Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Наймдугаар бүлэг
УНАДАГ ДУГУЙГААР ЗОРЧИГЧДЫН НЭМЭГДЭЛ ШААРДЛАГА
102. Унадаг дугуй нь хонх, бүрэн бүтэн тормозтой байхын гадна харанхуй үед урьд, хойт гэрлээ асааж явна. Мөн зохих байгууллагаас олгосон номертой байна.
103. Хот, суурингийн гудамж, авто замд ердийн унадаг дугуйг 14, моторт дугуйг 16-гаас дээш насны хүмүүс жолоодохыг зөвшөөрнө. Харин дээр дурдсан замд дугуй унаж сургууль хийхийг хориглоно.
104. Унадаг дугуйгаар замын хашлага буюу явган хүний замаас нэг метрээс илүүгүй зайд зөвхөн нэг эгнээгээр зорчихыг зөвшөөрнө.
Гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахын тулд зүүн гар тийшээ эргэх дохиог өгч, онцгой анхааралтайгаар эзэлж яваа эгнээнээс түр гарахыг зөвшөөрнө.
105. Талбай, явган хүний зам, парк, цэцэрлэг доторхи замаар дугуйгаар зорчихыг хориглоно. Дугуйн гарыг сул тавих, явж байгаа тээврийн хэрэгслийн араас зүүгдэх, чиргүүлдэхийг хориглоно.
106. Дугуйгаар тээвэрлэхийг хориглох нь:
а) дугуйг жолоодоход саад болох 0,5 метрээс илүү өргөн буюу урт зүйл;
б) тусгай суудал, гишгүүр хийхгүйгээр хүүхдээс бусад хүн тээх.
107. Унадаг дугуйгаар явагчид нь гудамж, замыг уулзвар ба бусад газраар хөндлөн нэвтрэхдээ дугуйнаас бууж, гарцтай газраар хөтөлж гарна. Уулзвар, авто хөсгийн зам дээр зүүн гар тийшээ ба буцаж эргэхийг хориглоно.
108. Унадаг дугуйгаар явагчдын энэ шаардлага нь 49,8 см3-ээс доош ажлын багтаамж бүхий мотортой мопед ба унадаг дугуйны мотор тавигдсан тээврийн хэрэгслийн жолооч нарт хамаарна.