БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Жолоочийн сургууль хийх тухай
65. Жолооч нарыг бэлтгэн гаргах курс, сургуульд суралцаж байгаа хүмүүсийг авто хөсөг жолоодуулж сургахдаа жолоочийн сургууль, курсийн аль нэгэн багшийн удирдлагаар гүйцэтгэнэ.
66. Жолооны сургуульд практикаар сургаж байгаа багш авто хөсгийг жолоодох практик хийж байгаа сурагчийн дэргэд явж байхдаа авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэх, жолоочийн сургууль, курст хичээл заахыг зөвшөөрч, улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн олгосон үнэмлэх зэргийг биедээ авч явах үүрэгтэй.
67. Сургууль курсээс гадуур биеэ дааж суралцагчид дадлага, туршлагатай жолоочийн удирдлагаар дагалдан хийнэ.
68. Өөрийн авто аж ахуйд автомашины жолооч нарыг шинээр бэлтгэж байгаа албан үйлдвэрийн газрын эрх баригчид автотехникийн хичээл заалгахаар томилогдсон, ажиллаж байгаа багш нарын тухай Улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст цаг тухайд нь мэдэгдэж байх үүрэгтэй.
69. Жолооны практикийн сургуульд ашиглагдаж байгаа бүх автомашин өмнөө буюу хойноо 100 мм өндөр хэмжээний үсгээр (сургуулийн) гэсэн бичигтэй байна. Жолооны сургуульд ашиглагдаж байгаа автомашинд багшийн ашиглахад зориулсан диск холбоо, тормозны нэмэгдэл гишгүүр байх хэрэгтэй.
70. Эмнэлгийн түргэн тусламжийн ба гал түймрийг эсэргүүцэх машин, автобус, суудлын «такси», мөн зорчин явагчдыг буюу аюултай ачаа тээвэрлэж яваа ачааны автомашинаар жолоодох сургууль хийлгэхийг хориглоно. Автомашин, мотоцикл, моторт дугуйг жолоодох сургуулийг улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс заасан талбайд хийлгэнэ. Мотоцикл, моторт дугуйг жолоодох сургууль хийж байгаа хүмүүсийг зам, гудамж, талбайгаар явахыг зөвшөөрөхгүй.
71. Жолоочийн курс, сургуулийг төгсгөж, автомашин жолоодох мэрэгжлийн үнэмлэх авсан шинэ жолооч нарыг заавал 1 сарын дагалдан хийлгэнэ. Дагалдангаар ажиллаж байгаа жолоочийг автомашин жолоодох практик ажиллагаанд сургаж байгаа жолоочийн буюу багшийн замын хуудсанд бичсэн байх ёстой.