Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Замын дохионы тэмдэг

 

139. Замын дохионы тэмдэг бол гудамж, замаар явах бүх төрлийн хөсгийн хөдлөх нөхцөл байдлыг зааж мэдүүлэх зорилготой юм. Замын дохионы тэмдэг өөрийн утга агуулгын хувьд 3 янз байна. Энэ нь анхааруулах тэмдэг, хориглох тэмдэг, заах тэмдэг юм. Анхааруулах тэмдэг нь гурвалжин, хориглох ба заах тэмдэг нь дугариг хэлбэртэй байна.

 

Анхааруулах тэмдзг

1. Анхааруулах тэмдгийг авто хөсгийн зорчин явах замын баруун гар талд, замын зах дээр тавина.

2. Гудамж, замын чухам аль хэсэг нь хөдөлгөөнд их аюултай болохыг автомашины жолооч нарт анхааруулах зорилгоор анхааруулах тэмдгийг тавина. Энэ тэмдэг байгаа газарт автомашины жолооч машиныхаа хурдыг хасах буюу чухал үед тэр даруй зогсоож чадахуйц зөөлнөөр явах үүрэгтэй юм.

3. «Төмөр замын гарц» гэсэн тэмдгийг төмөр замын гарцын хоёр талд тавина. Төмөр замын гарцын хоёр талд тус бүр хоёр тэмдэг тавих бөгөөд түүний нэгийг гарцаас 150 метр, нөгөөг 50 метр зайтай тус тус тавина.

 

 

4. «Замын уулзуур» гэсэн тэмдгийг замын уулзуур буюу зам салах газраас 150 метрийн зайтай тавина.

 

 

5. «Тахир зам» гэсэн тэмдгийг замын тахир буюу дүгрэглэх хэсгээс 150 метр зайтай тавих бөгөөд замын дүгрэглэсэн буюу тахир хэсэг нь 2000 метрээс илүү үргэлжилсэн байвал 2000 метр тутмын дараа энэ тэмдгийг дахин тавина.

 

 

6. «Баруун гар тийшээ эргэх» гэсэн тэмдгийг баруун гар тийш огцом эргэхэд замын байдал тодорхой үзэгдэхгүй, хурдан явж байгаад эргэвэл, гулгаж шарвах аюул тохиолдож болзошгүй газраас 150 метрийн зайтай тавина.

 

 

7. «Зүүн гар тийшээ эргэх» гэсэн тэмдгийг зүүн гар тийш огцом эргэхэд замын байдал тодорхой үзэгдэхгүй, хурдан явж байгаад эргэвэл, гулгаж шарвах аюултай газраас 150 метрийн зайтай тавина.

 

 

8. «Эгц уруу, хазгай газар» гэсэн тэмдгийг 25°-аас илүү уруу буюу жинхэнэ тэгш зам нь 20°-аас илүү хазгай газраас 150 метрийн зайтай тавина.

 

 

9. «Аюултай газар» гэсэн тэмдгийг эвдэрхий зам, гүүр буюу зам засварын ажил явагдаж байгаа, эсвэл халтиргаа ихтэй газраас 150 метрийн зайтай тавина.

 

 

10. «Гол зам» гэсэн тэмдгийг төв замд нийлэх 2-р зам, уулзуур дээр уулзуураас 25-35 метрийн зайтай тавина.

Жолооч нар төв замаар яваа авто хөсгөнд зам тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.

 

 

Хориглох тэмдэг

1. Бүх хориглох тэмдэг түүнийг тавьсан газраас эхлэн, хөдөлгөөний чиглэлийн дагуу хамгийн ойрын талбай, гудамж замын уулзуур хүртэл хүчинтэй байна.

2. «Нэвтрэн гарахыг хориглох тэмдэг» бүх төрлийн хөсөг нэвтрэхийг хориглох боловч, олон нийтийн хэрэгцээний автобус, унадаг дугуй, худалдааны гар тэргийг хөтөлж явах, мөн дутуу тахир бологчдын моторт дугуйгаар нэвтрэн явахыг зөвшөөрнө.

 

 

3. «Автомашины хөдөлгөөнийг хориглох тэмдэг» олон нийтийн хэрэгцээний автобусаас бусад бүх төрлийн автомашин явахыг хориглоно. Энэ тэмдэг нь чирэгч машин, трактор зам барилгын өөрөө хөдлөгч машин, механизмд нэгэн адил хүчин төгөлдөр хамаарна.

 

 

4. «Ачааны автомашины явахыг хориглох тэмдэг» нь уг тэмдэг дээр зааснаас дээш хэмжээний даацтай ачааны автомашины ачаатай, ачаагүй явааг харгалзахгүйгээр түүний нэвтрэхийг хориглох ба тэрчлэн чирэгч машин, трактор, замын барилга, засварын машин, механизмын явахыг хориглоно. Тэмдэг дээр даацыг заагаагүй байвал, бүх төрлийн авто хөсөг, ердийн хөсөг явахыг хориглох боловч, хүн тээвэрлэх тухай тус дүрэмд заасан ёсоор хүмүүсийг тээвэрлэж яваа буюу гал командын автомашин, идэш уушны зүйлийг тээвэрлэдэг тусгай кузовтой автомашин «осол» гэсэн тэмдэгтэй автомашин, шуудангийн автомашин, кузовынхаа хашлага дээр «такси» гэсэн тэмдэгтэй автомашинуудад үл хамаарна.

 

 

5. «Мотоциклээр явахыг хориглох тэмдэг» бүх төрлийн мотоциклээр явахыг хориглоно. Зөвхөн дутуу тахир бологчид моторт дугуйгаар явахыг зөвшөөрнө.

 

 

6. «Дугуйтай явахыг хориглох тэмдэг» дугуй унаж явахыг хориглох бөгөөд хэрэв очих газар нь тэмдгийн дотор талд байвал дугуйгаа хөтөлж нэвтрэхийг зөвшөөрнө.

 

 

7. «Ердийн хөсөг явахыг хориглох тэмдэг» төрөл бүрийн ердийн хөсгийн хөдөлгөөн ба морьтой явах, мал туух зэргийг хориглоно.

 

 

8. Энэ зүйлийн 2, 7 дугаарт дурдсан хориглох тэмдэг бол тухайн хөсөг шууд явж нэвтрэхийг хориглох бөгөөд хэрэв хориглосон дэвсгэр газарт зайлшгүй орох ажил тохиолдвол, тэр гудамжийг цааш нэвтрэхгүйгээр ороод, эргэж гарахыг зөвшөөрнө.

Нэвтрэхийг хориглосон тэмдэгтэй дэвсгэр газарт орсон ямар нэгэн хөсөг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахуйцаар хурдыг бууруулсан байх ёстой.

9. Хориглох (2-7) тэмдэг нэг бүрийн хамаарах дэвсгэр газар нь:

а) хориглох тэмдэг тавьсан газраас эхлэн, ойрын замын уулзуур хүртэл;

б) хориглох тэмдгийг замын уулзуурын өмнө (зам гудамжны төгсгөлд) хөндлөн нэвтрэх гудамжинд тавьсан байвал «а»-д заасны адил газарт хүчинтэй байна.

10. «Жинг хязгаарлах тэмдэг» бол ачаатай авто хөсгийн ерөнхий жин уг тэмдэг дээр зааснаас илүү байвал, түүний нэвтрэхийг хориглосон утгатай юм. Энэ тэмдгийг хиймэл төхөөрөмж буюу гудамж, замын хөрс нь муу учраас авто хөсгийн жинг хязгаарлавал зохих газрын өмнө тавина.

Хэрэв тойрох өөр замгүй газар бол энэ тэмдгийн хоёрдугаарыг замьн эхэнд тавина. Энэ тэмдэг нь хиймэл төхөөрөмжийг дуустал юм уу, ойрын замын уулзуур хүртэл хүчинтэй байна.

 

 

11. «Өндрийн хэмжээг хязгаарлах тэмдгийг» өндрийн хэмжээ нь газраас дээш уг тэмдэг дээр зааснаас илүү гарсан хөсгийн явахыг (ачаатай, ачаагүй гэж ялгаварлахгүйгээр) хориглосон газарт тавина. Энэ тэмдгийг өндрийн хэмжээг хязгаарлавал зохих хиймэл төхөөрөмжийн өмнө тавина.

Хэрэв тойрох зам байхгүй байвал, уг замын эхэнд ийм тэмдэг нэгийг тавивал зохино. Тэр тэмдэг хиймэл төхөөрөмжийн эцэс хүртэл хүчинтэй болно.

 

 

12. «Орохыг хориглох тэмдэг» бүх төрлийн хөсөг орохыг хатуу хориглох боловч, олон нийтийн хэрэгцээний автобус, унадаг дугуй, худалдааны гар тэргийг хөтөлж явахыг зөвшөөрнө. Тэмдгийн хамаарах газар нь тэр тэмдгийг тавьсан газраас дараагийн замын уулзуур хүртэл байх бөгөөд харин уулзуурын өмнө тавигдсан бол тэр уулзуур дээр гарахыг хориглоно.

 

 

13. «Удаанаар зогсохыг хориглох тэмдгийг» хөсгийг удаан зогсоож болохгүй газарт тавина.

Тэхдээ хүн суулгах, буулгах, ачаа ачих, буулгах зэрэг түр зогсолтыг зөвшөөрнө. Энэ тэмдэг касс ажиллуулж яваа такси, дутуу тахир бологчдын моторт дугуйд хамаарахгүй.

 

 

14. «Зогсохыг хориглох тэмдэг» авто хөсгийн түр буюу удаанаар зогсохыг хориглоно. Дутуу тахир бологчдын моторт дугуй түр зогсохыг зөвшөөрнө.

 

 

15. «Хөдөлгөөний хурдыг хязгаарлах тэмдгийг» тэр тэмдэг дээр заасан хурдны хэмжээнээс хэтрүүлэн явахыг хориглосон газарт тавина.

 

 

16. «Гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдэг» бол авто хөсгийг нэг нэгээр нь цувуулж явуулахыг жолооч нарт үүрэг болгохоос гадна, трактор, чирэгч, замын барилга, засварын өөрөө хөтлөгч механизм, мөн эвдрэл гэмтлийн учир цагт 15 км-ээс илүүгүй хурдаар явж байгаа автомашинаас бусад авто хөсгийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

 

 

17. «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэхийг хориглох тэмдэг» авто хөсгийг нэг нэгээр нь цувуулан явуулахыг зааснаас гадна, ачааны автомашинаар трактор, чирэгч машин, замын барилга засварын өөрөө хөтлөгч машин, эвдрэл гэмтлийн учир удаан яваа автомашинаас бусад автомашин, моторчилсон хөсгийг гүйцэж түрүүлэхийг шууд хориглоно.

 

 

18. «Дуутай дохио өхийг хориглох тэмдэг» жолооч нараас дуутай дохио өхийг хориглох бөгөөд тэмдгийн хамаарах газраар нэвтрэх жолооч нар нь дохио өгөлгүйгээр аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахуйц хурдтайгаар явж өнгөрөхийг жолооч нарт үүрэг болгоно.

 

 

19. Дээр дурдсан (13-18) тэмдгүүдийн хамаарах дэвсгэр газар:

а) тэмдгийн улаан хүрээ битүү байвал, хотын дотор бол ойрын талбай буюу гудамж, замын уулзуурыг нэвтрэх хүртэл, хөдөө суурин газарт бол тэрхүү суурин газрыг өнгөртөл тус тус хүчинтэй;

б) тэмдгийн улаан хүрээний доод тал задгай байвал ойрын замын уулзуур хүртэл хүчинтэй;

в) тэмдгийн доторхи зургийн дор тоо тавьж м, км гэсэн үсэг бичсэн байвал, хамаарах дэвсгэр газрын хэмжээнд хүчинтэй. 12-18-д заасан тэмдгүүдийг замын уулзуурын наана тавьсан байвал дараачийн гудамж, замын уулзуурыг нэвтрэх хүртэл хүчинтэй байна.

20. Зогсохыг хориглосон тэмдгүүдийг гудамж, замын дунд тэнхлэг дээр тавьсан байвал, тэр тэмдэг нь 2 талдаа хүчинтэй. Явах чигийн дагуу баруун гар талд тавьсан байвал зөвхөн тэр талдаа хүчинтэй байна.

 

Заах тэмдэг

1. «Хөдөлгөөнийг заасан тэмдгийг» авто хөсгийн явж болох гудамж, замд тавина. Сумаар заагаагүй чиглэлд хөдлөхийг хориглох боловч, баруун гар тийш эргэж, хашаанд орохыг зөвшөөрнө. Зөвхөн чигээрээ явахыг зөвшөөрсөн тэмдгийг гудамж, замын эхэнд буюу гүнд тавьсан байвал, тэр гудамж, замд тохиолдох ойрын талбай, замын уулзуур хүртэл хүчинтэй. Явах чигийг өөрчлөхийг зөвшөөрч заасан тэмдэг гудамж, замын уулзуурт байвал, түүнийг баримтлан чиглэлийг өөрчилнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. «Буцаж эргэхийг заасан тэмдгийг» гудамж, замын аль ч хэсэг дээр гэсэн хөсгийг эргүүлэх бололцоотой газарт тавина.

 

 

3. «Явган хүн болгоомжил!» гэсэн тэмдгийг сургууль, театр, кино, клуб, зах зээл, үйлдвэр зэрэг явган хүний олноор зорчин явдаг газарт тавина. Ийм тэмдэгтэй газраар явж байгаа авто хөсгийн жолооч нар хурдыг хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан бууруулж явах ба хэрэг тохиолдвол даруй зогсоох үүрэгтэй. Тэмдгийн дугариг хүрээний дор түүний хүчинтэй байх газрын хэмжээг метрээр зааж болно.

 

 

4. Авто хөсөг зогсохыг зөвшөөрсөн тэмдэгтэй газарт авто хөсөг цаг хязгааргүй зогсож болно. Хэрэв энэ тэмдгийг явган хүмүүсийн зорчин явах замын хажууд тавьсан бөгөөд тэнд зогсох газрыг шугам татаж заагаагүй байвал, уг тэмдэг нь тавигдсан газраасаа эхлэн, хөдөлгөөний дагуу 50 метрийн дотор хүчинтэй байна. Хамаарах газрыг тэмдгийн доод талд метрээр буюу тоогоор заасан байж болно.

 

 

5. Хөдөлгөөнийг зохицуулдаг гарцтай гудамж, замын хөдөлгөөний онцлог нөхцөлүүдийг заасан тэмдгийг зохицуулдаг хөдөлгөөнтэй гарцын өмнө тавина. Энэ тэмдэг нь ямар гэрэл, дохио, мөн хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн ямар дохиогоор тэмдэг дээр заасан чигт гарц нэвтрэхийг онцлон заана. Энэ тэмдэг гарцын дэвсгэр газарт хүчинтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

6. «Сирен» дохиогоор хангагдсан авто хөсөг шуурхай ажлыг гүйцэтгэж яваа үедээ хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан хурдаа хассанаар замын дохио, тэмдгүүдийн заалтыг харгалзахгүйгээр баруун, зүүн гар тийш эргэх, зогсох зэрэг эрхтэй болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»