Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Дөрөвдүгээр бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
Хөдөлгөөний чигийн өөрчлөлт
39. Жолооч хөдөлгөөний чигийг өөрчлөхийн өмнө анхааруулах дохио өгөх ба тээврийн бусад хэрэгсэлд саад учруулахгүйгээр зорчих хэсэгт зохих байраа эзэлсэн байвал зохино. Үүнд баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун талын эгнээ, зүүн гар тийшээ ба буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн талын эгнээг тус тус эзэлсэн байвал зохино.
Байр эзлэх үйлдлийг замын уулзвараас 40-50 метрийн дотор хийж гүйцэтгэх ба уулзваргүй газар буцаж эргэх бол эргэх газраас дээрхийн нэг адил хэмжээнд уг байраа эзэлбэл зохино.
40. Жолооч, эзэлж яваа эгнээнээс өөр эгнээнд шилжихийн өмнө чигээрээ явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлбэл зохино. Зэрэгцээ эгнээнд харилцан байраа солилцох бол аль баруун гар талд нь яваа тээврийн хэрэгсэл эхлэн явах болно.
41. Жолооч гудамж (зам)-д эргэх (буцаж эргэх)-дээ эсрэг талаас ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх ёстой.
Хэрэв зорчих хэсгийн өргөн нь зүүн талын эгнээнээс буцаж эргэхэд боломжгүй бол баруун талын эгнээнээс гүйцэтгэж болох бөгөөд энэ үед жолоочоос эсрэг тал, зэрэгцээ буюу ардаа яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх ёстой.
42. Буцаж эргэхийг хориглох нь:
а) гудамжны уулзвараас 20 метр, замын уулзвараас 100 метрийн ойр зайд;
б) орчин тойрондоо гудамж 20 метр, зам 100 метрийн зайд харагдахгүй газарт;
в) явган хүмүүсийн гарц дээр;
г) гүүрийн дээр, дор;
д) үргэлжилсэн шугамаар зурагдсан тэнхлэгийн шугамыг огтлон эргэх.