БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Аюулгүйн шугам
141. Аюулгүйн шугамыг замын зорчин явах хэсэг дээр цагаан будгаар татах, төмөрлөг хадаас мэт зүйлийг шигтгэх, эсвэл өнгийн асфальтийн найрлага битоноор алаглуулан тавина. Ийм шугамаар ялгаварлан тогтоосон заалтыг авто хөсгийн жолооч явган хүмүүс бүгдээрээ дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрэв ийм шугам татсан газарт замын дохио, тэмдэг буюу заалтыг тавьсан байвал, тэр нь татсан шугамтай тохирохгүй ч байлаа гэсэн авто хөсгийн жолооч заавал тэдгээр дохио, тэмдэг, заалтыг удирдлага болгох үүрэгтэй. Аюулгүйн шугамын тодорхойлолтыг дурдвал:
1. Тэнхлэгийн шугамыг гудамж, замын зорчин явах хэсгийн голоор нь татах бөгөөд аль ч хэсгээр авто хөсгийн нэг талын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Тэнхлэгийн шугам дээгүүр гүйцэж түрүүлэхийг хориглоно.
Зөвхөн хашаанд орох, буцаж явахын тулд зүүн гар тийшээ эргэх, хориглосон тэмдэггүй бол хашаанаас гараад, зүүн гар тийш эргэх авто хөсөг замын тэнхлэгийн шугамыг хөндлөн гарч болно.
2. Явган хүмүүсийн гарцын шугамыг хүмүүсийн явах чиглэлийг тогтоож, ослоос хамгаалахын төлөө татна.
3. Зогсоох шугам бол авто хөсгийн цаашдын хөдөлгөөнийг хориглосон дохиог гэрлээр буюу цагдаагаас өгмөгц авто хөсгийг заавал зогсоох газрыг заасан шугам юм. Зогсоох шугам ба явган хүний гарц хоёрын хооронд «ЗОГС» гэсэн үгийг нэмж бичсэн байж болно.
4. Уулзуурын төвийг цагираг маягийн дугуй цагаан зураасаар тэмдэглэнэ. Авто хөсөг зүүн гар тийш эргэх ба буцаж явахдаа тэр дугуй зураасыг тойрч явна. (Доорхи зургийн “а”)
5. Явган хүмүүсийн замын шугамыг явган хүний замгүй газарт гудамж, замын зорчин явах хэсгийн дагуу татна.
Явган хүмүүсийн зорчих газрыг ялгаварлан заасан замаар авто хөсгийн явах, зогсохыг хориглоно.
6. Авто хөсгийн зогсох шугамыг замын зорчин явахгүй хэсэг дээр татна.
7. Бэлтгэл газрын шугам нь гудамж, зам талбайд дор заасан дэвсгэр газрыг хөдөлгөөнөөс хааж байна.
а) гудамж, зам дээр бол гудамжны дунд зэрэгцсэн хоёр шугамын хоорондох өргөн зай; (Доорхи зургийн “б”)
б) талбай дээр бол олон талт дугуй, зууван зураасны доторхи зай;
8. Эргэлтийн шугамыг тэнхлэгийн шугам, бэлтгэл газрын шугамаас салангид байдлаар татах бөгөөд тэр нь буцаж хөдлөх авто хөсөг шугамын дугуйрсныг дагаж, хажуугаас хөдөлгөөнд орох газрыг зааж өгнө. (Доорхи зургийн “в”)
9. Хязгаарлах шугамыг уулзуурын өмнө авто хөсгийн хөдөлгөөн ээлж дараалан өөрчлөгдөж байгаа дэвсгэр газрын эхэнд (замын уулзуурын захаас 30 метрийн зайтай) гудамжны туршид татах бөгөөд энэ нь шулуун ба буцаж эргэх хөдөлгөөнд хичнээн эгнээгээр хөдлөхийг заана. (Доорхи зургийн “г”)
10. Талбай, гудамж, зам дээр зурсан сум, хөдөлгөөний чиглэлийг зааж байгаа боловч, зөвхөн тэр газартаа хүчинтэй байдгаараа тэмдгээс ялгаатай байдаг юм.