Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Зургаадугаар бүлэг
ТӨМӨР ЗАМЫН ГАРМААР НЭВТРЭХ ЖУРАМ
83. Жолоочоос төмөр замын гарамд ойртох буюу түүнийг нэвтэрч гарах үедээ дуут ба гэрэл дохио, замын хаалтын байдлыг онцгой анхааран, гармын дежурийн заалтыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.
84. Төмөр замын гарам замын хаалтаар хаагдсан буюу улаан гэрэл дохиотой үед түүгээр нэвтрэн гарахыг шууд хориглох бөгөөд харин жолооч замын хаалт, гэрэл дохионоос 5 метрээс доошгүй зайд зогсох үүрэгтэй. Замын хаалт нээлттэй буюу улаан гэрэл асаагүй үед галт тэрэг, локомотив, дрезин ойртон ирж байгаа эсэхийг шалгаж, аюулгүй гэдэгт итгэсний дараа гармаар нэвтрэн гарч болно.
85. Хэрэв төмөр замын гарам нь замын хаалт, гэрэл дохиогүй бол жолоочоос түүгээр нэвтрэн гарахын өмнө галт тэрэг, локомотив, дрезин гарамд ойртож байгаа эсэхийг шалгаж, хэрэв тэдгээр зүйл ойртон ирж байвал төмөр замаас 10 метрээс доошгүй замд зогсоно.
Ердийн хөсөг тийм гармаар нэвтрэхдээ 3-аас илүүгүй тоогоор хэсэгчлэн цувж гарах ёстой. Энэ үед гарамд галт тэрэг (локомотив, дрезин) ойртон ирж байгаа эсэхийг шалгавал зохино.
86. Чиргүүлтэй авто машин гарамд ойртон ирмэгц, чиргүүлийн холбооны бэхэлгээг шалгах ёстой.
87. Жолоочид хориглох нь:
а) төмөр замын гарам дээр араа солих, дискин холбоог салгах;
б) замын хаалтыг дур мэдэн онгойлгох;
в) гармаар хөдөө аж ахуй, зам барилгын болон бусад машин, механизмыг ажлын байдалтайгаар тээх;
г) төмөр замыг гарамгүй газраар нэвтрэн гарах.
88. Төмөр замын гарам дээр ямар нэгэн зайлшгүй шалтгаанаар зогсоход хүрвэл жолоочоос гүйцэтгэх үүрэг:
а) тээж яваа зорчигчдыг төмөр замаас холдуулна;
б) бололцоотой үед 2 хүнийг төмөр замын гармаас хоёр тийш 1000 метрийн зайд (хэрэв нэг хүн бол замын байдал муу үзэгдэж байгаа чигт) явуулж, ойртон ирж байгаа галт тэргэнд өдөр бол гараар болон бусад зүйлээр даллах, шөнө бол асаасан дэнлүү буюу гал ноцоож зогсоох дохио өгүүлнэ;
в) тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж галт тэрэг (локомотив, дрезин) ойртон ирж байгаа эсэхийг анхааралтайгаар ажиглан, гармыг түргэн хугацаанд чөлөөлөх бүх арга хэмжээг авна;
г) гарам дээр зогсмогц дуут дохиог (нэг урт, гурван богино) дуугаргах бөгөөд хэрэв галт тэрэг ирж явбал замын хажуугаар угтан гүйж зогсох дохио өгнө.
89. Гармаар өргөн нь 5 метрээс илүү буюу замын гадаргуугаас дээш өндөр нь 4,5 метрээс илүү (ачаатай ба ачаагүй) тээврийн хэрэгсэл (хөдөө аж ахуй, зам барилгын ба бусад машин механизмыг гаргах, заводын хүнд төхөөрөмж, локомобиль, уурын тогоо гэх мэт) онцгой хүнд ачааг тээж өнгөрөх, мөн трактороор ачааг тээх бүрд тээвэрлэлт эхлэхээс 24 цагийн өмнө өгсөн захиалгын дагуу төмөр замын дистанцын даргаас зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.