Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ТАВДУГААР БҮЛЭГ

Цэргийн анги, зохион байгуулалттай жагсаалын цувааны хөдлөх журам

 

17. Цэргийн ангийн дарга нар, зохион байгуулалттай жагсаал, цувааны удирдагчдын үүрэг:

а) автомашины хөдөлгөөнтэй замаар жагсаалыг эгнээ бүрд нь 4-өөс илүүгүй хүнтэйгээр зохиож, замын баруун гар талыг барьж явуулна.

б) зам хөндлөн гарагчдыг нэвтрүүлэхийн тулд цуваануудын хооронд зохих хэмжээний зайтай явуулна.

в) жагсаалыг гүүр дээгүүр гаргахдаа хөл нийлүүлэн явуулж болохгүй.

г) жагсаалын урд, хойд эгнээний зүүн гарт өдрийн цагт тод үзэгдэх улаан дарцагтай, шөнийн цагт улаан гэрэл дэнлүүтэй явуулна.

д) хүүхэд багачуудын цувааг эгнээ тутам 2-оос дээшгүй хүүхдээр зохиож, тусгай хүмүүсээр удирдуулан, явган хүний замаар явуулах ба гудамж, замыг хөндлөн нэвтрүүлэхдээ зөвхөн явган хүний гарахыг зөвшөөрсөн гарцаар гаргана.

18. Жагсаал цуваагаар яваа хүмүүс замын уулзварт ойртож ирмэгц түүний удирдагчид өдрийн цагт гараараа буюу дарцгаа дээш өргөх, шөнийн цагт дохионы дэнлүүг дээш өргөж, жагсаал цувааг өнгөртөл авто хөсгийн хөдөлгөөнийг зогсоохыг авто хөсгийн жолооч нар ба гудамжны хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нарт мэдэгдэнэ.

19. Зохицуулагддаг хөдөлгөөнтэй замын уулзварыг хөндлөн гарахад гэрэл дохио буюу хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн өгсөн дохиогоор нэвтрэн гарна. Зарим шаардлагатай үед хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нь явж байгаа жагсаалыг зогсоож болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»