ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Япон улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Япон улс замын зүүн гар талын хөдөлгөөнтэй. Тийм ч учраас энэ улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын ихэнх нь баруун гар талдаа жолооны хүрдтэй байдаг. Ялангуяа дотооддоо үйлдвэрлэж байгаа бүх автомашиныг баруун гар талдаа жолооны хүрдтэйгээр бүтээдэг бөгөөд харин дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа гадаад брэндийн автомашинууд нь уламжлалт ёсоор зүүн гар талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл ийм автомашинуудыг баруун гар талдаа (японы хувьд зөв талдаа) жолооны хүрдтэй болгож өөрчлөхийг шаарддаггүй бөгөөд энэ нь нэг ёсны гадаадын автомашин гэдгийг гэрчлэн харуулах тэмдэг болдог байна. Энэхүү сонирхолтой ёс нь тэр байтугай баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэдэг Британий автомашинд ч хүртэл хамаардаг гэнэ. Харин АНУ-ын зарим үйлдвэр Японы зах зээлд зориулан баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин үйлдвэрлэж байсан боловч төдий л их амжилтанд хүрээгүй ажээ. Японд гадаад брэндийн автомашин тархахын хэрээр баруун гар талдаа жолооны хүрдтэй үндэсний загваруудыг эрхэмлэх үзэл улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ.

 

 

Япон улсын замын тэмдгүүд дээр ихэвчлэн дүрслэл зонхилсон байдаг тул ойлгоход хүндрэлтэй биш юм. Ихэнх хориглох тэмдгүүд дээр нь улаан ташуу зураас байдгийг эс тооцвол хориглох ба тусгайлан заах тэмдгүүдийн дүрслэл болон утга нь манай замын тэмдгүүдтэй нэн төстэй. Гэхдээ мэдээж зарим нэг тэмдгүүд ялгаатай. Тухайлбал: “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдэгт зэрэгцээ хоёр автомашины дүрс биш харин жижиг сумыг тойрон гүйцэж буй (гэхдээ баруун гар талаар нь) том тахир сум дүрсэлсэн байна. Мэдээж “Буцаж эргэх хориотой” тэмдгийн сумны толгой аль тал руугаа муруйсан байх нь ойлгомжтой. Мөн “Автобусны хөдөлгөөн хориотой”, “Гар тэргэнцрийн хөдөлгөөн хориотой” тэмдгүүд нь манайд байхгүй юм.

Манай замын тэмдгүүдээс гадаад хэлбэрээрээ ялгаатай тэмдгүүд нь анхааруулах бүлгийн тэмдгүүд юм. Японы анхааруулах тэмдгүүд нь шар дэвсгэртэй ромбо хэлбэртэй бөгөөд харин доторхи дүрслэл болон агуулга нь бараг ялгаагүй ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Японд замын эсрэг урсгалыг зааглахдаа үргэлжилсэн шугаман тэмдэглэл хэрэглэхээс илүүтэйгээр тусгаарлах зурвас (зүлэг) буюу хашлагыг ашиглах нь түгээмэл ажээ. Үүнээс гадна эржгэр хээн гадаргуутай төмөрлөг хучилтаар эсрэг урсгалын зааг болон замын хажуугийн ирмэгийг хөдөлгөөний дагуу чигт тоноглосон байдаг нь илүү үр өгөөжтэй хэрэгсэлд тооцогддог байна. Ийм «тусгаарлах зурвас»-ыг «хэвтээ цагдаа» хэмээн егөөдөн нэрлэдэг ба ямар ч жолооч тэрхүү дэржигнүүр дээгүүр давхихыг хүсдэггүй гэнэ. «Хэвтээ цагдаа»-г мөргөнө гэх аюул байдаггүй тул хөдөлгөөний аюулгүй байдалд аливаа хашилт, хаалтаас илүү нийцтэй байдаг байна.

 

 

Япон улс хэдийгээр замын зүүн гар талын хөдөлгөөнтэй боловч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенц (Женев, 1949)-д нэгдсэн орон учраас замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг шаардлага, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ерөнхий журмууд нь бусад орныхтой адил юм. Ер нь замын хөдөлгөөний олон улсын нийтлэг журмууд тухайн улс орны зам аль гар талын хөдөлгөөнтэйгөөс үл хамаарна. Иймээс Японы замын хөдөлгөөний дүрэм Монголынхоос эрс ялгаатай гэж ойлгож болохгүй юм. Мэдээж зарим ялгаатай зүйлүүд байлгүй яахав. Тухайлбал: Манай дүрмээр гүйцэж түрүүлэх үйлдлийг урд яваа тээврийн хэрэгслийнхээ зүүн гар талаар нь гүйцэтгэдэг бол Японд баруун гар талаар нь гүйцэтгэнэ. Манайд тойрох хөдөлгөөнтэй уулзварыг нэвтрэх чиг цагийн зүүний эсрэг байдаг бол Японд цагийн зүүний дагуу байна. Манайд уулзвараар баруун гар тийш эргэх хялбар, харин зүүн гар тийш эргэх үйлдэл эсрэг хөдөлгөөнтэй огтлолцдог тул бэрхшээлтэй байдаг. Тэгвэл Японд эсрэгээр. Өөрөөр хэлбэл зүүн гар тийш эргэх нь хялбар бөгөөд харин баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалтай огтлолцож, хөндлөн замынхаа цаад урсгал руу орох тул бэрхшээлтэй байна.

 

 

Гэхдээ эдгээр ялгаанууд нь зөвхөн зорчих баримжаатай холбогдон үүсэх бэрхшээл юм. Харин хөдөлгөөний нийтлэг журмууд, тухайлбал, зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх, уулзвар нэвтрэх, явган хүний гарц нэвтрэх, түр буюу удаан зогсох, төмөр замын гарам нэвтрэх, механикжсан тээврийн хэрэгсэл чирэх, гэрэл хэрэглэх, хүн ба ачаа тээвэрлэх гэх мэт журмууд нь манай дүрмийн заалт, шаардлагуудтай нилээд ойролцоо байна.

 

Япон улсад замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл бүр ослын зогсолтын тэмдэг буюу анивчдаг гэрэл, галт утаат дохионы хэрэгсэл, гар чийдэн, эмийн сан зэрэг зүйлстэй байх ёстой.

 

Япон улс тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 60 км (мопедын хувьд цагт 30 км);

- суурин газрын гаднах замд цагт 80 км;

- тууш замд суудлын автомашин, автобус, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин, мотоцикл цагт 100 км, харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин болон гурван дугуйт тээврийн хэрэгсэл цагт 80 км;

- механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 30 км;

- чиргүүлтэй мотоцикл цагт 25 км.

 

 

Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдлууд:

- “Гүйцэж түрүүлэх хориотой” тэмдэг бүхий замын хэсэгт;

- эсрэг урсгал сөрөхөөр бол замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дээр буюу өгсүүр хэсгийн төгсгөл дээр;

- 10% буюу түүнээс илүү хэмжээгээр уруудсан замын хэсэгт;

- хонгил дотор;

- адил замын уулзвар дээр буюу түүнд хүртэл 30 м-ээс ойр зайд;

- төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 30 м-ээс ойр зайд;

- явган хүний гарц дээр буюу түүнд хүртэл 30 м-ээс ойр зайд.

 

Япон жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг, тэмдэглэлийн шаардлагыг сахин мөрдөх тал дээр дээд зэргийн сахилгатай ба өө сэвгүй байдгаараа бусад орны жолооч нараас эрс ялгардаг гэнэ.

 

Япон улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын жолоочийн үнэмлэх хүчингүй юм. Энэ улсад зөвхөн дараахь жолоодох эрхийн үнэмлэхүүд хүчин төгөлдөр үйлчилнэ:

- Япон улсын үндэсний жолоочийн үнэмлэх. Энэхүү үнэмлэхийг авахын тулд жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж, зохих шалгалтыг өгч тэнцэх шаардлагатай;

- гадаад улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн (тухайлбал: Монгол Улсын жолоочийн үнэмлэхтэй бол) зохих өргөдлийг бөглөж «Жолоодох эрх олгох Төв»-д хандсанаар Япон улсын үндэсний жолоочийн үнэмлэхийг сольж авах боломжтой юм. Ингэхдээ зохих баримт бичгүүд (тухайлбал: анкет, өргөдөл, 3х2.4 см хэмжээтэй нэг хувь зураг, гадаадын жолоодох эрхийн үнэмлэх, уг үнэмлэхний япон хэл дээрх албан ёсны орчуулга, гадаад паспорт, гадаадын иргэний бүртгэлийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхний төлбөрийн баримт гэх мэт)-ийг бүрдүүлэн, тухайн оршин суух харъяаллын «Жолоодох эрх олгох Төв»-д замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын дадлагаа шалгуулж тэнцсэн тохиолдолд Япон улсын үндэсний жолоочийн үнэмлэхийг авах боломжтой болно. Харин Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенцид нэгдсэн орноос олгогдсон үндэсний жолоочийн үнэмлэхтэй хүмүүсийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын дадлагын шалгалтаас чөлөөлөгдөх бөгөөд зөвхөн зохих тест (Tekisei Shiken)-д ороход л хангалттай гэнэ. Жолоодох эрхийн үнэмлэхийг 3 жилийн хугацаатай олгоно;

- Замын хөдөлгөөний тухай 1949 оны Женевийн Конвенцид нийцсэн олон улсын жолоочийн үнэмлэх (Kokusai Unten Menkyo-sho)-тэй гадаадын иргэд Япон улсад орж ирснээс хойш нэг жилийн хугацаанд тухайн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодоход хүчинтэй байна;

- үүнээс гадна Герман, Франц, Швейцарийн үндэсний жолоочийн үнэмлэх нь япон хэл дээрх албан ёсны орчуулгатай бол нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодоход хүчинтэй гэнэ.

Жолоодох эрхийн үнэмлэхний орчуулгыг зөвхөн Япон улсад суугаа тухайн орны элчин сайдын яам буюу консулын байгууллага, эсвэл Японы Автомашины Холбоо (JAF)-ноос үйлдүүлсэн тохиолдолд хүчинтэйд тооцдог байна.

 

 

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох, хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд сахиж явахад нь хөшүүрэг болгох үүднээс Япон улсад торгуулийн онооны системийг хэрэгжүүлдэг байна. Зам тээврийн осол гаргах, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчих, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслээ зогсоолд буруу байрлуулах гэх мэт ноцтой зөрчлүүдэд торгуулийн оноог тооцдог гэнэ. Торгуулийн нийт оноо нь тодорхой хязгаараас хэтэрсэн тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгоно. Ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хатуу шийтгэл хүлээлгэх ба мөн зөрчил гаргасны улмаас хүний амь нас хохироосон бол авто замын хэргийн шоронд хорьж шийтгэдэг байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлагаараа Япон улс дэлхийн хамгийн хатуу улсын нэгд зүй ёсоор тооцогдоно. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг замын хөдөлгөөний дүрмийн их, бага ямар ч зөрчил гаргасан жолоочид ногдуулах үндэслэлтэй байна.

Жолооч хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн тохиолдолд 400 доллароор торгуулаад зогсохгүй хагас жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил гүйцэтгэх хорих ялаар шийтгүүлж ч болзошгүй юм. Мөн хурдны тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн хэмжээнээс нь хамааруулж, хамгийн багадаа 800 доллароор торгох бөгөөд цаашилбал жолоодох эрхийг хасах, хагас жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийх хүртэл давхар шийтгэл ногдуулна.

Япон улсад тээврийн хэрэгслийн зогсоолын журам зөрчих явдлыг замын хөдөлгөөний дүрмийн хамгийн ноцтой зөрчлүүдийн нэгэнд тооцно. Ийм зөрчил гаргасан этгээд 835 долларын торгуулиас гадна жолоодох эрхээ хагас жилийн хугацаатайгаар хасуулах шийтгэл ч хүлээж болно.

Япон улс тээврийн хэрэгслийн хурд болон зогсоолын журмын биелэлтэд хатуу хяналт тавьдаг бөгөөд үүний тулд ихэнх замуудад видео болон теле камер, фото аппарат зэрэг хяналтын төхөөрөмжүүдийг байрлуулсан ажээ.

Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон этгээдэд 400 долларын торгууль ногдуулахаас гадна жолоодох эрхийг хагас жилийн хугацаагаар хасах, мөн гурван жил хүртэл хугацаагаар хүнд ажил гүйцэтгэх хорих ял шийтгэх үндэслэлтэй байна.

Ер нь Японы хуулиар замын хөдөлгөөний дүрмийн дараахь зөрчлүүдэд хорих ял ногдуулдаг байна:

- техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг ашигласан бол 3 сар хүртэл хугацаагаар;

- төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол 6 сар хүртэл хугацаагаар;

- жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 2 жил хүртэл хугацаагаар;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтуурсан этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулсан бол 3 жил хүртэл хугацаагаар;

- замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг эвдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар.

 

Дахин сануулахад, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд хүлээлгэх хариуцлагаараа наран улс дэлхийн хамгийн чанга орнуудын тоонд зүй ёсоор тооцогдоно.

 

  

««..Өмнөх хуудас