ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Литва улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Литва улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь дараахь баримт бичгүүдийг биедээ заавал авч явах үүрэгтэй. Үүнд:

- Литва улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр үйлчлэх жолоодох эрхийн үнэмлэх;

- тээврийн хэрэгслийн техникийн паспорт;

- тээврийн хэрэгслийн даатгалын гэрчилгээ;

- ачааны баримт бичиг (хэрэв байх ёстой бол).

 

Литва улсын Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигчид хамгаалах бүсийг заавал хэрэглэх үүрэгтэй бөгөөд 3 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын нэмэгдэл бэхэлгээ хэрэглэх, мөн автомашины урд суудалд 12 нас хүрээгүй хүүхдийг зөвхөн зориулалтын нэмэгдэл бэхэлгээний хэрэгсэлтэйгээр тээвэрлэхийг зөвшөөрнө.

 

Суурин газарт нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүд (автобус, трамвай) нь хөдөлгөөний ижил нөхцөлд бусад тээврийн хэрэгслүүдээс давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцоно.

 

Литва улсад жолоодох эрхийн үнэмлэх аваад 2 жил болоогүй, туршлага багатай жолооч нарт хөдөлгөөний зарим нэг хязгаарлалт тогтоосон заалтууд, тухайлбал цагт 70 км-ээс илүү хурдтай явахыг хориглосон заалт үйлчилдэг байна.

 

Хүйтний улиралд, тодруулбал 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний хооронд автомашиныг зөвхөн өвлийн дугуйтайгаар ашиглахыг зөвшөөрнө. Хадаастай дугуйг мөн зөвхөн энэ хугацаанд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгсэлд тухайн таних тэмдгийг заавал байрлуулсан байх шаардлагатай ажээ.

 

Хөдөлгөөнд оролцохдоо жолооч бүр автомашиныхаа ойрын гэрлийг өдрийн цагт ч асааж явах үүрэгтэй бөгөөд замын үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд автомашины зүүн талын ойрын гэрэл асахгүй бол манангийн гэрэл хэрэглэхийг зөвшөөрнө.

 

Литва улсад замын цагдаагийн ажилтан тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тухайн газар дээр нь шалгах эрхтэй байдаг ажээ. Гэтэл тухайлбал Орос улсад бол үгүй. Тэнд техникийн улсын үзлэгт цаг тухайд нь орсон автомашиныг хэн нэгэн этгээд, тэр бүү хэл Оросын Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Улсын Хяналтын Албаны байцаагч ч техникийн талаас нь нэмж шалгах эрхгүй байдаг юм.

 

Литва улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарыг дараахь байдлаар тогтоожээ:

- суурин газарт цагт 50 км;

- автобус суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км;

- бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин болон чиргүүлтэй автобус тууш замд цагт 90 км, хөдөлгөөний эгнээг нь тэмдэглэсэн замд цагт 80 км, бусад замд цагт 70 км;

- механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед цагт 50 км;

- шороон замд цагт 70 км.

 

Литва улсад жолооч зам тээврийн шалихгүй осол гаргасан ч замын цагдаагийн албанд заавал дуудлага өгөх үүрэгтэй байна.

 

Жолоочийн цусан дахь согтууруулах охийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.4 промиллоор (энэ нь 1 лонх пиво буюу 1 аяга улаан вино гэсэн үг) тогтоосон байна.

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 10 хүртэл км-ээр хэтрүүлсэн тохиолдолд 20-30 лит (Литва улсын мөнгөний нэгж), цагт 10-20 км-ээр хэтрүүлсэн бол 50-100 лит, цагт 20-50 км-ээр хэтрүүлсэн бол 300-500 лит, цагт 50 км-ээс дээш хэтрүүлсэн бол 1000-1500 литээр торгох шийтгэл ногдуулна;

- хамгаалах бүс хэрэглээгүй бол 7-14 литээр торгох шийтгэл ногдуулна;

- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн буюу явган хүний гарцын өмнө зогсоогүй, эсвэл явган зорчигчид зам тавьж өгөөгүй буюу харанхуй үед зогсохдоо оврын гэрлээ асаагаагүй бол 100-200 литээр торгох шийтгэл ногдуулна;

- тусгай дуут, гэрэл дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөөгүй бол 200-400 литээр торгох шийтгэл ногдуулна;

- жолоочийн цусан дахь спиртын хэмжээ 0.41-ээс 1.5 промилл байвал 1000-1500 литээр, 2.5 промиллоос дээш байвал 2000-3000 литээр, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн бол 1500-3000 литээр, жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 3000-5000 литээр тус тус торгох шийтгэл ногдуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»