Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
Хавсралт дугаар 1
ЗАМЫН ТЭМДЭГ
2. Хорих тэмдэг
Аливаа тэрэг хөсөг явж болохгүй хэмээсэн тэмдэг. Энэ тэмдэг болвоос аливаа тэрэг хөсгийн зүйлийг нэвтрэн явж болохгүй хэмээжээ.
Зураг 6
Хэрэв эл тэмдгийн ойр газар хүрэх хэрэг буй аваас ойр хавийн нарийн гудамжаар явж хүрвээс зохимой. Хэрэв тийм гудамж байхгүй аваас уг хүрэх газарт тэрхүү өнгөрөн гарах газрын ойролцоо бололцоо бүхий газраар өөр арга хэрэглэж хүрэлцэн очиж болмой.
Үүнд зөвхөн нэг зэрэг зүглэн явах тогтоолтой газарт эл тэмдгийн талаас орж үл болмой.
Уурын тэрэг явж үл болмой
Энэ тэмдэг аливаа уурын тэргийг нэвтрэн явж үл болмой хэмээжээ. Мотор дугуй мөнхүү энэ хориглолд нэгэн адил багтмой. Хэрэв энэ тэмдэг тавьсан гудамжинд орох хэрэг гарваас дээр дурдсан зүйлийг дагаж тусгай зөвшөөрөлтэй орвоос зохимой.
Зураг 7
Хэрэв дан ганц ачааны уурын тэргийг явж үл болох хэмээвээс энэ тэмдэгт ачаа даацын хэмжээ тонныг тоогоор заамой. Үүний эл тэмдэг бүхий гудамж замд тэмдгийн заасан тоотой адил хэмжээний заавал даан чадах буюу түүнээс илүү ачих тэрэг явж үл болмой. Хэрэв эл тэмдэг бүхий гудамжинд орох хэрэг гарваас дээр дурдсан зүйлийг дагаж гүйцэтгэн орж болмой. Үүнд 19 дүгээр зүйлд дурдсан дүрмийн ёсоор хүнийг зөөх ачааны тэрэг, шуудан бичгийн тэрэг, хоол хүнс зөөх тусгай хашлагатай уурын тэрэгт энэхүү тэмдэг хамаагүй.
Үхэр, морин тэрэг явж үл болмой
Энэ тэмдэг болвоос аливаа тэрэгтэй буюу морьтой хүнийг нэвтрэн гарахыг цөм цаазалж хэрэв нэвтрэн орох хэрэг гарваас дээр дурдсан зүйлийг дагаж гүйцэтгэвээс сая болмой.
Зураг 9
Дугуйгаар явж үл болмой
Энэ тэмдгийн дэргэд хүрэх хэрэг гарваас дугуйнаас буугаад гартаа хөтөлж явбаас зохимой.
Зураг 10
Удаан зогсож үл болмой
Энэ тэмдэг болвоос тэргийг удтал зогсоож болохгүй хэмээсэн болой. Тэрэг гагцхүү хүн буулгах суулгах ачаа хүлээн авах буулгахын тухайд зогсож болмой.
Зураг 11
Хэмээсэн үсгийн доор буй тоо энэ тэмдгийн орчин тойрон хичнээн хэмжээний газар энэ тэмдгийн дүрэм хүчинтэйг заажээ.
Зогсож үл болмой
Энэ тэмдэг болбоос түр зогсохыг ч бүрмөсөн цаазалж зурагтай талд 50 метрийн газрын дотогш хүчинтэй.
Зураг 12
Хэрэв явган хүний явах замын хажууд тавьсан аваас энэ тэмдэг гагцхүү замын өрөөсөн талд хүчинтэй агаад хэрэв зам буюу гудамжийг голд босгосон аваас түүний хоёр талд цөм хүчинтэй болмой.
Хурдыг хязгаарлах
Энэ тэмдэг түүний заан тодорхойлсноос илүү хурдан явахыг цаазалжээ. Хотын гаднах замд энэ тэмдэг 1 километрийн дотор хүчинтэй.
Зураг 13
Хотод өнгөрөн гарах газрын эхэнд энэ тэмдгийг тавьсан аваас 2 уулзрын буюу 2 талбарын хоорондох газарт хүчинтэй.
Зөвшөөрсөн чиг
Энэ тэмдэг замын уулзарт тэрэг хөсөг чухам ямар зүг чигийг заавал барьж явбаас зохихыг заан тогтоомой. Үүний сумын заалтаар эс заасан зүгт явж үл болмой.
Зураг 14
Өнгөрөн гарах газрын эхэн буюу дундад тэмдгийг тавьсан нь шулуун шуудаар чиглэн явахыг заасан аваас нөгөө нэгэн уулзар хүртэл зүүн гарын тийш эргэж буюу буцан эргэж үл болмой. Хэрэв гудамж буюу замын туушид эсбөгөөс түүний хэсэг хэсэгт уулзар бүрд зүүн тийш эргэхийг цаазалсан тэмдэг тавьсан аваас бүх зам буюу гудамжийг туушид буюу түүний тухайн хэсэгт эргэх тойрохыг хорьсон болмой.