МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН
ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

 

Эрхэм хүндэт танд энэ өдрийн мэндийг дэвшүүлэхийн хамт манай цахим мэдээллийн санд зочилсонд талархал илэрхийлье.

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн сургалт танин мэдэхүй, мэдээлэл сурталчилгааны албанаас боловсруулан толилуулж буй энэхүү цахим мэдээллийн сангаас та бүхэн Монгол Улсын болон Олон улсын автотээврийн салбарын харилцааны эрх зүйн тогтолцоо, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээн дэх хууль тогтоомжуудын талаархи цогц мэдээллүүдийг авах боломжтойгоос гадна тус Хүрээлэнгийн бодлого, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, дэвшүүлэн тавьж буй санал, хөтөлбөр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боловсруулан гаргасан ном, сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээний материал, эмхтгэл зэрэг бүтээлүүдтэй танилцах болно. Мөн автотээврийн хэрэгслийн жолооч болон жолооч болохыг хүсэгчдэд зориулсан зөвлөмж, сургалт танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, цахим аргачлалууд нь таны мэдлэг оюуны санд өчүүхэн боловч нэмэр болох буй за.

 

Цахим мэдээллийн сангийн зорилго

Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн аливаа баримт бичиг, төсөл, хөтөлбөр, сургалт танин мэдэхүй, судалгаа шинжилгээний бүтээл туурвил, заавар зөвлөмж, баримт материалуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгож тэдгээрийн ач холбогдол, утга агуулга, үйлчлэх хүрээг бүх нийтэд сурталчлан таниулахад энэхүү цахим мэдээллийн сангийн зорилго оршино.

 

Цахим мэдээллийн санг ашиглах заавар

Энэхүү цахим мэдээллийн сан нь эх гарчиг, цэс, дэд цэс гэсэн шат дамжлага бүхий хайлтын үндсэн хандлагуудтай бөгөөд эдгээр нь тухайн мэдээллийг дэлгэцийн төв цонхонд гаргаж ирэх товъёог болно. Хандлагыг дараахь горимоор хийнэ:

- Эх гарчиг нь дэлгэцийн толгой хэсэгт тогтмол байрлах бөгөөд «Танилцуулга», «Хууль», «Дүрэм», «Конвенц», «Стандарт», «Журам», «Сургалт, танин мэдэхүй», «Судалгаа, шинжилгээ» гэсэн үндсэн найман товъёогоос бүрдэнэ. Цахим санд агуулагдах мэдээллүүдийг эдгээр товъёогийн хүрээнд бүлэглэн системчилсэн болно. Та сонирхсон мэдээллийнхээ хамрах хүрээг тодорхойлж эх гарчгаас тухайн товъёогт хандлага хийснээр дэлгэцийн зүүн цонхонд тухайн бүлгийн цэс гарч ирнэ;

- Цэс нь тухайн үндсэн бүлэгт хамаарах мэдээллүүдийн товъёогийн жагсаалтыг агуулна. Энэхүү цэснээс сонгосон товъёогт хандлага хийснээр таны сонирхсон мэдээлэл дэлгэцийн төв цонхонд гарч ирнэ. Гэхдээ цэсэнд бичигдсэн зарим мэдээллийн товъёог нь дэд сэдвүүдэд хуваагдах тул ийм товъёогт хандлага хийсэн тохиолдолд зүүн цонхонд тухайн цэс нь дэд цэсээр солигдох буюу эсвэл төв цонхны дээд хэсэгт дэд цэс гарч ирнэ;

- Дэд цэс нь тухайн мэдээлэлд хамаарах сэдвүүдийн товъёогийн жагсаалтыг агуулна. Энэхүү дэд цэснээс сонгосон товъёогт хандлага хийснээр таны сонирхсон мэдээллийн тухайн сэдэвт хамаарах хэсэг дэлгэцийн төв цонхонд гарч ирнэ.

 

Цахим мэдээллийн сангийн товч агуулга

Энэхүү мэдээллийн санд автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээн дэх эрх зүйн харилцаанд хамаарах, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын 10 гаруй хууль, тухайлбал «Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай», «Автозамын тухай», «Автотээврийн тухай», «Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай», «Захиргааны хариуцлагын тухай», «Эрүүгийн хууль», «Иргэний хууль», «Цагдаагийн байгууллагын тухай» зэрэг хуулиуд, мөн 2004 онд шинэчлэгдэн батлагдаж өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм», түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, яам, тамгын газруудаас батлан гаргасан, тухайлбал «Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх», «Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох», «Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох», «Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хяналтын үзлэг явуулах», «Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх», «Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх», «Аюултай ачаа тээвэрлэх», «Бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх» зэрэг 20 гаруй журам, мөн «Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага. MNS 4597:2003», «Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага. MNS 4759:2003», «Замын гэрлэн дохио. Үндсэн үзүүлэлт. MNS 4980:2006», «Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм. MNS 4596:2007», «Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага. MNS 4598:2003», «Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд. MNS 4599:2003» зэрэг автозам, автотээврийн салбарын тогтолцооны 20 гаруй стандарт багтсан болно.

Мөн Монгол Улсын соёрхон баталсан буюу нэгдэн орсон «Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенц», «Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенц», «Олон улс хоорондын автозамаар ачаа тээвэрлэх гэрээний тухай Женевийн Конвенц», «Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенц» зэрэг автотээврийн салбарын Олон улсын гэрээ конвенцуудыг бүрэн эхээр нь толилуулж байна. Эдгээр конвенцуудыг монгол хэлнээ хөрвүүлэн эмхтгэснээс гадна англи, орос хэл дээрх албан ёсны эх бичвэрүүдийг хамтатгасан болно. Мөн үүнээс гадна замын хөдөлгөөнтэй холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн түүхэн хөгжил, тэдгээрийн талаархи ерөнхий ойлголт, Хэлэлцэн тохирогч тал болж нэгдэн орсон орнуудын нэрийн жагсаалт, олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд байрлуулах ялгах тэмдэг зэрэг мэдээллүүдийг НҮБ-аас гаргасан албан ёсны материалд тулгуурлан хавсаргасан болно.

Монгол Улсын автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээн дэх эрх зүйн баримт бичгүүдийн дийлэнх нь гадаад улс орнуудын, тэр дундаа Оросын Холбооны Улсын холбогдох эрх зүйн баримт бичгүүд дээр үндэслэгдсэн байдгийг харгалзан энэхүү цахим мэдээллийн санд гадаадын зарим орны холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг толилуулж байна. Тухайлбал: ОХУ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль, Цагдаагийн хууль, Замын хөдөлгөөний дүрэм, мөн зарим улс орнуудын Замын хөдөлгөөний дүрэм, журмыг багтаасан болно. Эдгээр баримт бичгүүдийг судалснаар та тус орнуудын замын хөдөлгөөний эрх зүйн зохицуулалтыг мэдэж авахаас гадна тэдгээр орнуудын замын хөдөлгөөнд зөв чиг баримжаатай оролцох боломжтой юм.

Түүнээс гадна манай оронд гадаадын иргэд олноор ирж хотын гудамж, замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодон оролцох явдал ихэссэнтэй уялдан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг гадаад хэл рүү хөрвүүлэн эмхтгэн гаргах зайлшгүй шаардлага бий болсон бөгөөд тэдгээр орны иргэдийн хүсэлт, хэрэгцээг харгалзан Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг англи болон орос хэл дээр хөрвүүлэн гаргасан юм. Ялангуяа манай улсад байнгын буюу түр хугацаагаар оршин суухаар ирсэн ОХУ-ын иргэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг орос хэл дээр орчуулан гаргаж өгөх хүсэлтийг бидэнд удаа дараа уламжилж байсан нь энэхүү ажлыг хийх шаардлагыг бий болгосон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг англи хэл рүү хөрвүүлэн гаргасан нь зөвхөн ОХУ-ын иргэд гэлтгүй бусад орны иргэд манай улсын замын хөдөлгөөнд зөв чиг баримжаатай оролцох, улмаар Монгол Улсын замын хөдөлгөөний эрх зүйн заалт, шаардлагуудыг зөрчихгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхад чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа гадаадын иргэд манай улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байх явдлыг хангах зорилгоор энэхүү цахим мэдээллийн санд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг англи болон орос хэл дээр хавсарган толилуулж байна.

Мөн энэхүү цахим мэдээллийн сангаас та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн түүхэн сурвалж болон хөгжлийн үйл явц дахь үе үеийн дүрмийн эх бичигтэй танилцаж, Монгол Улсад анхны Замын хөдөлгөөний дүрэм үүссэн цагаас эхлэн эдүгээ хүртэл хэрхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж, баяжин хөгжиж ирсэн түүхэн баримтуудыг үзэх болно.

 

Тус цахим мэдээллийн санд орсон Монгол Улсын болон Олон улсын эрх зүйн баримт бичгүүд болон замын хөдөлгөөний түүхэн ба судалгааны материалуудтай биечлэн танилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээ тайлбар авахыг хүсвэл, мөн энэ чиглэлийн ном, сурах бичиг, гарын авлага, судалгаа шинжилгээний материалуудыг сонирхож байгаа бол Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнг зориорой.

Мөн эрхэм та энэхүү цахим мэдээллийн сангийн талаархи аливаа санал хүсэлтээ болон бидний ташаарсан буюу орхигдуулсан байж болох алдаа дутагдлыг ариутган засах заавар зөвлөгөөгөө «mail@traffic-institute.mn» и-мэйл хаягаар илгээх буюу тус Хүрээлэнд биечлэн ирж өгвөл бидний ажил үйлсэд болон тус цахим мэдээллийн санг цаашид баяжуулан өргөжүүлэхэд ихээхэн нэмэр болох байна.

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2008

Тус Хүрээлэнгийн зөвшөөрөлгүйгээр энэхүү цахим мэдээллийн сангаас аливаа мэдээ материал, цахим файл хуулбарлах, хэвлэх, олшруулахыг хориглоно.