Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
АРВАН ХОЁРДУГААР АНГИ
Хөсөг тэргийг эргүүлэх ба ухруулахуй нь
Тавин тавдугаар зүйл. Зүүн тийш эргэх ба мөн буцах жолооч нар гараар буюу хаалгаар урьдаар дохио өгч, явдлыг удаашруулан огцом эргэлгүй уулзуурын дунд хүрээд, бусад хөсөгт саад болохгүй зогсмой.
Жич тэрхүү замд шулуун явж буй машин тэрэгний зэрэг хөсөг тохиолдохгүй аваас өөрийн явах зүгт эргүүлэн явж болмой.
Тавин зургадугаар зүйл. Постын цагдаа бүхий уулзуур дээр зүүн тийш эргэхэд гагцхүү цагдаагийн «болмой» хэмээсэн дохио өгөхөд сая эргэмой.
Тавин долдугаар зүйл. Баруун тийш эргэхэд жолооч урьдаар гараар буюу хаалгаар дохио өгч явцын хурдыг бууруулан явган хүний гишгүүр (замын хажуу) тийш яаралгүй ойртож хөсөг тэрэгний явдалд саад болохгүй бөгөөд явган хүмүүст зам тавьж буланг явган хүний явах хурдаар тойрмой.
Тавин наймдугаар зүйл. Аль ч нэгэн үед жолооч эргэхдээ явган хүмүүсийн хурдаар бусад явдалд саадгүй болох орчин тойронд аюул хүргэхгүй явах ёстой.
Тавин есдүгээр зүйл. Жолооч нар хөсөг тэргийг ухруулахдаа ард юмгүй зам сул гэгчийг өөрийн биеэр үзэж мэдэх буюу хүнээр харуулж явган хүний явдлаар хөдлөн онц болгоомжловоос зохимой.
Жардугаар зүйл. Хөсөг тэргийг ухруулж үл болох нь:
а/ гудамж (зам)-ийн булан дээр.
э/ уулзуур дээр ба түүний ойролцоо газар.