Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Дөрөвдүгээр бүлэг
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
Тээврийн хэрэгслийн зогсолт ба зогсоол
53. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоохын өмнө анхааруулах дохио өгч, захын эгнээг эзлэн, замын хажуу (хашлага чулуу) буюу замын ирмэгт тулж зогсоно.
54. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл хөдлөхгүй байх бүх арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж болно.
Тээврийн хэрэгсэл 5 минутаас илүү хугацаагаар зогсох газрыг зогсоол гэнэ. Ачих-буулгах ажиллагаанд оногдсон ажил гүйцэтгэхэд шаардагдах хугацаа үүнээс илүү байж болно.
55. Зогсохыг хориглох нь:
а) уулзвар дээр ба түүний ойр 20 метрийн зайд;
б) явган хүний гарц дээр ба түүний ойр 5 метрийн зайд;
в) автобусын зогсоолоос 20 метрийн ойр зайд ба зогсоолын эсрэг талд;
г) төмөр замын гарам дээр;
д) гүүрийн дээр, доор;
е) замын тэмдэг буюу заагчийн өмнө 20 метрийн ойр зайд;
56. Зогсоол байгуулахыг хориглох нь:
а) нэг чигийн хөдөлгөөнтэй гудамжны зүүн гар талд;
б) авто машин явуулах боломжгүй болгох газарт;
в) төмөр замын гармаас 100 метрийн ойр зайд;
г) хашааны хаалга ба түүнээс 5 метрийн ойр зайд;
д) таксийн зогсоолтой газарт;
е) замын анхааруулах тэмдэгтэй газарт.
Тэрчлэн хотын орон сууц, эмнэлгийн газрын дэргэд 00-6 цаг хүртэл ачааны авто машин зогсохыг хориглоно.
57. Зам дээр удаан хугацаагаар зогсох (амрах, шөнө хоноглох, экскурс хийх зэрэг) шаардлага гарвал тээврийн хэрэгслийг замын гадна талд тавьсан байвал зохино.