Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
ДӨРӨВДҮГЭЭР АНГИ
Олны жагсаал цуваа ба цэргийн ангийн зорчих явах нь
Арван дөрөвдүгээр зүйл. Жагсаалын цуваагийн удирдагчид ба цэргийн ангийн дарга нарын үүрэг:
а/ цувааг гудамж (зам)-ийн баруун талаар явган хүний явах гишгүүр (зах)-ийн дагуу явуулах бөгөөд үүнд 4 хүнээс илүүгүйгээр зэрэгцүүлэх.
э/ хүүхдийн цувааг явган хүний явах гишгүүрээр 2, 2-оор зэрэгцүүлэн явуулах.
и/ цуваануудын ар завсраараа хөндлөн гарч болохоор хоорондоо зайтай явах.
о/ гүүрээр гарахдаа хөлөө нийлүүлэн явж үл болмой.
ө/ харанхуй цагт цуваагийн сүүлийн эгнээгийн зүүн үзүүртээ чийдэн мэт улаан гэрэлтэй байваас сайн эсбөгөөс ар ба хажуу талаас сайн үзэгдэх гэрэл барьж явбаас зохимой.
Арван тавдугаар зүйл. Зорчих явахын чигийг өөрчлөх явдал тохиолдоход цуваагийн удирдагчдаас гудамж зэргийг хөндлөн гарахад аюулгүйг урьдаар лав мэдэж хөдлөх үүрэгтэй.
Арван зургадугаар зүйл. Зорчих явахыг зааж бүхий уулзуур газарт ойртохдоо цуваагийн удирдагч нь цааш явах өөрийн чиглэлийг гараараа зааж мэдэгдэх үүрэгтэй бөгөөд уулзуураар гагцхүү цагдаагийн дохио харж нэвтрэн өнгөрвөөс зохимой. Хэрэв цагдаагүй уулзуур газар цуваагийн удирдагч өөрийн цувааг өнгөрүүлэхийн тул тэрэг хөсөг зогсох тухай дохиог тэрэг хөсөг жолоодогчдод гараа өргөх буюу туг дарцгаар дохио өгөх үүрэгтэй.
Арван долдугаар зүйл. Цуваанд явах хүн цугларах газар ба мөн цуваагийн зорчин өнгөрөх маршрут, энэхүү цуваанд явагчдын тоо олон учраас гудамжийн зорчих явах журмыг зөрчих явдал гармаар ахул энэ тухайгийн учрыг Улсын цагдан сэргийлэх газартай урьдаар харилцан ярилцваас зохимой.
Арван наймдугаар зүйл. Хүүхдийн цуваа гудамжны гагцхүү уулзуур газраар хөндлөн гарваас зохимой.