ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Өмнөтгөл ба дүгнэлт

 

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, судалгааны албанаас дэлхийн улс орнуудын замын хөдөлгөөний зохион байгуулалт, дэвшилтэт бодлого, ололт амжилтуудын талаархи сүүлийн үеийн мэдээлэл, технологийг эрэн сурвалжлахаас гадна хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн чиглэлээр шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол явуулдаг юм. Тус ажлын хүрээнд дэлхийн олон орны замын хөдөлгөөний эрх зүйн баримт бичгүүдийг цуглуулан шинжиж, судалгааны нилээд олон материалуудыг эмхтгэн боловсруулсан бөгөөд эдгээр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионы үндэсний стандартуудыг шинэчлэх ажлын хүрээнд өргөнөөр ашиглагдсан билээ.

 

Тус хүрээлэнгээс дэлхийн хөгжингүй орнуудын замын хөдөлгөөний хууль, дүрэм, тухайлбал, Англи, Франц, Итали, Герман, Швед, Швейцар, Финлянд, Орос зэрэг европын орнууд, Япон, Хятад, Солонгос, Казахстан, Узбекистан, Арабын Эмират, Израиль зэрэг азийн орнууд, мөн Америкийн Нэгдсэн Улсын ихэнх муж болон Египет, Австрали зэрэг бусад тивийн орнуудын замын хөдөлгөөний хууль, эрх зүйн актуудыг харьцуулан шинжиж эмхтгэн боловсруулсан түүвэр судалгааны материалуудаас энэхүү цахим мэдээллийн буланд дэлхийн 40-өөд орны Замын хөдөлгөөний хууль, дүрмийн онцлог заалтууд болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагын талаархи сонирхолтой мэдээллүүдийг хураангуйлан толилуулж байна.

 

Гадаад улс орнуудын замын хөдөлгөөний хууль, дүрмүүдийг харьцуулан судлах явцад хөдөлгөөний аюулгүй байдлын олон улсын нийтлэг хэв шинж, үзэл баримтлал тодрон харагддаг юм. Өөрөөр хэлбэл аль ч орны замын хөдөлгөөний дүрэм олон улсын нийтлэг хэв загварт, тэр дундаа замын хөдөлгөөний тухай олон улсын гэрээ, хэлэлцээр (1949 оны Женевийн Конвенц болон 1968 оны Венийн Конвенц)-ийн утга агуулгад тулгуурласан байдаг тул зарчмын том ялгаанууд ажиглагддаггүй юм. Тухайлбал: Аль ч оронд улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглож, ногоон нь зөвшөөрнө. Үүний эсрэг зохицуулгатай улс орон нэг ч байхгүй. Мөн хориглох тэмдгийн улаан өнгө аль ч улсад хадгалагдах бөгөөд жолоочийн согтууруулах ундааны хэрэглээтэй бүгд л тэмцэнэ. Улс орон бүр тээврийн хэрэгслийн хурдад хязгаарлал тогтоож, хурд хэтрүүлсэн зөрчилд шийтгэл хүлээлгэнэ. Энэ бүх ижил зохицуулалтын цаана хөдөлгөөний аюулгүй байдлын нийтлэг шаардлага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн нэгдмэл үзэл санаа үйлчилж байгаа нь ойлгомжтой. Мэдээж үндэсний хэв шинжтэй онцлог зүйл, заалт, зохицуулалтууд тусгагдсан байх боловч хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн журмууд нь нийтлэг шинжтэй байдаг юм. Судалгааны харьцуулалтаас харахад Монгол Улсын өнөөгийн мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэм ч гадаад орнуудынхаас огт дутахгүйгээр барахгүй, зарим нэг улсынхтай харьцуулахад орчин үеийн шаардлагад илүү сайн нийцсэн нарийн зохицуулалттай болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл та бидний өдөр тутам мөрдлөг болгодог замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг журмууд дэлхийн бусад оронд ч мөн адил үйлчилдэг юм.

Иймээс энэхүү цахим мэдээллийн буландаа бид аль болох тухайн орны үндэсний хэв шинжтэй, онцлог, сонирхол татахуйц заалтуудыг түүвэрлэн оруулахыг хичээж, харин нийтлэг хэв шинжтэй заалтуудыг нуршихаас зайлсхийсэн болно. Мөн гадаад улс оронд очиж тээврийн хэрэгсэл жолоодох иргэддээ тухайн орны замын хөдөлгөөнд зөв чиг баримжаатай оролцоход нь хэрэг болохуйц мэдээлэл өгөхийг зорилоо.

 

Энэхүү буланд орсон гадаад улс орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль эрх зүй болон хөдөлгөөний зохион байгуулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу мөн тухайн улсын замын хөдөлгөөний дүрмийг бүрэн эхээр нь уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандаарай. Мөн таны оршин суугаа гадаад орны замын хөдөлгөөнд оролцоход бидний монголчуудын хувьд мэдвэл зохих, анхаарууштай, онцлог, сонин гэмээр эрх зүйн ямар зохицуулалт, ёс заншил амьдрал практик дээр мөрдөгддөг талаар манай цахим шууданд мэдээлэл илгээхийг хилийн чанадад байгаа нутаг нэгтэнгүүдээсээ хичээнгүйлэн хүсье.

 

Түүвэр судалгаа..»»