Mongolian Traffic Research Institute

Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн

30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ

 

АРВАН НАЙМДУГААР АНГИ

Хялбар шатах тэсэрдэг зэрэг бусад аюул бүхий ачааг тээх тухай

 

Ердүгээр зүйл. Цагдан сэргийлэх газраас тус бүрд зөвшөөрлийг олгоогүй цагт тэсэрдэг эдийг зөөх буюу тээх хөсгийг хэрэглүүлж үл болмой.

Ерэн нэгдүгээр зүйл. Гараашийн дарга буюу суулцаж явагчид мөн жолооч нар нь аялан хөдлөхийн урьд аюул бүхий хорт эд зэрэг ачаанд өөрийн техник ба бусад зүйлийг гал түймэрт орох гэм хоргүй болгох аргыг шалган үзвээс зохимой. Дээр өгүүлсэн ачааг тээх хөсөг тэрэгний бүрэн бүтэн хийгээд зохистой болохыг зам явах бичиг дээр тусгайлан баталсан баймой.

Ерэн хоёрдугаар зүйл. Хялбар шатах ба аюул бүхий ачааг гагцхүү гал түймрээс арчлах гэм хорыг арилгах хийгээд тээх ачааны тус бүрийн байдалд зохицуулан зохих хамгаалалт бүхий бүрэн бүтэн хөсөг тэргээр зөөж болмой.

Авто хөсөгт эрх биш 2 гал унтраагч байх ба мөн бусад түймрийн хэрэгсэл байваас зохимой. Янданг радиаторын доогуур гаргаваас зохимой.

Хөсөг тэргээр хялбар шатах буюу бусад аюултай ачааг үргэлжид зөөх бус онцгой үед янданг хуучин хэвээр байлгаж болох боловч утаа ба галын гаралтыг доош газар руу гарахаар болгон зохиох хэрэгтэй.

Ерэн гуравдугаар зүйл. Шатах зүйлийг тээх хөсөг тэргийн хажуу ба ард гал аюултай хэмээх үсгийг 200 миллиметрээс доошгүй өргөн бичсэн буюу ийм үсэг бүхий самбартай байваас зохимой. Түүний гадна авто хөсөг (цистернээс бусад)-т өөрийн өмнөд хоёр цахилгаан гэрэл арын хашлаганд нэгэн улаан өнгийн цахилгаан гэрлийг тус тус хийж харанхуй болох буюу юм үзэгдэхгүй цагт асаамой.

Ерэн дөрөвдүгээр зүйл. Хялбар шатах ба аюул бүхий ачааг тээх хөсөг тэргийг гагцхүү хуучин томоотой бөгөөд замыг сайтар мэдэх жолооч нар жолоодож болмой. Аливаа нэгэн зүйлийн хөсөг тэрэгний жолооч тэрхүү ачааг хүлээн авах ба хүлээлгэн тушаах газраас хэрхэн зөөх ачих, буулгах журмыг заалгаж мөн зааврыг ёсоор дагаваас зохимой. Үүний гадна аюул бүхий ачаа барааг уул ачааны эзнийг төлөөлөх мөн ачааны чанарыг мэдэн ажиллан арчилж чадах хүн хамт дагаж явбаас зохимой.

Ерэн тавдугаар зүйл. Тээх ачааг сайтар баглаж сайнаар татаж бүтээн явах цагт гоожих хийгээд хөдөлж шилжихгүй болгох хэрэгтэй аюултай ачааг зөөлөн дэвсгэр дээр ачмой. Ачааг ачих буулгахад тусгай өргөх хэрэгсэл ба төмөрлөг багажийг хэрэглэж үл болмой. Ийм ачаан дээр хүнийг суулгаж үл болмой.

Ерэн зургадугаар зүйл. Хүн суулгах ба хүлээн авах газар бичсэн зам явах бичигт дурдсанаас илүү ямар нэгэн ачааг бараа мөн шатах зүйл бүхий зүйлийг тээж үл болмой.

Ерэн долдугаар зүйл. Аюултай ачааг чиргүүлээр тээж үл болмой.

Ерэн наймдугаар зүйл. Хэрэв хялбар шатах буюу аюул бүхий эдийн сав гэмтэж гудамж (зам) дээр унаваас жолооч даруй зогсож орчин тойронд аюул бүхийг мэдэгдэн гэм хоргүй болгох аргыг хиймой. Мөн үүний хамтаар ойрын постын цагдаад эл учрыг мэдүүлбээс зохимой.

Ерэн есдүгээр зүйл. Аюултай ачааг тээх авто, хөсөг суурин газраар явахдаа цагт 15 километрээс хурдан явж үл болмой.

Зуудугаар зүйл. Их манантай ба гялгар мөс тогтсон цагт аюултай ачааг тээж үл болмой.

Зуун нэгдүгээр зүйл. Аливаа нэгэн хялбар шатах ба аюултай ачааг тээх хөсөг тэрэгний жолооч нарын үйлдэж үл болох зүйлүүд.

а/ замд явах буюу зогсох газар гал түлэх, тамхи татах биед шүдэнз хийгээд бусад хялбар шатах юм авч явах.

э/ нэгэн газраас огцом ухасхийн хөдлөх.

и/ бусад хөсөг тэргийг гүйцэн өнгөрөх.

о/ гэнэт огцом тоормослох.

ө/ арааг салгаж шааригдан явах.

н/ түр зогсох газарт машинаас холдох.

б/ ачаатай автомобилийг гараашид хэвээр орхих эдгээр болой.

Зуун хоёрдугаар зүйл. Хялбар шатах ба бусад аюул бүхий ачааг тээсэн автомобильд шатах зүйлийг хийж болохгүй, хол газар явахад шатах зүйлийг хийж болох боловч тэр үед моторыг унтраах ёстой.

Зуун гуравдугаар зүйл. Үүнд дурдсан түргэн шатах зэрэг аюул бүхий зүйлийг агуулах сав, банк зэргийг тээвэрлэх бол эл дүрэмд заасныг нэгэн адил журамлан дагаваас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»