ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА
Швейцар улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба
зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага
Швейцар улсын Замын хөдөлгөөний дүрэмд дараахь заалтууд тусгагджээ:
- хамгаалах бүсийг бүх зорчигч хэрэглэх үүрэгтэй. Гэхдээ эмнэлгийн магадлагаатай хүмүүс энэ үүргээс эмчийн зааврын дагуу чөлөөлөгдөж болно. Түүнээс гадна тариалан ба ойн замаар цагт 25 км-ээс илүүгүй хурдтай явах тохиолдолд болон ухрах буюу автомашиныг зогсоолд тавих үед хамгаалах бүс хэрэглэхгүй байхыг зөвшөөрнө;
- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсыг зөвхөн чанга яригчийн тусламжтайгаар хэрэглэхийг зөвшөөрнө;
- 7 нас хүрээгүй хүүхдийг зөвхөн зориулалтын нэмэгдэл суудал дээр тээвэрлэнэ. Харин 7-оос 12 хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал дээр юмуу эсвэл хамгаалалтын бүсээр даруулах байдлаар тээвэрлэж болно;
- жолоочийн цусан дахь согтууруулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 0.5 промилл байна;
- тээврийн хэрэгсэлд радио долгион сарниах төхөөрөмж байрлуулж хэрэглэхийг хориглох бөгөөд энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд өндөр торгууль буюу баривчлах шийтгэл ногдуулж, уг хэрэгслийг хураах арга хэмжээ авна;
- тойрох хөдөлгөөнтэй уулзварт орохын өмнө жолооч хурдаа хасаж, уг тойрох хөдөлгөөний дагуу зүүн гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;
- уулын замын бэрхшээлтэй хэсэгт өөр өөр төрлийн тээврийн хэрэгслүүд (тухайлбал: ачааны ба суудлын автомашин) зөрж өнгөрөхдөө аль хөнгөн тээврийн хэрэгсэл нь нөгөөдөө зам тавьж өгнө.
Швейцар улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг дараахь байдлаар тогтоожээ: - суурин газарт цагт 50 км; - суурин газрын гаднах замд цагт 80 км; - улсын чанартай хурдны замд цагт 100 км; - тууш замд цагт 120 км.
Швейцарийн дүрмээр өвлийн цагт автомашиныг заавал өвлийн дугуйтай ашиглахыг үүрэг болгодоггүй ч хэрэв өвлийн цагт зуны дугуйтай явснаас болж зам тээврийн осол гаргавал илүү хүнд шийтгэл хүлээлгэдэг байна. |
Хадаастай дугуйг бүх жин нь 3.5 тонн хүртэлх тээврийн хэрэгсэлд 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны хооронд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд энэ тохиолдолд уг тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 50 км, суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.
Швейцар улсын замын тэмдгийн загваруудаас түүвэрлэн сонирхуулъя:
Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:
- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 120-оос дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 67 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 170 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 135-аас дээш еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 25-80 еврогоор торгох шийтгэл ногдуулна.