Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Дөрөвдүгээр бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
Хөдөлгөөний хурд
31. Жолооч хөдөлгөөний хурдыг сонгож авахдаа замын нөхцөл, үзэгдэх орчин, тээврийн хэрэгсэл, явган явагчдын хөдөлгөөний шинж чанар, нягт сийрэг, тээж яваа ачааны байдал, онцлогийг харгалзана.
32. Жолооч хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед хурдаа багасгах буюу тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авбал зохино.
33. Бүх төрлийн суудлын автомашин, мотоциклийн хөдөлгөөний хурд нь хот, суурин газарт цагт 50 км, хот хооронд болон орон нутгийн замд цагт 60 км, хүн тээсэн автобус, ачааны автомашины хурд цагт 40 км, бусад тээврийн хэрэгслийнх бүх төрлийн замд цагт 50 км-ээс илүүгүй байвал зохино.
Харин явган хүний гарц, автобусны зогсоол, гудамж, замын уулзвар, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газрын шууд ойролцоо буюу “явган хүний хөдөлгөөн”, “хүүхдийн хөдөлгөөн” гэсэн тэмдэг бүхий газар болон гудамж, замын хальтиргаатай хэсэг, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд (бороо, цас, манан, шороон шуурга гэх мэт) нийт авто хэрэгслийн хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино.
/Энэ зүйлийг СнЗ-ийн 1976 оны 356 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
34. Жолооч нь уулзварт ойртохдоо хөдөлгөөн хориглох дохио өгөхөд тээврийн хэрэгслээ зогсоох буюу зорчих илүү эрхтэй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.