БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Замын уулзварт ойртон ирж байгаа авто хөсгийн эзлэх байр
49. Хэд хэдэн эгнээгээр яваа авто хөсөг замын уулзварт 50-60 метр ойртох үедээ аль эгнээнд байр эзлэх тухай дохио өгч, хурдыг хасаад, тэр эгнээндээ шилжинэ. Үүнд:
а) зүүн гар тийшээ буюу буцаж эргэх авто хөсөг, явах хэсгийн зүүн эгнээнд байр эзэлнэ;
б) чигээрээ явах авто хөсөг, явах хэсгийн дунд эгнээнд байр эзэлнэ;
в) баруун гар тийшээ эргэх авто хөсөг, явах хэсгийн баруун эгнээнд байр эзэлнэ;
г) замын зорчин явах хэсгийн нэг талын өргөн нь 10 метрээс дээш байвал, авто хөсөг нь 3 эгнээгээр, 7-10 метр бол 2 эгнээгээр явах бөгөөд 2 эгнээгээр явах үед чигээрээ явах авто хөсөг зүүн эгнээнд байр эзэлбэл зохино.
50. Төрөл бүрийн хөсгийн жолооч нар хөдөлгөөнийг зохицуулдаггүй гарц дээр баруун, зүүн тийшээ эргэх, гэдрэг буцаж эргэх, байр солилцох зэрэг ямар нэгэн байдлаар хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх үедээ өмнө, хойноосоо шулуун явж байгаа хөсөгт зам тавьж, урьдаар өнгөрүүлэх үүрэгтэй.
51. Ухрах хөдөлгөөнийг хориглох нь:
а) хөдөлгөөн орчин тойрондоо аюулгүй эсэхийг урьдчилан хянаж үзэхгүйгээр;
б) цагт 5 км-ээс илүү хурдтайгаар;
в) хойнох зам 30 м-ээс цааш үзэгдэхгүй байгаа дугуйрсан гудамж замд;
г) төмөр замын гарц, гүүр дээр ба гүүрийн доогуур;
д) замын уулзвар дээр буюу 30 м зайтай газарт;
е) явган хүний гарц ба хүн олноор цугларсан газарт тус тус ухрах хөдөлгөөнийг хориглоно.