Mongolian Traffic Research Institute

Сайд нарын Зөвлөлийн 1966 оны

354 дүгээр тогтоолын хавсралт

 

БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан

нэмэлт, өөрчлөлтийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

 

Тээврийн хэрэгслийн гэрлийг хэрэглэх журам

48. Харанхуй болж эхлэх, мөн орчин тойрон муу үзэгдэх өдрийн цагт тээврийн гадна талын гэрлийг асаавал зохино.

49. Гудамж, замын гэрэлтэй хэсгээр гэрэлтүүлгийн байдлыг харгалзан, зөвхөн ойрын буюу жижиг гэрэл асааж явахыг зөвшөөрнө.

50. Холын гэрлийг гудамж, замын зөвхөн гэрэлгүй хэсэгт хэрэглэвэл зохино. Эсрэг талаас ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс дотогш зайд, мөн бусад жолооч нарыг гялбуулж болох бүх нөхцөлд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлж явбал зохино.

Нүд гялбаж зорчих баримжаа алдагдах үед жолооч нэн даруй зогсох ёстой.

51. Харанхуй болж эхлэхэд гэрэлгүй гудамж, зам (зогсоол)-д зогсох, түүнчлэн өдрийн цагт орчин тойрон муу үзэгдэх үед зогсохдоо хойт, урд талын жижиг гэрлийг асаавал зохино.

Жижиг гэрэл эвдэрсэн үед тээврийн хэрэгслийг замаас зайлуулах буюу ар талын улаан гэрэл харагдаж байх ёстой.

52. Прожектор болон бусад хурц гэрлийг зөвхөн хот, суурин газрын гадна хэрэглэх буюу харин эсрэг талаас тээврийн хэрэгсэл гарч ирэх үед унтраавал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»