Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Хөдөлгөөний хурдны хязгаарлалт

 

37. Хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахын тулд авто хөсгийн хурдыг дор заасан хэмжээгээр хязгаарлана.

Зам чөлөөтэй, сайн үзэгдэж байгаа, хурдыг хязгаарласан тэмдэг байхгүй бөгөөд хөдөлгөөнд аюулгүй байвал хот, суурин газруудад суудлын автомашин, мотоцикл цагт 30-аас илүүгүй, автобус цагт 25, 2 тонноос дээш даацтай ачааны автомашин цагт 20, чиргүүлэгтэй ачааны автомашин цагт 15, өөрөө явагч механизм гинжээр хөдлөгч машин цагт 15, дугуйтай хүмүүс цагт 10, ердийн хөсөг цагт 5 км-ийн хурдтайгаар явахыг зөвшөөрнө.

38. Хот, суурин газраас гадагш хөдөөгийн замд авто хөсгийн явах хурдны хэмжээг газар орон, замын байдал хир зэрэг үзэгдэж байгааг харгалзан, жолооч өөрөө тохируулан явах боловч, цагт 45 км-ээс хэтрүүлж болохгүй. Жолооч хүн ямар нэг саад болох зүйл зам дээр гэнэт тохиолдох үед авто хөсгийг шууд зогсоох боломжтой явахыг анхаарах ёстой.

39. «Сирен» маягийн дуут дохиотой автомашин үүргээ гүйцэтгэж явах үедээ орчин тойронд аюул учруулахгүйгээр шуурхай ажлыг цаг тухайд нь биелүүлэхэд шаардагдсан хурдтайгаар явахыг зөвшөөрнө.

«Сирен» маягийн дуут дохио өгсөн автомашинд бусад хөсгийн жолооч нар замыг саадгүй тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.

40. Авто хөсгийн хөдөлгөөний хурдны хэмжээг цагт 15 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:

а) төрөл бүрийн анхааруулсан тэмдэгтэй газраар явж өнгөрөх;

б) гудамж, замын уулзуур, явган хүмүүсийн гарцыг хөндлөн гарах;

в) төмөр замын гарцаар гарах;

г) тэсрэх дэлбэрэх аюул бүхий ачааг тээвэрлэж яваа үед;

д) авто хөсөгт нь техникийн гэмтэл тохиолдож, гараждаа буцаж очихоор яваа үед, мөн авто хөсгийг чирч яваа үед;

е) бороо, цас орж байгаа ба мөсөдсөн замаар явах үед;

ж) хоёр талын хөдөлгөөний зорчин явах хэсгийн өргөн нь 5 метрээс дээшгүй гудамжинд харанхуй цагт буюу агаарын байдал муухай байхад өмнөөсөө ирж яваа ямар нэгэн хөсөгтэй зөрж өнгөрөх үед тус тус 15 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.

41. Бүх төрлийн хөсгийн хөдөлгөөний хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:

а) зохион байгуулалттай жагсаал, цувааны хажуугаар өнгөрөх;

б) замын уулзуур дээр баруун, зүүн тийш ба гэдрэг эргэж явах;

в) ухрах хөдөлгөөний үед;

г) хашаан дотор орох үед;

д) харанхуй манан, будан татаж, өмнөх зам муу үзэгдэж байгаа үед;

е) гүүрт ойртож ирэх, гүүрээр гарах үед;

ж) хашаанаас гарах, мөн хөдөлгөөн бүхий төв замд орох үед тус тус 5 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.

42. Авто хөсгийн жолооч хөсгийн хурдыг хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан хязгаарлаж явбал зохих нь:

а) сургууль, эмнэлэг, дэлгүүр, үзвэрийн газруудад ойртож яваа үед;

б) «явган хүмүүс», «дуут дохио өхийг хориглоно», «нэвтрэн гарахыг хориглоно» гэсэн тэмдэгтэй газруудад ойртож яваа үед;

в) огцом эгц уруу буух үед;

г) буудал дээр зогсож байгаа автобусны дэргэдүүр ойрхон өнгөрөх;

д) замын зорчин явах хэсэг дээр ямар нэг ажил явагдаж байгаа газраар өнгөрөх үед тус тус хурдыг хязгаарлан тохируулж явна.

43. Ямар нэгэн аюул учруулахгүйн тулд авто хөсгийн жолооч нар замын дагуу яваа малаас аль болох холуур явж өнгөрөх, мөн мал тууж яваа хүнээс дохио өх буюу гүүрээр мал гарч байгаа үед авто хөсгийг зогсоох үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»