ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Латви улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Латви улсын замын хөдөлгөөний дүрэмд “Гүйцэж түрүүлэх” гэсэн нэр томъёог «Эзэлж яваа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж, буцаж эгнээндээ орох үйлдэл» гэж тодорхойлжээ. Ийм тодорхойлолтыг манай улсын өмнөх үеийн дүрмүүдээс харж болно. Харин одоогийн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Орос, Беларусь, Украины дүрмүүдэд «буцаж эгнээндээ орох» гэсэн ухагдахуун байхгүй юм.

Мөн түүнчлэн Латви улсын дүрэмд “Түр зогсолт”, “Удаан зогсолт” гэсэн нэр томъёонуудыг манайхаас нилээд ялгаатайгаар тодорхойлжээ. Тодруулбал:

- “Түр зогсолт” гэдэг нь зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгах шаардлагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл гэж тодорхойлжээ. Гэтэл манай дүрмээр бол зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгах шаардлагаар зогсож буй үйлдлийг хугацаа харгалзахгүйгээр буюу 5 минутаас дээш байсан ч “Түр зогсолт” гэж тооцдог. Мөн 5 минутаас илүүгүй хугацаатай “сул зогсолт”-ыг ч “Түр зогсолт” гэж тооцдог;

- “Удаан зогсолт” гэдэг нь зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгах зорилгогүйгээр тээврийн хэрэгслийг зогсоох, мөн түүнчлэн зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгах шаардлагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас дээш хугацаагаар зогсоох үйлдэл гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл “сул зогсолт”-ыг хугацаа харгалзахгүйгээр буюу 1 минут байсан ч “Удаан зогсолт” гэж тооцдог байна.

 

 

Латви улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан түр зогсох хориотой газрууд нь манай дүрмийнхтэй бараг адил юм. Харин удаан зогсохыг дараахь замын хэсгүүдэд хоригложээ:

- суурин газрын гадна үзэгдэлт замын дагуу аль нэг чигтээ 100 м-ээс бага байх огцом эргэлт, нугачаанд ойр газарт (манай дүрмээр бол замын ийм нөхцөлд зорчих хэсэг дээр түр боловч зогсохыг хориглодог);

- төмөр замын гарамд суурин газрын гадна 100 м-ээс, суурин газарт 50 м-ээс ойр зайд;

- бусад тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хаах газарт (манай дүрмээр бол ийм газарт түр боловч зогсохыг хориглодог);

- явган зорчигчийн хөдөлгөөнд саад болох газарт.

 

Буцаж эргэхийг хориглосон газрууд нь манай дүрэмд заасантай адил бөгөөд зөвхөн чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр хориглоогүйгээрээ ялгаатай байна. Манай замын хөдөлгөөний дүрмээр буцаж эргэхийг хориглосон бүх газруудад болон уулзвар, гарц дээр ухрах хөдөлгөөнийг мөн хориглодог бол Латви улсын дүрэм тээврийн хэрэгслийн ухрах үйлдэлд зөвхөн ганцхан хязгаарлалт буюу «Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулах ёсгүй» гэсэн шаардлага тавьжээ.

 

Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах тухай шаардлага Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зөвхөн суурин газрын гаднах зам болон тууш замд тавигддаг бол Латвийн дүрмээр энэ шаардлага бүх замд хамаарна.

 

Латви улсын суурин газарт нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хамгийн зүүн гар талын захын эгнээг зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэх, эсвэл бусад эгнээнүүд нь чөлөөгүй тохиолдолд эзлэхийг зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл гүйцэж түрүүлэх зорилгоор уг эгнээнд орохыг хориглодог байна.

 

Суурин газрын доторхи замд, тогтоосон буудал дээрээс хөдөлгөөнөө эхэлж байгаа чиглэлийн тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус)-д бусад жолооч зам тавьж өгч байх үүрэгтэй бөгөөд харин чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч өөрт нь зам тавьж өгч байгаа эсэхийг бүрэн магадлан мэдсэнийхээ дараа байрнаасаа хөдлөх үүргийг хүлээнэ.

 

Латви улсын суурин газрын доторхи замууд харьцангуй нарийхан байдаг учраас тээврийн хэрэгслүүдийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг цагт 50 км, хорооллын дотор цагт 20 км-ээр тогтоожээ. Суурин газрын гаднах замд суудлын автомашин, мотоцикл, бүх жин нь 7.5 тонн (манай дүрэмд заадаг шиг 3.5 тонн биш) хүртэлх ачааны автомашин, автобус, мөн трицикл, квадроциклын хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 90 км, чиргүүлтэй автомашин болон бүх жин нь 7.5 тонноос их ачааны автомашины хувьд цагт 80 км байна. Энд дурдсан “трицикл, квадроцикл” гэдэгт «Техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс их буюу хөдөлгүүрийн ажлын багтаамж нь 50 см.куб ба түүнээс илүү, мөн өөрийн жин нь 550 кг-аас илүүгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл»-ийг ойлгох ёстой ажээ. Механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 50 км, жолооны ард хоёроос дээш жил сууж амжаагүй шинэ жолоочийн хувьд цагт 80 км-ээс дээш хэтрүүлэхийг хоригложээ.

 

 

Латви улсын замын хөдөлгөөний дүрмээр гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдлууд:

- зохицуулдаг уулзвар дээр;

- гол замаар гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд зохицуулдаггүй уулзвар дээр;

- төмөр замын гарам дээр болон түүний өмнө 100 м-ээс ойр зайд;

- өгсүүрийн төгсгөл, огцом эргэлт дээр болон замын үзэгдэлт хязгаарлагдмал бусад хэсэгт;

- явган хүний гарц дээр;

- хонгил дотор.

Манай замын хөдөлгөөний дүрэмд гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглодог бол Латвийн дүрэмд энэ талаар ямар нэгэн заалт байхгүй ажээ. Дашрамд дурдахад манай дүрмээр хонгил дотор гүйцэж түрүүлэхийг хориглодоггүй юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд «Зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно» гэж заасан байдаг бол Латвийн дүрэмд энэ талаар «Суурин газрын гаднах нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлснээс бусад тохиолдолд баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг хориглоно» гэж заажээ.

 

Латви улсын зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журам манайхтай бараг адил юм. Нэг ялгаа нь «Гол замаар яваа жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ гүйцэж түрүүлэх үйлдэл эхэлж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө» гэсэн заалт байна.

 

Манай дүрмээр хорооллын дотор явган зорчигч тээврийн хэрэгслээс давуу эрхтэй бөгөөд явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болдог бол Латвийн дүрмээр энэ эрхийг явган зорчигчоос гадна унадаг дугуйгаар зорчигчид ч олгожээ. Мөн хорооллын дотор тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг 5 минутаас илүү хугацаагаар асаалттай зогсоохыг хориглоно гэж заасан байна. Ийм заалт манай дүрэмд байдаг боловч харин тодорхой хязгаарласан хугацаа заагдаагүй юм.

 

Латви улсын замын хөдөлгөөний дүрмийн төмөр замын гарам нэвтрэх тухай журамд тусгагдсан нэгэн онцлог чухал заалт бол «Хэрэв төмөр замын гарам дээр тээврийн хэрэгсэл ослын байдалтай зогсолт хийсэн байвал бусад жолооч нар уг гармыг чөлөөлөх талаар бололцооныхоо хирээр тусламжийн арга хэмжээ авах үүрэг хүлээнэ» гэсэн заалт юм. Манай дүрэмд ийм үүргийг төмөр замын гарамтай холбогдуулан тусгайлан заагаагүй ч “Жолоочийн үүрэг” бүлгийн 2.3-ын “е”-д зааснаар жолооч нь «зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх» үүрэгтэй байдаг.

 

Латви улсад жолооч бүр автомашиныхаа ойрын гэрлийг өдрийн цагаар ч асааж явах үүрэгтэй бөгөөд харанхуй үед буюу хонгил дотор явахдаа ойрын буюу холын гэрлийг оврын гэрлийн хамт, үзэгдэлт хангалтгүй үед ойрын буюу холын гэрлийг, эсвэл урд талын манангийн гэрлийг оврын гэрлийн хамт асааж явах үүрэгтэй байна.

 

Латви улс жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.5 промиллоор тогтоожээ.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- тогтоосон хурдыг цагт 10 км-ээс илүү хэтрүүлсэн буюу зорчих хэсгээр байрлан явах журам зөрчсөн, мөн хамгаалах бүсээ хэрэглээгүй зэрэг бусад бага зэргийн зөрчил гаргасан бол 6 доллартой тэнцэх хэмжээний лат (Латвийн мөнгөний нэгж болох 1 лат нь 1.6 доллартой тэнцүү)-аар торгох шийтгэл ногдуулна;

- замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг биелүүлээгүй болон түр буюу удаан зогсох, чирэх, ачаа тээвэрлэх журмуудыг зөрчсөн бол 18 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна;

- тогтоосон хурдыг цагт 20-40 км-ээр хэтрүүлсэн бол 27 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн буюу гүйцэж түрүүлэх, буцаж эргэх, хүн тээвэрлэх журмуудыг зөрчсөн бол 27-45 доллароор торгох шийтгэл ногдуулна;

- замын үргэлжилсэн шугаман тэмдэглэлийг давсан буюу давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод уг эрхийг эдлэх боломж олгоогүй бол 45 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна;

- тогтоосон хурдыг цагт 40 км-ээс дээш хэтрүүлсэн бол 90 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна;

- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (цусан дахь спиртын хэмжээ 0.5 промиллоос илүү) бол согтолтын зэргээс нь хамааруулж 80-150 доллароор торгох шийтгэл ногдуулна;

- цагдаагийн “зогс” гэсэн шаардлагад захирагдаагүй бол 150 хүртэл доллароор торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»