БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гүйцэж түрүүлэх журам
56. Өмнө яваа хөсгийг гүйцэж түрүүлэх нь сайн үзэгддэг зам дээр авто хөсгийн зүүн гар талаар зөвшөөрөгдөх бөгөөд харин гүйцэж түрүүлэх үедээ буюу гүйцээд түрүүлсний дараа хойноосоо юм уу, өмнөөсөө ирж яваа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй, түүнийг огцом эргэж замын хажуу руу гарах байдалд хүргэхгүйг сайтар анхаарах ёстой.
Хотоос гадагш замд гүйцэж түрүүлэхдээ замын дундуур явж болох боловч, ямар ч аюулгүй гэдгийг урьдчилан анхаарах ёстой. Эмнэлгийн түргэн тусламж, гал командын авто машинууд хоёр талын хөдөлгөөнтэй гудамжинд түрүүчийн авто хөсгийг гүйцэж түрүүлэхдээ замын гол тэнхлэгийн шугамын нөгөө талд гарах явдлыг зөвшөөрнө.
Гүйцэж түрүүлэхийн тулд авто хөсгийн жолооч урьдаар дуут дохио өгч өмнөө яваа авто хөсгийн жолоочид мэдэгдэх бөгөөд харин гүйцэгдэж байгаа хөсгийн жолооч гүйцээд түрүүлэхийг зөвшөөрсөн хариу дохио өгч хурдыг нэмэгдүүлэхгүйгээр хойноос яваа хөсөгт зам тавьж өх үүрэгтэй.
57. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдлыг дурдвал:
а) энэ дүрэм ба замын тэмдгээр тогтоосон хурдыг хэтрүүлэн гүйцэж түрүүлэх;
б) өмнөө яваа авто хөсгийн жолоочоос эргэх дохио өгсөөр байхад түүний эргэхийг хүлээхгүйгээр түрүүлэх.
в) манан, будантай ба хүчтэй бороо орж байгаа үед кабины шил цантсан, өмнөөс ирж яваа авто хөсгийн гэрэл туссанаас болж, зам муу үзэгдэж байгаа газарт түрүүлэх;
г) гүйцэж түрүүлэх үедээ замын гол шугамын нөгөө талд гарах;
д) цагт 5-15 км-ийн хурдаар явбал зохих газарт түрүүлэх;
е) давхар гүйцэж түрүүлэхийг тус тус хориглоно.