Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Хөдөлгөөний хурдны хязгаарлалт

 

36. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд авто хөсгийн хурдыг дор заасан хэмжээгээр хязгаарлана:

Зам чөлөөтэй сайн үзэгдэж байгаа, хурдыг хязгаарласан тэмдэг байхгүй бөгөөд хөдөлгөөнд аюулгүй байвал хот-суурин газруудад суудлын автомашин, мотоцикл цагт 45, автобус цагт 40, ачааны автомашин цагт 30, чиргүүлтэй автомашин цагт 20, өөрөө явагч механизм, гинжээр хөтлөгч машин цагт 15, дугуйтай хүмүүст цагт 10, ердийн хөсөг цагт 5 км хүртэл хурдтайгаар тус тус явахыг зөвшөөрнө.

37. Хот, суурин газраас гадагш хөдөөгийн замд авто хөсгийн явах хурдын хэмжээг газар орон, замын байдал хир зэрэг үзэгдэж байгааг харгалзан, жолооч өөрөө тохируулан явах боловч, цагт 60 км-ээс хэтрүүлж болохгүй. Жолооч хүн ямар нэг саад болох зүйл зам дээр гэнэт тохиолдох үед авто хөсгийг шууд зогсоох боломжтой хурдаар явахыг анхаарах ёстой.

38. «СИРЕН» маягийн дуут дохиотой автомашин, үүргээ гүйцэтгэж яваа үедээ орчин тойронд аюул учруулахгүйгээр шуурхай ажлыг цаг тухайд нь биелүүлэхэд шаардагдсан хурдтайгаар явахыг зөвшөөрнө.

«СИРЕН» маягийн дуут дохио өгсөн автомашинд бусад хөсгийн жолооч нар замыг саадгүй тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.

39. Авто хөсгийн хөдөлгөөний хурдны хэмжээг цагт 15 км-ээс хэтрүүлэхгүй явах тохиолдлыг дурдвал:

а) төрөл бүрийн анхааруулсан тэмдэгтэй газраар явж өнгөрөх;

б) гудамж, замын уулзварыг шулуун гарахад;

в) төмөр замын гарцаар гарах;

г) авто хөсөгт техникийн гэмтэл тохиолдож, гараждаа буцаж очихоор яваа үед, мөн авто хөсгийг чирч яваа үед;

д) бороо, цас орж байгаа ба мөстсөн замаар явах үед;

е) замын зорчин явах хэсэг дээр ямар нэг ажил хийж байх үед;

ж) эгц уруу буухад тус тус 15 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.

40. Бүх төрлийн авто хөсгийн хөдөлгөөний хурдыг цагт 5 км-ээс хэтрүүлэхгүй явуулах тохиолдлыг дурдвал:

а) зохион байгуулалттай жагсаал, цувааны хажуугаар өнгөрөх;

б) замын уулзвар дээр баруун, зүүн гар тийш ба гэдрэг эргэж явах;

в) ухрах хөдөлгөөний үед;

г) хаалгаар орох, гарах үед;

д) харанхуй манан, будан татаж, өмнөх зам муу үзэгдэж байгаа үед;

е) модон гүүрээр гарах үед;

ж) хөдөлгөөнтэй төв замд орох үед тус тус 5 км-ээс хэтрэхгүй хурдаар явна.

41. Авто хөсгийн жолооч хөсгийн хурдыг хөдөлгөөний аюулгүй байдалд тохируулан хязгаарлаж явбал зохих үе:

а) сургууль, эмнэлэг, дэлгүүр, үзвэрийн газруудад ойртож яваа үед;

б) явган хүн, «Дуут дохио өхийг хориглоно», «Нэвтрэн гарахыг хориглоно» гэсэн тэмдэгтэй газрууд;

в) буудал дээр зогсож байгаа автобусны дэргэдүүр өнгөрөх үед тус тус хурдыг хязгаарлан тохируулна.

42. Ямар нэгэн аюул учруулахгүйн тулд авто хөсгийн жолооч нар замын дагуу яваа малаас аль болохоор холуур явж өнгөрөх, мөн мал тууж яваа хүнээс дохио өх буюу гүүрээр мал гарч байгаа үед авто хөсгийг зогсоох үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»