Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРАВДУГААР БҮЛЭГ

Замын уулзуурыг нэвтрэх хөдөлгөөн

 

44. Зохицуулагддаг хөдөлгөөнтэй замын уулзуурт ойртож ирсэн авто хөсгийн жолоочид хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа биеэрээ буюу гэрэл дохиогоор хөдөлгөөнийг хориглосон дохио өгвөл тэр жолооч авто хөсгийн зогсох шугам буюу «зогс» гэсэн заалтаас 1 метрийн зайтай мөн өгсүүр буюу уруу газарт бол өмнө зогсож байгаа авто хөсгөөс 2 метрийн зайтай зогсоох үүрэгтэй.

45. Замын уулзуурын наад талд авто хөсөг зогсох шугам буюу «зогс» гэсэн заалт байхгүй боловч замын зорчин явах хэсэг дээр «явган хүний гарц» гэж заасан байвал, авто хөсгийн жолооч өөрийн хөсгийг явган хүний гарцаас 2 метрийн зайтай зогсоох ба хэрэв «явган хүний гарц» гэсэн заалтгүй газарт бол замын уулзуураас 4 метрийн зайтай зогсоох үүрэгтэй.

46. «Сирен» маягийн дуут дохиотой авто хөсөг зам чөлөөтэй байвал замын уулзуурыг шууд нэвтрэн гарч болно. Авто хөсгийн жолооч нар замын уулзуурт ойртож ирмэгц, дор заасан зүйлийг гүйцэтгэх үүрэгтэй:

а) хөдөлгөөний аюулгүй байдлыг дүүрэн хангах боломжтой болгон, хурдыг хасна;

б) хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн заалтыг дагаж биелүүлнэ.

47. Замын уулзуур талбай дээр хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа байхгүй байвал, авто хөсгийн жолооч нар замын уулзуур талбайг нэвтрэн гараад цаашид аль чиглэлээр явахаа харгалзахгүйгээр авто хөсгийн хурдыг зохих хэмжээнд хүртэл хасаж, гудамж, замын уулзуур, талбайг нэвтрэн гарах эрхтэй. Тэхдээ уг хөдөлгөөн нь бусад авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байвал зохих үүнд:

а) төв гудамж, засмал замаар явж байгаа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байна;

б) адил чанарын огтлолцсон замаар хөндлөн гарахдаа түүгээр өгсөж уруудаж яваа хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй өнгөрүүлнэ;

в) адил чанарын замыг хөндлөн гарахдаа автобус, суудлын автомашин, мотоцикл, ачааны автомашин гэх зэргээр хөдөлгөөний дарааллын журмыг хатуу баримтлан гарна;

г) адил чанарын замын уулзуурт 2, 3 талаас зэрэг ойртож ирсэн нэг төрлийн авто хөсгийн аль баруун гар талдаа саадгүй байгаа хөсгийг урьдчилан өнгөрүүлнэ.

48. Хөдөлгөөнийг зохицуулдаггүй замын уулзуураар авто хөсөг аль ч чиглэлд нэвтрэн явж болно. Гэвч эргэж тойрох хөсөг нь шулуун яваа хөсөгт зам тавьж өх ёстой.

49. «Сирен» маягийн дуут дохиотой авто хөсөг, цэргийн авто цуваа нь зохицуулагддаггүй хөдөлгөөнтэй гарцыг ээлж дараа гэхгүйгээр нэвтрэн гарах эрхтэй бөгөөд харин хурдын хэмжээг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаар хассан байх ёстой.

50. Гудамж, зам дээр эргэж өөр чиглэлд явах гэж байгаа хөсгийн жолооч чигээрээ явах хөсөгт зам тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»