Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Долдугаар бүлэг
ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ НӨХЦӨЛ
Жолооны сургууль хийх тухай
93. Жолооны сургууль хийдэг бүх авто машин, мотоцикл, бусад механикжсан тээврийн хэрэгсэл урьд, хойт талдаа “Сургуулийн” гэсэн бичигтэй (үсгийн өндөр 80 мм-ээс багагүй) байх ба хойт талаа харах нэмэлт тольтой байвал зохино.
Жолооны сургууль, курс, дугуйланд зориулагдсан авто машин нь тормоз, дискин холбооны нэмэлт дөрөөгөөр тоноглогдсон байвал зохино.
94. Авто машин, мотоцикл, (мотороллер) мопед, моторт дугуйг анх удаа жолоодох сургуулийг тусгай заасан талбайд үйлдэнэ. Суралцагчдыг зөвхөн зохих хэмжээний жолоодох дадлагатай болсны дараа багш нарыг дагуулан гудамж, замаар сургууль хийлгэхийг зөвшөөрнө.
Тайлбар: Жолооны сургууль хийхийг хориглосон гудамж, замын хэсгийн жагсаалтыг орон нутгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас баталж, нийтэд мэдэгдэхийн тулд хэвлэлд нийтлэх буюу тийм газарт заалт тэмдэг тавина.
95. Гудамж, замаар жолооны сургууль хийлгэх багш жолоочийн 1 буюу 2 дугаар зэргийн мэрэгжилтэй, багшлах курс төгссөн гэрчилгээ буюу Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байвал зохино.
Автомашин сонирхогч, мотоцикл (мотороллер)-ын жолооч нарт 3-аас доошгүй жил авто машин жолоодсон туршлагатай жолоочоор жолооны сургууль заалгахыг зөвшөөрнө.