Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

ТАВДУГААР АНГИ

Тэрэг хөсөг жолоодогчдын үүрэг

 

Арван есдүгээр зүйл. Төрөл бүрийн тэрэг хөсөг жолоодогчдын үүрэг нь:

а/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газраас олгосон бөгөөд тухайн төрлийн тэрэг жолоодох эрх бүхий үнэмлэхээ тэрэг жолоодогчид нь хэзээ ямагт биедээ авч явах ёстой.

э/ замд явах бичгийг тэрэг жолоодож явах цагтаа биедээ авч явах ба олон нийтийн хэрэглэх автобусын жолоочид тэрхүү зам явах бичгийн оронд маршрутын бичиг, жич мөн тусгайлан ногдсон хувийн тэрэг бүхий дипломат төлөөлөгчдийн тэрэг жолоодогчид техникийн паспорттой явбаас зохимой.

и/ ажилд гарахдаа ба ажлын үед машин тэргийн байдал хийгээд зэвсэг багаж бэлхэн буй үгүй ба бүтэн бүрнийг сайтар шалган үзэх.

о/ ажилд гарах ба шугамын газар болон гараашаас хүлээн авахдаа тус дүрмийн 24, 25 дугаар ангийн дотор заасан зүйлд нийлүүлэн тухайн тэргийг бүтэн бүрнээр хүлээн авснаа зам (маршрут)-ын бичигт гарын үсэг зурж батлах.

ө/ тухай бүрийн маршрут ажилд гарсан ба ирсэн цагаа зам явах бичигт цаг тухайд тэмдэглэн бичих.

н/ жолоочийн үнэмлэх, зам явах (маршрут) бичиг буюу техник паспортыг Улсын цагдан сэргийлэх газрын ажилчдын ирсэн тухайд үзүүлэх.

б/ замын тэмдгийн заавар заагч зүйл хийгээд цагдан сэргийлэхийн ажилчдын тушаалыг бусад хүмүүсийн зааврыг харгалзахгүйгээр ямар ч үг дуугүй нэн даруй гүйцэтгэх.

гэ/ тэрэг хөсгийг нэн даруй зогсоох шалтгаан:

1. Цагдан сэргийлэх газрын ажилчдын дуудсанд зогсоох. Үүнд зогсох тухай холбогдох бүх дүрмийг сайтар дагах хэрэгтэй.

2. Зохион байгуулалттай зорчин цуваа, цэргийн ангийн удирдагчдын гараа өргөх буюу дарцгаар дохиолох дохиогоор зогсох.

га/ цагдан сэргийлэхийн ажилчдаас албаны үнэмлэх үзүүлмэгц тэрэг хөсгийг тэдгээрийн эрх мэдэлд ямар ч үг дуугүй бөгөөд төлбөргүй шилжүүлэн хэрэглүүлэх цаг үесийг дурдваас:

1. Цагдан сэргийлэх газрын ажилчдаас дутаан яваа хүмүүсийг мөрдөн хөөх.

2. Эмнэлгийн түргэн тусламж үзүүлбээс зохих хүмүүсийг эмнэлгийн газарт тээвэрлэн аваачих.

3. Осол эвдрэл, гэнэтийн аюул буюу цаг бусын аюул тохиолдсон газарт хүрэлцэн очих эдгээр болой.

Тэрэг хөсөг хэрэглэсэн цагдан сэргийлэхийн ажилчин болвоос тийнхүү хэрэглэсэн явдлаа өөрийн нэр тушаал албаны үнэмлэхийн дугаарыг тодорхойлон жолоочийн зам явах бичигт тэмдэглэх ёстой.

Хорьдугаар зүйл. Автобус жолоодогчид, зогсох газраа зогсоод кондуктор дохио өгсөн дараа ба сууж явагчид гарсан хойно сая хөдлөн явмой.

Хорин нэгдүгээр зүйл. Жолооч нарт цаазтай зүйлүүд нь:

а/ техникийн талаар бүрэн бус машин буюу мотоциклетоор явахаар гарч явах.

э/ их бага алин боловч ууж согтууран машин жолоодож үл болох.

и/ жолоодох үнэмлэхгүй буюу үнэмлэхтэй боловч замын хуудсанд дурдагдаагүй хүмүүст жолоог шилжүүлж үл болмой.

о/ тэргийн гишгүүр кузовын зах ирмэг дээр хүнийг зогсоож суулгаж үл болох. Тэрчлэн ачааны тэргийн кузов дотор зогсож үл болмой.

ө/ таван тонноос дээш ачаа даах машины кабинд 3 хүн сууж болмой. Түүнээс доош хэмжээний аливаа нэгэн машинуудад нэгээс илүү хүн суулгаж үл болмой.

н/ нэмэгдэл суудал ба гишгүүргүй мотоциклетоор хүнийг суулган авч явж үл болох.

Хорин хоёрдугаар зүйл. Автобусын жолооч нар мөнхүү автобусын явж ахуй цагт үйлдэж үл болох зүйл нь:

а/ ярилцах.

э/ юм идэх.

и/ автобус гүйцэд зогсохын өмнө хаалгыг нээх.

о/ жолоочийн суудлын газарт хүмүүс суулган явж үл болох эдгээр болой.

Хорин гуравдугаар зүйл. Тэрэг жолоодогчдоос өөрийн эдлэн хэрэглэж буй машиныг цагдан сэргийлэхийн ажилчдын шийдвэрээр буюу өөрийн гараашийн дарга, механикч нарын тушаалаар бусдад шилжүүлэн, өөрийн зам явах бичиг дээр тэмдэглэвээс зохимой.

Хорин дөрөвдүгээр зүйл. Эвдрэл ба гэнэтийн аюул гарахад жолоочийн үүрэг ямар болохыг дурдваас:

а/ нэн даруй зогсох.

э/ хохирсон этгээдэд тусламж үзүүлэх.

и/ хохирсон этгээд буюу цагдаагийн эрэлтийн ёсоор үнэмлэх бичгээ үзүүлэх.

о/ гарсан аюул гэмтлийн тухайг ойрын постын зогсож буй цагдаа буюу цагдан сэргийлэхэд мэдүүлэх.

ө/ хүн гэмтэж амь сүйдсэн явдал бүхий эвдрэл гарахад уг эвдрэлд учирсан тэрэг хөсөг нь бусдын явахад саад учруулахгүй аваас түүнийг цагдан сэргийлэхийн төлөөлөгч хүрч иртэл байраас хөдөлгөхгүйгээр зохих газарт мэдүүлээд цагдан сэргийлэхийн төлөөлөгч ирэх хүртэл хүлээвээс зохимой.

Эмнэлгийн тусламж нэн даруй дуудан ирүүлэх болмой. Үгүй аваас жолооч нь гэмтсэн этгээдийг ойрын больниц, өвчтөнийг хүлээн авах газар буюу амбулаторт нэн даруй хүргэн аваачаад тэрхүү газарт өөрийн нэр машины дугаарыг бүртгүүлэн тэмдэглүүлэх үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»