй гэнэ;

- Колорадо мужид: Согтуугаар морь унахыг хориглоно (Ийм утга санаа манай Замын хөдөлгөөний дүрэмд ч агуулагдана. Учир нь “Жолооч” гэдэгт морь унаж замаар яваа хүнийг хамааруулж ойлгоно). Энэ мужийн хуулиар ням гаригт автомашин худалдаалах болон хар өнгийн автомашинаар хөдөлгөөнд оролцохыг (тухайлбал: Делавер хотод) хориглодог байна;

- Коннектикут мужид: Унадаг дугуйгаар 60 миль/цаг буюу ойролцоогоор цагт 100 км-ээс илүү хурдлахыг хориглоно. Хартфорд хотод явган зорчигч гар дээрээ явж зам хөндлөн гарахыг хориглоно. Хамгийн хачирхалтай нь Нью Брайтен хотод гал унтраах албаны автомашин шуурхай дуудлагаар явж байхдаа ч 25 миль/цаг буюу цагт 40 км-ээс илүү хурдлахыг хоригложээ;

- Луизиана мужид: Энэ мужийн Нью-Орлеан хотод эмэгтэй хүн автомашин жолоодох эрхгүй байна. Хэрэв зайлшгүй жолоодох шаардлагатай бол автомашиных нь урд түүний нөхөр туг даллаж явах ёстой гэнэ;

- Массачусетс мужид: Автомашины арын суудалд горилл сармагчин суулгаж явахыг хориглоно. Мөн Милфорд хотод автомашины цонх руу гэтэж харахыг хоригложээ;

- Миннесота мужид: Мотоцикл жолоодож яваа бүх эрчүүд цамц өмссөн байх ёстой гэнэ. Энэ мужийн Миннеаполис хотын Лэйк Стрит гудамжаар улаан өнгийн автомашинаар явахыг хоригложээ;

- Миссисипи мужид: Энэ мужийн Оксфорд хотод автомашины дуут дохио өгөхийг хориглох бөгөөд энэ нь морь үргээх гэмтэй гэнэ. Мөн автомашины дээр морин дээр мордож явахыг хоригложээ;

- Мичиган мужид: Тээврийн хэрэгслийг ням гаригт худалдаалахыг хориглодог байна;

- Монтана мужид: Жолооч ганцаараа автомашиндаа хонь авч явахыг хоригложээ. Ийм «хариуцлагатай ажил»-ыг ганцаараа гүйцэтгэж хэрхэвч болохгүй гэж нутгийн захиргаанаас үздэг гэнэ. Мөн энэ мужийн Уайтхолл хотын гудамжаар дугуйндаа мөс хагалах хэрэгсэл бэхэлсэн автомашинаар хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна;

- Невада мужид: Хурдны зам дээр тэмээгээр явахыг хориглоно;

- Нью Жерси мужид: Автомашинаар морьт сүйх тэргийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн жолооч өөрөө автомашиндаа шатахуун хийхийг хориглох бөгөөд үүнийг зөвхөн үйлчилгээний ажилтан л гүйцэтгэх ёстой гэнэ;

- Нью-Йорк мужид: Энэ мужийн Грин хотын гудамжинд концерт тоглогдож байх үед явган зорчигч явган хүний замаар самар цөмөн буруу харж гэдрэгээ явахыг хориглоно;

- Огайо мужид: Жолоочийн сурах бичигт зааснаар жолооч нь бусад автомашины хажуугаар зөрж өнгөрөх бүрдээ дуут дохиогоо өгөх ёстой ажээ. Гэтэл энэ мужийн Файервийер хотод дуут дохиог хэт их өгөхийг хоригложээ. Мөн Лоувэлл хотод мориор 5 миль/цаг буюу ойролцоогоор цагт 8 км-ээс илүү хурдтай явахыг хориглодог бол Мэрион хотын гудамжаар явган хүн боорцог идэнгээ ар нуруугаараа буруу харж явахыг хориглоно. Янгстон хотод автомашины шатахуун дуусах хориотой гэнэ. Мөн таксийн бүхээг дээр сууж явахыг хоригложээ;

- Оклахома мужид: Автомашины арын суудал дээр салфетка орхих, мөн нийтийн тээврийн автобус дотор загастай аквариум авч явахыг хориглоно. Загасгүй аквариум авч явж болох бөгөөд дотроо устай байх нь хамаагүй гэнэ. Мөн энэ мужид автомашин жолоодож яваа үедээ онигоотой ном уншихыг хоригложээ. Оклахома Сити хотын төвд гамбургер идэнгээ ар нуруугаараа буруу харж явахыг хориглоно. Юкон хотод тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ заавал дуут дохио өгөх ёстой гэнэ. Мөн хотын захиргааны барилгын нүүрэн талд морь аргамжиж орхихыг хоригложээ;

- Орегон мужид: Жолооч өөрөө автомашиныхаа баканд шатахуун хийхийг хориглоно. Кламаз Фоллс хотод явган хүний замаар зугаалж явахдаа могойн толгой руу таягаар цохиж алахыг хориглоно;

- Өмнөд Каролина мужид: Зохицуулдаггүй уулзварт ойртон ирсэн жолооч уг уулзвараас 100 фут буюу ойролцоогоор 30 метрийн өмнө зогсоод, ойртон ирж яваа ердийн хөсөгт анхааруулах үүднээс агаарт хий буудаж дохио өгөх ёстой гэнэ. Чарльстон хотын Кинг Стрит гудамжаар автомашин жолоодож явахыг хориглодог байна;

- Пенсильван мужид: Тээврийн хэрэгслийг ням гаригт худалдахыг хориглоно. Харанхуй үед хөдөөгийн замаар явж байгаа жолооч бүр миль тутамд зогсож, дохионы пуужин буудаад 10 минут азнасныхаа дараа хөдөлгөөнөө цааш үргэлжүүлэх ёстой гэнэ. Энэ нь зам дээрээс мал, амьтанг хөөж байгаа явдал ажээ. Питтсбург хотод трамвай дотор илжиг, луус оруулахыг хориглоно. Тарентум хотод зогсоолын төлбөрийн тоолуураас морь аргамжиж орхихыг хориглодог байна;

- Род Айсленд мужид: Трамвай руу давстай ус цацахыг хориглоно. Уулын уруу автомашинаар гулгах (араа буюу авцуулах холбоог салгаж буух)-ыг хориглоно. Мөн тууш зам дээр морин уралдаан зохион явуулах буюу морины хурд шалгахыг хоригложээ;

- Теннесси мужид: Автомашины цонхоор халим агнаж болдог гэвэл та итгэх үү? Теннесси мужийн хуулиар автомашины явдал дунд цонхоор халимнаас бусад шувуу буудахыг хоригложээ. Үүнээс үүдэн «Автомашины цонхоор халим шиг шувуу буудъя гэвэл Теннессид зочил» гэсэн хэлц үг ч гарсан гэнэ. Мөн энэ мужийн дүрмээр жолооны ард унтахыг хориглоно. Фейетт Каунти хотод асдаггүй автомашин нэг хүний эзэмшилд таваас олон байхыг хоригложээ;

- Техас мужид: Энэ мужийн Ричардсон хотын гудамжаар автомашин дээрээ «Зарна» гэсэн бичиг нааж явахыг хориглодог ажээ. Мөн Тэмпл хотын төв талбай дээр хоёр дугуйтай сүйх тэргээр явахыг, харин Тексаркана хотод шөнийн цагаар ард талдаа гэрэлгүй морь унаж явахыг тус тус хориглодог байна;

- Флорида мужид: Тоолууртай зогсоол дээр заан аргамжиж орхисон тохиолдолд зогсоолын төлбөр төлөх шаардлагатай болдог гэнэ. Мөн энэ мужид жолоочийн үнэмлэхгүйгээр скейтээр явахыг хориглоно. Сарасота хотод дуут дохиогоор тоноглогдоогүй унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцохыг хориглох мөртлөө дуут дохиогоо хэрэглэхийг нь зөвшөөрдөггүй байна;

- Хойд Каролина мужид: Энэ мужийн Элон Колледж хотод өдрийн цагаар замын зорчих хэсэг болон явган хүний зам дээгүүр дугуйт тэшүүрээр гулгахыг хориглоно. Мөн Форест Сити хот руу орохын өмнө жолооч автомашинаа зогсоогоод, хотын захиргаа руу утасдаж уг хотын оршин суугчид гэрээсээ гарч амжсан болон морьдоо хураасан эсэхийг асууж лавлах ёстой бөгөөд хэрэв амжаагүй байвал хот дундуур явахаа түр азнах ёстой гэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»