ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Казахстан улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Казахстан улсын замын хөдөлгөөний дүрэм олон зүйл заалтаараа манай улсын дүрэмтэй адил төсөөтэй юм. Тухайлбал:

- Буцаж эргэхийг хориглосон газруудад ухрах үйлдэл хийхийг мөн хориглоно;

- Суурин газарт жолооч аль дурын эгнээгээр байрлан явахыг зөвшөөрнө;

- Зорчих хэсгүүдийн огтлолцол дээр буюу түүнд 15 м (манай дүрэмд 20 м)-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай гурван талт огтлолцлын хажуугийн зорчих хэсгийн эсрэг талд зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно;

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хатуу хориглоно. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээ гэсэн ойлголт байхгүй юм;

- Зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгал сөрөхөөр бол гүйцэж түрүүлэхийг хориглоно гэх мэт.

 

 

Казахстан улсын замын хөдөлгөөний дүрмийн зарим онцлог заалтуудаас дурдвал:

- зорчих хэсгийн зүүн гар талын эгнээгээр хурд багатай яваа жолооч хэрэв чанх араас нь илүү хурдтай тээврийн хэрэгсэл ирж байвал аль болох баруун гар талын эгнээ рүү шилжиж түүнийг урьдчилан өнгөрөөвөл зохино;

- зохицуулдаггүй уулзвар дээр гол замаас яваа жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг зөвшөөрнө. Гэхдээ хэрэв гол зам нь чигээ өөрчилсөн байвал (баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд) хориглоно;

- явган хүний гарц дээр хэрэв явган зорчигч байвал гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно. Гэтэл манай дүрмээр энэ хориглолт явган зорчигч байгаа эсэхээс үл хамаарна;

- тухайн чигтээ гурав буюу түүнээс олон эгнээтэй зам бүхий гүүрэн дээр түр зогсохыг зөвшөөрөх бөгөөд харин удаан зогсохыг ямар ч гүүрэн дээр хориглоно;

- суурин газарт хэрэв оршин суугчдын тав тухад сөргөөр нөлөөлөхөөр байвал механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай удаан зогсоохыг хориглоно;

- уулзвар нэвтрэх үед жолоочийн харах боломж хязгаарлагдмал байвал зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслээс урьтаж хөдлөхийг хориглоно;

- уулзвар буюу түүний өмнө тээврийн хэрэгсэл зогсож байвал түүний араас зэрэгцээ эгнээнд яваа жолооч саад байхгүйг магадлан мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно;

- ухрах үйлдэл хийх үедээ ослын дохионы гэрлээ асаана;

- эсрэг хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн голд байрласан шон, замын байгууламжийн элемент (гүүрний тулгуур гэх мэт)-ийг хэрэв тэмдэг, тэмдэглэлээр тусгайлан заагаагүй бол зөвхөн баруун гар талаар нь тойрч гарна;

- хорооллын дундах зорчих хэсгийг тээврийн хэрэгслүүдийн дамжин нэвтрэх хөдөлгөөнд ашиглахыг хориглоно;

- хорооллын дотор тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн гадуур явахыг хориглоно;

- суурин газрын доторхи замд буудал дээрээс хөдөлгөөнөө эхэлж байгаа автобус, троллейбусанд бусад жолооч зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд харин чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч өөрт нь зам тавьж өгч байгаа эсэхийг бүрэн магадлан мэдсэнийхээ дараа байрнаасаа хөдлөх үүргийг хүлээнэ;

- 12 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашины урд суудалд тусгай зориулалтын бэхэлгээний хэрэгсэл (хүүхдийн суудал)-гүйгээр тээвэрлэхийг хориглоно;

- согтуу хүнийг буюу 12 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно;

- автобусаар ачаа болон тээш (тээшний хэсгээс бусад хэсэгт) тээвэрлэхийг хориглоно гэх мэт.

 

 

Казахстан улсын замын хөдөлгөөний дүрмээр хөх өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдоос давуу эрхтэй байх бөгөөд дүрмийн нилээд олон заалт, шаардлагыг мөрдөхгүй байж болно. Улаан ба хөх өнгийн тусгай гэрэл дохиог дараахь албаны тээврийн хэрэгслүүдэд хэрэглэнэ:

- ерөнхийлөгчийн хамгаалалтын алба;

- үндэсний аюулгүй байдлын хороо;

- зэвсэгт хүчний цэргийн автотехникийн цагдаагийн алба;

- тээврийн хэрэгслийг дагалдан хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа замын цагдаагийн алба.

 

Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч бүр хамгаалах бүсээ зүүх үүрэгтэй боловч дараахь хүмүүсийг энэ үүргээс чөлөөлжээ:

- 12 хүртэлх насны хүүхэд;

- суурин газарт жолоодлогын дадлага хийлгэж яваа багш (суралцагч нь жолоо барьж яваа тохиолдолд);

- шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид;

- таксийн жолооч, зорчигчид.

 

Казахстан улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 60 км, хорооллын дотор цагт 20 км;

- суурин газрын гаднах тууш замд суудлын автомашин болон бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин цагт 110 км, бусад замд цагт 90 км;

- суурин газрын гаднах бүх төрлийн замд хот хоорондын автобус болон бага оврын автобус, мотоцикл цагт 90 км;

- суурин газрын гаднах тууш замд бусад төрлийн автобус болон чиргүүлтэй суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны автомашин цагт 90 км, бусад замд цагт 70 км;

- ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 60 км;

- механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 50 км.

 

Тээврийн хэрэгслүүд өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлээ асааж явна:

- мотоцикл болон мопедоор яваа үед;

- цуваагаар яваа үед;

- хөх өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулсан шуурхай албаны автомашинаар хамгаалуулж яваа үед;

- хөдөлгөөний үндсэн урсгалын эсрэг чиглэлд тусгайлан хуваасан эгнээгээр яваа чиглэлийн тээврийн хэрэгсэл;

- чиглэлийн бус автобус буюу ачааны автомашинаар хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед;

- хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед;

- механикжсан тээврийн хэрэгслийг чирч яваа үед;

- тусгаарлах зурвастай замын хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрон гарч яваа үед.

 

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

Казахстан улсад захиргааны хариуцлагын мөнгөн торгуулийн хэмжээг «Сарын тооцоот үзүүлэлт» гэсэн жишиг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг бөгөөд үүнийгээ жил бүр хуулиар шинэчлэн тогтоодог байна. 2010 онд «Сарын тооцоот үзүүлэлт»-ийг 1413 тенге (Казахстаны мөнгөний нэгж) байхаар тогтоожээ.

- хамгаалах бүсээ зүүгээгүй бол сарын тооцоот үзүүлэлт (СТҮ)-ийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл ногдуулна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан буюу радио станц ашигласан бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 10-20 км-ээр хэтрүүлсэн бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 20-40 км-ээр хэтрүүлсэн бол 10 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 40 км-ээс дээш хэтрүүлсэн бол 15 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 20 км-ээс дээш хэтрүүлсэн зөрчлийг нэг жилийн дотор давтан үйлдвэл 20 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө анхааруулах дохио өгөөгүй бол 3 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- замын хориотой хэсэг дээр ухарсан буюу буцаж эргэсэн бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол 7 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- уулзвар нэвтрэх үедээ давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хөндлөн замын хөдөлгөөнд саад болохоор түгжрэл саатал бий болсон үед уулзвар руу орсон бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хориотой байдлаар эсрэг урсгал сөрсөн бол 15 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- түр буюу удаан зогсох журам зөрчсөн бол 5-7 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хүн ба ачаа тээвэрлэх, тээврийн хэрэгсэл чирэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх, хорооллын доторхи хөдөлгөөн, ослын дохио болон ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журам зөрчсөн бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хориглосон дохиогоор төмөр замын гармыг нэвтэрсэн буюу төмөр замын гарам дээр түр буюу удаан зогссон бол 10 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчсөн бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- тусгай дуут болон гэрлэн дохиог хууль бусаар суурилуулсан бол иргэнийг 25 СТҮ-ээр, хуулийн этгээдийг 2000 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- хуурамч улсын дугаар хэрэглэсэн бол 20 СТҮ-ээр торгох буюу жолоодох эрхийг 1 жил хасах шийтгэл ногдуулна;

- техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 3 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- биедээ авч явбал зохих баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон бол 5 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон буюу ийм этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол 15 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 10 СТҮ-ээр торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол жолоодох эрхийг 2 жилээр хасах шийтгэл ногдуулна;

- жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 10-15 хоног баривчлах шийтгэл ногдуулна;

- явган зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогч удаа дараа зөрчил гаргавал 3 хоног баривчлах шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»