Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
ХОРИН НАЙМДУГААР АНГИ
Тэрэг тээвэр бүхий газрын удирдагчдын үүрэг зүйл
Зуун гучин есдүгээр зүйл. Гараашийн дарга хувийн тэргэдийн эздийн зэрэг тэрэгний техник байдал хэрэглэх явдлыг хариуцах хүмүүс биеэр үүргийг хүлээн хариуцаж гүйцэтгэх зүйл нь:
а/ уг тэргийн зүйлийг техникийн талаар ямар ч гэм дутагдалгүй байлгаваас зохимой.
э/ тэргийг гараашаас гаргахын өмнө бүрэн бүтэн ажиллагаатай эсэхийг магадлаваас зохимой.
и/ ажилд явуулах тэрэг тутамд зам явах бичиг хуудсыг машин нэг бүрт олговоос зохимой.
о/ жолоочийн зам явах бичигт уг машины бүрэн бүтэн эсэх ба жолооч нь үнэмлэхтэй эсэхийг шалгасан гарын үсэг буюу тэмдэг дарсан байваас зохимой.
ө/ зам явах хуудсанд жолоочийн нэр, тэрэгний дугаар тэмдэг, ажилд гарсан цаг, эргэж ирсэн цагийг цөм тэмдэглэвээс зохих үүнд, эл хуудсанд гараашийн дарга буюу түүний орлогч хүн гарын үсэг зурваас зохимой. Зам явах буюу зорчих замын хуудсанд уг тэрэгний эзэн болох газрын бичгийн нүүрийн тэмдэг үсэг буюу тэмдгийг дарсан байваас зохимой.
н/ тэргийг жолоодуулж үл болох нь:
1. Тэргийг барих үнэмлэхгүй хүмүүсээр жолоо бариулж үл болмой.
2. Ажил хийж буй үест архи уусан буюу архи үнэртэх төдий авч машин жолоодуулж үл болохыг хатуу цаазалсугай.
б/ жолооч нарыг өөр машин тэргэнд шилжүүлэн хэрэглэхдээ тэрхүү тэргийг хэрхэн жолоодохыг урьдаар таниулан олговоос зохимой.
гэ/ цас мөстэй буюу манан будан бүхий цаг үесийн зэрэг онцын байдалд тэргийг хэрхэн жолоодвоос зохихыг зааварлаваас зохимой.
га/ жолооч нараар тэрэг жолоодуулахын хамтаар ачаа ачих буулгах ажлыг хийлгэж үл болмой.
в/ жолооч нарыг албан ажилд авах үест биеийн байцаал хуудсыг бичиж тэр хуудсанд нэр овог, суух газар, төрсөн он сар, машин жолоодох үнэмлэхийн дугаарыг тэмдэглэвээс зохихын дээр цаашид шагнагдсан ба шийтгэсэн зүйлийг мөн нэгэн адил тэмдэглэж жолоочийн албанаас чөлөөлөхөд тэрхүү хуудсыг уг газар байцаал болгон хадгалваас зохимой.
Зуун дөчдүгээр зүйл. Тэрэг осолдох гэмтэхийн зүйл гарваас гараашийн дарга нар ба албан газар байгууллагын дарга эрхлэгчид буюу хувийн тэрэг аваас түүний эзэд тэр тухай Улсын уурын тэрэгний хэлтэс буюу Цагдан сэргийлэх газарт уг гараашийн буй газрын харъяагаар мэдэгдвээс зохимой. Гараашийн дарга энэ тухай учрыг Улсын уурын тэрэгний хэлтсийн буюу Цагдан сэргийлэхийн газарт уг гараашийн дэвсгэр газрын харьяагаар зогсоохоор шууд мэдэгдэх үүргийг хүлээмой. Хэрэв ихээхэн гэмтэл осол гарсан аваас уг тэргийн эрхлэгчдийн нэгэн заавал биеэр тэрхүү гэмтэл гарсан газар хүрэлцэн очвоос зохимой.