БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Авто хөсгийн зогсолт
58. Авто хөсгийн жолооч хөсгийг гудамж, замд зогсоохдоо явж байгаа чигийн дагуу замын зорчих хэсгийн баруун гар талд дугуйтай хүний замд тулаад цувж зогсоно.
59. Дор дурдсан тохиолдолд зогсохыг хориглоно.
а) төмөр замын гарц дээр зогсох;
б) замын уулзуур дээр ба авто хөсгийн гарах, орох хаалганы чигт зогсох;
в) «Автобусны зогсолт» гэсэн газар ба замын уулзуурт 30 метрээс дотогш газарт зогсох;
г) явган хүний гарц дээр ба мөн түүнд хоёр метрээс дотогш газарт зогсох;
д) гүүр дээр зогсох;
е) зорчин явах хэсгийн өргөн нь 5-6 метрийн хэмжээтэй зам дээр зогсох;
ж) өгсүүр ба огцом уруу газарт зогсох;
з) 20 м-ээс цааш юм үзэгдэхгүй газарт (дүгэрсэн зам дээр) зогсохыг тус тус хориглоно.
60. Авто хөсгийн зогсох газрыг (буудлыг) цагдан сэргийлэх байгууллагаас орон нутгийн засаг захиргааны байгууллагатай урьдчилан зөвшөөрөлцөж тогтооно.
61. Дор дурдсан тохиолдолд хөсгийг 5 минутаас илүү зогсоож болохгүй:
а) шатах, тослох материал олгодог газарт 2 метрээс дотогш газарт;
б) явган хүний явах газарт моторт дугуйнаас бусад;
в) албан, үйлдвэрийн газрын барилгаас 10 метрээс дотогш газарт;
г) «гарц» гэсэн тэмдэгтэй газарт;
д) зорчин явах хөсгийн өргөн нь 3 метрээс бага бөгөөд нэг чигийн хөдөлгөөнтэй гудамж, замын зүүн талд;
е) зорчин явах хэсгийн нэг чигийн хөдөлгөөний өргөн нь 5 метрээс бага зам дээр тус тус 5 минутаас илүү хугацаагаар зогсохыг хориглоно.
62. Авто хөсгийн жолооч хөсгийг нэг газарт орхиж явахдаа хүнд раанд нь залгаж гар тормозыг бариулж орхих үүрэгтэй.
63. Авто хөсгийг эзэнгүй орхихыг хориглоно.
64. Авто хөсгийг байрнаас эхэлж явахдаа хөдөлгөөний аюулгүй байгааг урьдчилан хянаж, шулуун хөдөлж байгаа хөсөг өнгөрсний дараа явна.