Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Арван долоодугаар бүлэг
ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙГ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
156. Хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг ямар нэгэн хэлбэрээр зөрчсөн авто машин, мотоцикл, бусад өөрөө явагч машин, механизмын жолооч нарыг уг зөрчлийн байдлыг харгалзан тухай бүрд нь амаар сануулах, 10-300 төгрөг хүртэл торгох, үнэмлэхийн талоныг цоолох, авто техник жолоодох эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хасна.
157. Хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явган хүн, унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигчдыг 3-25 төгрөгөөр торгоно.
158. Хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу зөрчих явдалд бололцоо олгосон албан газар, байгууллага, авто аж ахуйн эрх баригчид, инженер-техникийн ажилтныг 25-300 төгрөг хүртэл торгоно.
159. Авто машин, мотоцикл, бусад өөрөө явагч машин, механизмыг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодсон, үнэмлэхээ бусдад шилжүүлсэн, бусдын үнэмлэхийг засварлан хэрэглэсэн хүмүүсийг 200 төгрөг хүртэл торгоно.
160. Авто машин, мотоцикл, бусад өөрөө явагч машин, механизмыг жолоодох эрхийн үнэмлэх, авто техникийн улсын дугаарыг хариуцлагагүйн улмаас хаяж үрэгдүүлсэн, эвдсэн буруутай хүмүүсийг 50 төгрөг хүртэл торгоно.
161. Дээр дурьдсан торгуулийг хойно заасан журмаар оногдуулна:
а) хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нар 25 төгрөг хүртэл;
б) байцаагч нар 50 төгрөг хүртэл тус тус торгож, тасалбар олгоно.
Харин 50 төгрөгнөөс дээш торгуулийг байцаагч нараас Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, аймаг, хот дахь хэлтсийн дарга, орлогч нарын баталсан тусгай тогтоолоор оногдуулна.
Оногдуулсан торгуулийн мөнгийг зохих цагт нь төлөхгүй бол шүүхэд шилжүүлэн албадан гаргуулна.
162. Хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний бие махбод гэмтээж, амь насыг хохироосон буюу улсад ноцтой хохирол учруулсан буруутай хүмүүст хууль ёсоор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.