Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Арван дөрөвдүгээр бүлэг
ЗАМЫН ТЭМДЭГ
Анхааруулах тэмдэг
138. Анхааруулах тэмдэг хөдөлгөөнд аюул учруулж болох гудамж замын хэсэгт ойртож явааг жолооч нарт анхааруулж байгаа болно.
1.1. «Төмөр замын хаалтгүй гарам». Төмөр замыг хөндлөн огтолсон хаалтгүй гарам.
1.2. «Төмөр замын хаалттай гарам». Төмөр замыг хөндлөн огтолсон гарам хагас буюу бүтэн хаалтаар тоноглогдсон байна.
1.3. «Замын уулзвар». Авто замын огтлолцол.
1.4. «Гол, туслах замын уулзвар». Гол зам, туслах чанартай замын огтлолцол.
1.5. «Төв гудамж буюу гол замд нийлэх уулзвар». Түрүүлж зорчих эрх бүхий төв гудамж буюу гол замд нийлэх огтлолцол.
1.6. «Зохицуулдаг уулзвар замын хэсэг». Зохицуулагч буюу гэрэл дохиогоор зохицуулдаг хөдөлгөөнтэй замын уулзвар (замын хэсэг).
1.7а. «Баруун гар тийшээ эргэх».
1.7б. «Зүүн гар тийшээ эргэх». Зам огцом эргэх буюу үзэгдэх орчин нь хязгаарлагдсан газар.
1.8. «Тахир зам». Хоорондоо 250 метрээс бага зайтай огцом эргэх газрууд.
1.9. «Эгц уруу». Хөдөлгөөнд онц аюултай эгц уруу газар.
1.10. «Тэгш биш зам». Замын зорчих хэсэг нь тэгш биш (дэржигнүүр, хотгор, гүдгэр, дов сондуул ихтэй газрууд).
1.11. «Хальтиргаатай зам». Замын онц хальтиргаатай хэсэг.
1.12. «Замын нарийсалт». Гудамж буюу замын эрс нарийссан хэсэг.
1.13. «Сөрөх хөдөлгөөн». Нэг чигийн хөдөлгөөнтэй гудамж замын аль нэг хэсэгт эсрэг хөдөлгөөнд явахыг зөвшөөрсөн,
1.14. «Явган хүмүүс». Явган хүмүүсийн гарц буюу зорчих хэсэг дээр явган хүмүүс гарч ирэх болзошгүй газрууд (сургууль, стадион үзвэрийн газруудын орчим).
1.15. «Хүүхэд». Зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирэх болзошгүй газрууд (сургууль буюу цэцэрлэгийн орчим).
1.16. «Засварын ажил». Зорчих хэсэг дээр ажил хийж байгаа газар.
1.17. (а, б). «Зам дээр мал байна». Зорчих хэсэг дээр мал гарч ирэх болзошгүй газрууд (малын гарц, дархан газар).
1.18. «Аюултай». Бусад тэмдгээр заагдаагүй, хөдөлгөөнд аюултай газрууд (замын нурсан хэсэг, хадан хушуу).
139. Анхааруулах тэмдгийг хөдөлгөөнд аюултай хэсэг эхлэх газраас хот суурингийн доторхи замд 40-50 метр, хот суурингийн гаднах замд 150-250 метрийн зайд тус тус тавина.
1.5 дугаар тэмдгийг гудамж буюу замын уулзварын өмнө тавина. Авто зам дээр бол 150-250 метрийн зайд энэ тэмдгийн өмнө 1.3 дугаар тэмдгийг тавина. 1.1 ба 1.2 дугаар тэмдгийг төмөр замын гарцын хоёр талд тус бүр хоёр тэмдэг тавих бөгөөд анхны тэмдгийг гарцаас 150 метр, хоёр дахь тэмдгийг гарцаас 50 метрийн зайд тус тус тавина.