Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Гүйцэж түрүүлэх журам

43. Гүйцэж түрүүлэхийг зөвхөн орчин тойрон сайн үзэгдэх газарт зам чөлөөтэй бөгөөд бусад жолооч нарыг огцом эргүүлэх буюу тормозлох ажиллагааг хийлгэхгүйгээр бол зөвшөөрнө.

44. Гүйцэж түрүүлэхийг зөвхөн зүүн гар талаар зөвшөөрнө.

Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө зүүн гар тийшээ, гүйцэж түрүүлэх ажиллагаа дуусахын өмнө баруун гар тийшээ эргэх дохио тус тус өгвөл зохино. Гүйцэж түрүүлэх нэмэлт дохио нь хориглоогүй газарт дуут дохио, шөнийн цагт эсрэг талаас хөдөлгөөнгүй байвал үе үе гэрлээ асааж унтраах журмаар тус тус дохио өгч болно.

45. Эзэлж яваа эгнээнээс гүйцэж түрүүлэхийг хориглох нь:

а) зам мөстсөн ба 20 метрээс цааш зайд орчин тойрон муу үзэгдэх (өтгөн манан, мөндөр бороо, цасан шуурга гэх мэт) үед;

б) зүүн гар тийшээ эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг;

в) эзэлж яваа эгнээнээс гарч гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах гэж яваа тээврийн хэрэгслийг (давхар гүйцэж түрүүлэхийг);

г) төмөр замын гарам дээр буюу түүний ойр 100 метрийн зайд;

д) хот суурин газар, хот хоорондын болон орон нутгийн замд хүн тээсэн автобус, ачааны автомашинаар өмнөө яваа цагт 30 км-ээс дээш хурдтай авто тээврийн хэрэгслийг.

/Энэ зүйлийн “д”-г СнЗ-ийн 1976 оны 356 дугаар тогтоолоор нэмсэн/

46. Эсрэг талын хөдөлгөөний зорчих хэсэгт орж гүйцэж түрүүлэхийг хориглох нь:

а) замын уулзвар, явган хүмүүсийн гарц дээр;

б) гүүрийн дээр, дор;

в) аюул бүхий газарт ойртож байна гэдгийг замын анхааруулах тэмдгээр мэдэгдэж байгаа газарт.

47. Гүйцэж түрүүлэгдэж яваа жолооч нар хөдөлгөөний хурдыг ихэсгэх буюу бусад ямар нэгэн хэлбэрээр гүйцэж түрүүлж яваа жолоочид саад хийхийг шууд хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»