МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
8. Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийн тухай
1925 оны дүрэмд:
19. Хэрэв замын зуур аливаа хүнийг уурын тэргээр дайруулах мэтээр осолдон аюул тохиолдуулваас тэрэгний жолооч нар тэрхүү хүнийг өөрийн тэргэнд суулгаж ойр дөтөд бүхий эмч буюу эмнэлгийн газар, айлд хүргэж эмнэхүй аргалахуйд бэлтгүүлвээс зохимой.
1930 оны дүрэмд:
16. Мөргөлдөх буюу онхолдох зэрэг учраас аюул тохиолдсон хүмүүс лүгээ учрах ахул жолооч нараас жолоодон явж буй машин тэргийг зогсоож аюулд тохиолдож гэмтэгсдэд тусламж үзүүлбээс зохимой.
1936 оны дүрэмд:
17. Машин тэрэг мөргөлдөх ба дайрах хийгээд гэнэтийн эвдрэлд тохиолдох ахул тэрхүү машиныг жолоодон явагч нь даруй зогсож хохирол гэмтэл олсон этгээдэд зохих тусламжийг үзүүлэх ба эл тохиолдсон учир байдлын тухай Улсын цагдан сэргийлэх газарт тодорхойлон мэдэгдвээс зохимой.
1940 оны дүрэмд:
24. Эвдрэл ба гэнэтийн аюул гарахад жолоочийн үүрэг ямар болохыг дурдваас:
а/ нэн даруй зогсох.
э/ хохирсон этгээдэд тусламж үзүүлэх.
и/ хохирсон этгээд буюу цагдаагийн эрэлтийн ёсоор үнэмлэх бичгээ үзүүлэх.
о/ гарсан аюул гэмтлийн тухайг ойрын постын зогсож буй цагдаа буюу цагдан сэргийлэхэд мэдүүлэх.
ө/ хүн гэмтэж амь сүйдсэн явдал бүхий эвдрэл гарахад уг эвдрэлд учирсан тэрэг хөсөг нь бусдын явахад саад учруулахгүй аваас түүнийг цагдан сэргийлэхийн төлөөлөгч хүрч иртэл байраас хөдөлгөхгүйгээр зохих газарт мэдүүлээд цагдан сэргийлэхийн төлөөлөгч ирэх хүртэл хүлээвээс зохимой.
Эмнэлгийн тусламж нэн даруй дуудан ирүүлэх болмой. Үгүй аваас жолооч нь гэмтсэн этгээдийг ойрын больниц, өвчтөнийг хүлээн авах газар буюу амбулаторт нэн даруй хүргэн аваачаад тэрхүү газарт өөрийн нэр машины дугаарыг бүртгүүлэн тэмдэглүүлэх үүрэгтэй.
1957 оны дүрэмд:
26. Осол аюул тохиолдсон үед жолоочийн гүйцэтгэвэл зохих үүргүүд:
а) авто хөсгийг даруй зогсооно;
б) аюулд учирсан хүмүүст зохих тусламжийг үзүүлнэ;
в) болсон явдлын тухай ойр орчим байгаа цагдаа буюу цагдан сэргийлэх анги, улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн дежурт мэдэгдэнэ.
г) цагдан сэргийлэхийн ажилтны зөвшөөрөлгүйгээр аюул тохиолдсон газраас авто хөсгийг дур мэдэн хөдөлгөхгүй байна;
д) аюулд учирсан хүнд, эмнэлгийн түргэн тусламжийг яаралтай дуудан ирүүлэх бололцоогүй бол тэр хүнийг өөрийн биеэр аль ойр байгаа эмнэлгийн газарт хүргэж өөрийн нэр, овог, авто хөсөгт олгосон улсын номерыг тэмдэглүүлэн бичүүлж, замын (маршрутын) хуудсаа үзүүлсний дараа уг осол гарсан газартаа буцаж очно;
е) эмнэлгийн байгууллага аюулд учирсан хүнийг хүргэж ирсэн жолоочийн нэр, овог, хаана ажилтай ба тэр хүнийг хэдийд авчирсан, түүний биеийн эрүүл мэндийн байдал авчрах үед нь ямар байсан тухайг тодорхой тэмдэглэж, улмаар энэ тухай цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдээд, жолооч өөрөө ууж согтуурсан эсэхийн тухай эмнэлгийн гэрчилгээг гаргана.
1960 оны дүрэмд:
- 1957 оны дүрмийн дээрх заалт хэвээр тусгагджээ.
1966 оны дүрэмд:
22. Зам тээврийн аюул осол гарсан үед түүнтэй холбогдсон жолоочоос гүйцэтгэх үүрэг нь:
а) аюул осолд холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг нэн даруй зогсоож, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын ажилтан нарыг хүрэлцэн очих хүртэл байрнаас нь үл хөдөлгөх;
б) «эмнэлгийн түргэн тусламж»-ийг дуудах. Хэрэв бололцоогүй бол аюул осолд нэрвэгдсэн хүмүүсийг аль ойр байгаа эмнэлгийн газарт аль дайралдсан тээврийн хэрэгслээр буюу өөрөө хүргэх;
в) болсон хэрэг явдлын тухай аль ойр байгаа постын сэргийлэгч буюу цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдэж, гэрч болох хүмүүсийн овог нэр, хаягийг тэмдэглэн эд мөрийн баримтыг хамгаалах;
г) аюул осолд нэрвэгдсэн хүмүүсийг эмнэлгийн газарт хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн номер, замын хуудас буюу техникийн паспортын талоныг үзүүлж тэмдэглүүлсний дараа аюул осол гарсан газраа буцаж ирэх буюу аль ойр байгаа цагдан сэргийлэх байгууллагад хүрэлцэн очих ёстой.
1985 оны дүрэмд:
14. ЗТО, хэрэгт холбогдсон жолоочийн үүрэг:
а) тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь үл хөдөлгөнө.
б) ЗТО, хэрэгт нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, эмнэлгийн түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг нэрвэгдсэн хүнийг ойр байгаа эмнэлгийн газарт аль тааралдсан тээврийн хэрэгслээр буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, замын хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ.
в) болсон ЗТО, хэргийн тухай цагдан сэргийлэх байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад, эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдан сэргийлэхийн ажилтныг иртэл хүлээнэ;
г) бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байвал хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан ЗТО-д холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримт, ул мөрийн байрлалыг нарийн тодорхой тэмдэглэн бэхжүүлсний дараа зорчих хэсгийг чөлөөлж болно.
1991 ба 1996 оны дүрэмд:
- 1985 оны дүрмийн дээрх заалт бараг хэвээр тусгагджээ.
2004 оны дүрэмд:
2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;
г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно;
д/ шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах.
2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.