ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Австрали улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Австрали улс Английн колони байх үеэсээ л замын зүүн гар талын хөдөлгөөний журмыг мөрдлөг болгож, өдгөө хүртэл энэ өв уламжлалаа хэвээр хадгалсаар иржээ. Сонирхолтой нь Англи улс манайх шиг улаан хүрээтэй гурвалжин хэлбэрийн анхааруулах тэмдэг хэрэглэдэг бол Австрали улс шар дэвсгэртэй ромбо хэлбэрийн анхааруулах тэмдгийг хэрэглэнэ. Энэ улс Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенцийг хэрэгжүүлдэг бөгөөд 1968 оны Венийн Конвенцид нэгдэж ороогүй улс юм.

 

 

 

 

 

 

 

Австрали улс өргөн уудам нутагтайн дээр цөл болон зэлүүд газар элбэгтэй тул тээврийн хэрэгслээр холын аялал хийхдээ зарим зүйлийг анхаарах шаардлагатай гэнэ. Тухайлбал: Цөл болон хүн ам суурьшдаггүй зэлүүд нутгуудад шатахуун түгээх газар болон автомашины засвар үйлчилгээний газрууд хамгийн ойрдоо гэхэд л 100-150 км-ийн зайтай тааралдах тул шатахууны нөөц болон запас дугуйгаа сайтар базаасан байх шаардлагатай ажээ. Тэр бүү хэл дэлгүүр, хоршоо, худалдааны газрууд ойрхон тааралдах нь ховор тул ундны усаа нөөцөлсөн байх нь чухал гэнэ.

Мөн холын замд гарахаасаа өмнө аяллынхаа чиглэлийг хэн нэгэн хүнд зайлшгүй мэдэгдэж үлдээх шаардлагатай бөгөөд зэрлэг ан амьтантай тулгарахаас байнга сэрэмжилж, замын тэмдгүүдийг дагаж явах нь зүйтэй гэнэ.

 

Энэ улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 60 км;

- суурин газрын гаднах замд цагт 100 км;

- тууш замд цагт 130 км.

 

Австралийн Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ заавал зүүсэн байх үүрэгтэй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож яваа болон дүрмийн шаардлагаар зогсолт хийж байх үедээ (тухайлбал, гэрлэн дохионы өмнө зогсож байх үедээ) “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утсаар ярихыг хориглоно.

 

Дараахь замын хэсгүүдэд түр ба удаан зогсохыг хоригложээ:

- “Түр зогсох хориотой” тэмдэгтэй буюу үргэлжилсэн шар шугамтай замын захад;

- гэрлэн дохиотой уулзварт 20 м-ээс ойр зайд;

- гэрлэн дохиогүй уулзварт 10 м-ээс ойр зайд (Т-хэлбэрийн уулзварын хажуугаас нь нийлсэн зорчих хэсгийн эсрэг талд зогсохоос бусад тохиолдолд);

- тээврийн хэрэгслүүдийн орох, гарах хаалгыг таглаж;

- явган хүний зам, тусгаарлах зурвас, таримал зүлэг дээр;

- явган хүний гарц дээр болон түүний өмнө 20 м, гарцын цаана 10 м-ээс дотогш зайд;

- төмөр замын гарам дээр болон түүнд 20 м-ээс ойр зайд;

- автобусны буудлын өмнө 20 м, буудлын цаана 10 м-ээс дотогш зайд;

- гүүрэн дээр болон хонгил дотор;

- суурин газрын гаднах замд хөдөлгөөний дагуух үзэгдэлт 100 м-ээс бага байх эргэлт тойруу дээр;

- өөр ангиллын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээ дээр (тухайлбал: автобусны эгнээ, унадаг дугуйн эгнээ дээр);

- шуудангийн хайрцагт 3 м-ээс ойр зайд;

- өөр төрлийн тээврийн хэрэгслийн зогсоолд зориулсан талбай дээр (тухайлбал: унадаг дугуй, мопедын зогсоол болон тахир дутуу хүний автомашинд зориулсан зогсоол дээр) гэх мэт.

 

Австрали улсад Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулахаас гадна торгуулийн оноогоор шийтгэх систем үйлчилнэ. Торгуулийн 12 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд жолоодох эрх хасах шийтгэл хүлээлгэдэг байна. Хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 15 км хүртэл хэмжээгээр хэтрүүлбэл торгуулийн 1 оноо, цагт 15-30 км-ээр хэтрүүлбэл торгуулийн 3 оноо, цагт 30-45 км-ээр хэтрүүлбэл 4 оноо, харин цагт 45 км-ээс дээш хэмжээгээр хэтрүүлбэл торгуулийн 6 оноогоор тус тус шийтгэнэ.

Тээврийн хэрэгслийн холын гэрэл хэрэглэх журам зөрчсөн буюу харанхуй үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг асаалгүйгээр хөдөлгөөнд оролцсон, мөн тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг бариагүй (жолооч нь урд яваа тээврийн хэрэгслээсээ 5 м-ээс багагүй хэмжээний хоорондын зайг барьж явах ёстой) зэрэг зөрчлүүдэд торгуулийн 1 оноогоор шийтгэнэ. Харин хөдөлгөөний маневр хийхдээ эргэх чиг заадаг дохио өгөөгүй, эсвэл зүүн гар талын эгнээ чөлөөтэй байхад баруун гар талын эгнээгээр явсан, өөрөөр хэлбэл зорчих хэсгийн зүүн гар талын захад аль болох ойр явах журмыг зөрчсөн (Австрали улс замын зүүн гар талын хөдөлгөөнтэй гэдгийг дахин сануулъя) гэх мэт тохиолдолд торгуулийн 2 оноогоор шийтгэнэ.

Дараахь зөрчлүүдэд торгуулийн 3 оноогоор шийтгэнэ:

- хамгаалах бүсээ зүүгээгүй;

- мотоцикл, унадаг дугуйгаар зорчихдоо хамгаалах малгай өмсөөгүй;

- эсрэг урсгал сөрсөн;

- явган хүний гарц дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн;

- хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн;

- явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөөгүй;

- давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод уг эрхийг нь эдлүүлээгүй (тухайлбал: Дарааллын тэмдгийн заалтыг үл ойшоосон);

- чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулсан эгнээгээр явсан;

- тээврийн хэрэгслийг хайнга жолоодсон;

- гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ хурд хэтрүүлсэн гэх мэт.

 

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагыг чангатгаж буй хэлбэр болох хуулийн нэгэн сонин заалт Австрали улсад бий. Энэ нь бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан этгээдэд ногдуулах шийтгэлийг хоёр дахин нэмэгдүүлэн хүлээлгэдэг заалт юм. Үүнд зөвхөн торгуулийн оноо хамаарагдаад зогсохгүй мөнгөн торгууль болон бусад захиргааны шийтгэлүүд (эрх хасах, хорих гэх мэт) нь ч хамаарагддаг байна. Түүнээс гадна замын цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн буюу түүнтэй сөргөөцөлдсөн тохиолдолд шийтгэлийн хэмжээ мөн хоёр дахин өсөж ч болзошгүй гэнэ.

 

Австралийн замын цагдаа нар үргэлж зэвсэглэсэн байдаг бөгөөд сэжигтэй этгээдийг ямар нэгэн анхааруулгагүйгээр шууд буудах эрхтэй байдаг гэнэ. Цагдаагийн дохиогоор зогссон жолооч автомашинаасаа гарахгүй байх ёстой. Ийм журам олон оронд үйлчилдэг. Хэрэв автомашинаасаа гарах шаардлагатай бол гараа ил гаргах ёстой бөгөөд аль нэг гараа халаас буюу энгэртээ хийсэн байвал цагдаагийн зүгээс аюултай хариу үйлдэл үзүүлж болзошгүйг анхаарвал зохилтой. Гэхдээ Австралийн замын цагдаа нар эелдэг, найрсаг, хүндлэмтгий зан чанарыг эрхэмлэсэн хүмүүс байдаг бөгөөд ямар нэгэн тохиролцоо, найраагүй, шулуун шударга чанараараа онцгой ялгардаг гэнэ.

 

Австралийн хуулиар жолоочийн цусан дахь спиртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ тухайн жолоочийн жолоодох эрхийн ангиллаас хамааран 100 мл цусанд 0.02-0.05 грамм буюу 0.2-0.5 промилл байна.

 

Торгуулийн төлбөрийг бэлэн мөнгөөр тооцдоггүй бөгөөд зөвхөн банкаар буюу кридет картаар төлөх шаардлагатай болдог гэнэ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Замын хөдөлгөөний дүрмийн ноцтой зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх Австралийн хуулийн хариуцлагаас түүвэрлэн толилуулъя. Жич: Мөнгөн торгуулийн хэмжээ нь австрали доллароор илэрхийлэгдэнэ:

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.2-0.5 промилл (гэхдээ энэ хэмжээ зарим ангиллын эрх бүхий жолоочид зөвшөөрөгдөнө гэдгийг анхаарах хэрэгтэй) байвал 1100 хүртэл доллароор торгох ба 6 сараас дээш хугацаагаар эрх хасах шийтгэл ногдуулна;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.5-0.8 промилл байвал анх удаагийн тохиолдолд 1100 хүртэл доллароор торгож, 6 сараас дээш хугацаагаар эрх хасах бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 2200 хүртэл доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасах шийтгэл ногдуулна. Мөн шүүхийн шийдвэрээр хорих ял оноох үндэслэлтэй байна;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.8-1.5 промилл байвал анх удаагийн тохиолдолд 2200 хүртэл доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 9 сар хүртэл хугацаагаар хорих бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 3300 хүртэл доллароор торгож, 2 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- жолоочийн цусан дахь спиртийн агууламж 1.5 промиллоос дээш байвал анх удаагийн тохиолдолд 3300 хүртэл доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 18 сар хүртэл хугацаагаар хорих бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 5500 хүртэл доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол анх удаагийн тохиолдолд 2200 хүртэл доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 9 сар хүртэл хугацаагаар хорих бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 3300 хүртэл доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол анх удаагийн тохиолдолд 3300 хүртэл доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 18 сар хүртэл хугацаагаар хорих бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 5500 хүртэл доллароор торгож, 5 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 2200 доллароор торгох буюу эсвэл шүүхийн шийдвэрээр хорих ял оноох үндэслэлтэй байна. Харин энэ хэргийг давтан үйлдсэн бол 3300 хүртэл доллароор торгох буюу 18 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ;

- хурд хэтрүүлж хөдөлгөөнд аюултай байдал үүсгэсэн бол анх удаагийн тохиолдолд 2200 хүртэл доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 9 сар хүртэл хугацаагаар хорих бөгөөд харин давтан үйлдсэн тохиолдолд 5500 хүртэл доллароор торгож, 5 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ;

- зам тээврийн ноцтой осол гаргасныхаа дараа тээврийн хэрэгслээ зогсоолгүйгээр зугтсан буюу осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлээгүй бол 3300 хүртэл доллароор торгох буюу 3 жилээс дээш хугацаагаар эрх хасах, эсвэл 18 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»