БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Авто хөсгийн жолооч нарын үүрэг
а) Авто хөсгийн жолооч нар эзэмшиж байгаа техникийн ажиллагааг ажилд гаргахын өмнө ба ажиллаж байгаа үедээ шалгаж байна.
б) Авто хөсгийг жолоодож яваа үед жолооч нарын биедээ авч явах зүйлийг дурдвал:
20. Автомашины жолооч нар авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон мэрэгжлийн үнэмлэх, техникийн паспортын талон, замын хуудас, (хувийн автомашин, мотоцикл эзэмшигчдийг оролцуулахгүй. Трактор, зам барилга, услан цэвэрлэх ажлын зэрэг өөрөө явагч механизмын жолооч нар харьяа газрын мэрэгжлийн комиссоос олгосон үнэмлэх ба автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон зөвшөөрөлтэй, зорчин явагчдыг тээвэрлэхэд зориулсан олон нийтийн үйлчилгээний автобусын жолооч нар мэрэгжлийн үнэмлэх, техникийн паспортын талон, маршрутын хуудастай явна.
в) ээлж солилцохдоо авто хөсгийг техникийн бүрэн бүтэн байдлаар хүлээлцсэн тухай замын (маршрутын) хуудсанд тэмдэглэн бичсэн байна.
г) цагдан сэргийлэхийн ажилтны анхны шаардлагаар жолоочийн үнэмлэх, техникийн паспортын талон, замын (маршрутын) хуудсыг үзүүлнэ.
д) цэргийн ангийн жагсаал, зохион байгуулалттай цувааны удирдагчаас гараа буюу гартаа барьсан дэнлүү, дарцгаа дээш өргөж, дохио өгсөн үед авто хөсгийг яаралтай зогсооно.
е) автобус, түргэн тусламжийн машин, гал командын автомашинаас бусад авто хөсгийг дор дурдсан зайлшгүй шаардлагатай үед цагдан сэргийлэх газрын ажилтнаас өөрийн албан ажлын үнэмлэхийг үзүүлэн дайчилсан ёсоор үнэ төлбөргүй тэдний мэдэлд саадгүй өгч хэрэглүүлнэ.
1) Цагдан сэргийлэх байгууллагаас нуугдаж зугтааж яваа этгээдийг мөрдөн хөөх;
2) Эмнэлгийн түргэн тусламж, шаардагдсан хүнийг эмнэлгийн газарт хүргэх;
3) Гэнэтийн аюул осол гарсан газарт яаралтай хүрэлцэн очих үед тус тус саадгүй шилжүүлнэ.
ТАЙЛБАР: Дээр дурдсан хойшлуулшгүй ажилд авто хөсөг дайчлан хэрэглэсэн цагдан сэргийлэхийн ажилтан жолоочийн замын хуудсанд өөрийн овог нэр, албан тушаал, ажлын газрын үнэмлэхийн дугаар, утасны номер, ямар ажилд хичнээн хугацаагаар хэрэглэсэн зэргийг тэмдэглэн бичнэ.
ж) хөдөлгөөнийг зохицуулагч цагдан сэргийлэхийн ажилтнаас шүглээр, дохионы мод буюу гараар, дарцгаар дохио өгмөгц, замыг чөлөөлж даруй зогсоно.
з) хувьдаа мотоцикл ба автомашин худалдан авагчид нь худалдаж авсан цагаасаа 48 цагийн дотор автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст ирж бүртгүүлж байвал зохино.
21. Авто хөсгийн жолооч нарт хориглох зүйлүүд:
а) техникийн ажиллагааны талаар бүрэн биш авто хөсгөөр гаражаас гарч явах;
б) ялимгүй боловч согтууруулах зүйл ууж, авто хөсгийг жолоодох;
в) өөрийн жолоодож байгаа авто хөсгийг замын хуудсанд нэр нь бичигдэж зөвшөөрөгдөөгүй хүнд шилжүүлэх, буюу авто хөсгийг жолоодох эрхийнхээ үнэмлэхийг бусдад шилжүүлж өх;
г) авто хөсгийн гишгүүр дээр хүмүүсийг зогсоогоор нь явуулах, ачааны автомашины кузовын ирмэг дээр хүн суулгах, кузовын дотор хүмүүсийг зогсоогоор явуулах;
д) суудлын автомашин, гурван тонноос доош даацтай ачааны автомашины жолоочийн кабинд нэгээс илүү хүн, 4 ба түүнээс дээш тонны даацтай ачааны автомашины жолоочийн кабинд 2-оос илүү хүн суулгах, тэрчлэн мотоцикл, моторт дугуйд тогтоосон хэмжээнээс илүү хүн суулгаж явах;
е) 2 дугуйтай мотоцикл дээр 5-аас доош насны хүүхдийг эмээл дээр суулгаж явах;
ж) хөдөлгөөний үед авто хөсгийн жолооч, жолоог сул тавих;
з) гарцгүй газраар засмал замын хашлага, ирмэгийг хөсгөөр давж нэвтрэх;
и) кузовоос өндөр ачаатай машин, цистерн ба өөрөө ачаа буулгагч машин дээр хүмүүсийг суулгаж явах;
к) гадаад үзэмжийн талаар, тохиромжгүй хөсгийг жолоодож гараж паркаас гарах;
л) авто хөсгийг жолоодож явахдаа бусдын ярианд оролцож анхаарлаа хөндийрүүлэх;
м) замын хуудсанд зааж бичээгүй ачаа хүн тээвэрлэх;
н) автобусын жолоочийн кабинд хүн суулгаж явах;
о) улс олон нийтийн байгууллагын автомашиныг албаны бус ажилд хэрэглэхийг тус тус хориглоно.
ТАЙЛБАР: тусламж үзүүлэх газраас хол байгаа бөгөөд авто хөсгийн туслалцаа зайлшгүй шаардагдах байдалд хүрсэн хүнд өвчтөн, мөн авто хөсөгт нь гэмтэл тохиолдоод явж чадахгүй болсон жолооч нарт зохих туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
22. Авто хөсгийн жолоочийг замд явж байгаа үед нь цагдан сэргийлэх байгууллагын ажилтан буюу авто аж ахуйн захиргааны шийдвэрээр өөрчлөхөд хүрвэл, авто хөсгийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүнд шилжүүлэн өх ба ямар учраас хүнд шилжүүлэн өгсөн тухай замын (маршрутын) хуудсанд тэмдэглэн бичнэ.
23. Осол аюул тохиолдсон үед жолоочийн гүйцэтгэвэл зохих үүрэг:
а) авто хөсгийг даруй зогсооно.
б) аюул учирсан хүмүүст, зохих тусламжийг үзүүлнэ.
в) болсон явдлын тухай, ойр орчим байгаа цагдаа буюу цагдан сэргийлэх анги, автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн дежурт мэдэгдэнэ.
г) цагдан сэргийлэхийн ажилтны зөвшөөрөлгүйгээр аюул тохиолдсон газраас авто хөсгийг дур мэдэн хөдөлгөхгүй байлгана.
д) аюул учирсан хүнд эмнэлгийн түргэн тусламжийг яаралтай дуудан ирүүлэх, бололцоогүй бол тэр хүнийг өөрийн биеэр аль ойр байгаа эмнэлгийн газарт хүргэж өөрийн овог нэр, авто хөсөгт олгосон улсын дугаарыг тэмдэглүүлэн бичүүлж замын (маршрутын) хуудсаа үзүүлээд, уг осол гарсан газартаа буцаж очно.
е) эмнэлгийн байгууллага нь аюулд учирсан хүнийг хүргэж ирсэн жолоочийн овог нэр, хаана ажилтай ба тэр хүнийг хэдийд авчирсан, түүний биеийн эрүүл мэндийн байдал, авчрах үед нь ямар байсныг тодорхой тэмдэглэж, улмаар энэ тухай цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдээд, осол аюул гаргасан жолооч өөрөө ууж согтуурсан эсэхийн тухай эмнэлгийн гэрчилгээг гаргана.