БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар
сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.
БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан
нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)
Дөрөвдүгээр бүлэг
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ
Хориглох тэмдэг
27. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө. Хориглох тэмдэг нь улаан буюу хар хүрээтэй дугуй байна. 2.22, 2.23 тэмдгүүд цэнхэр дэвсгэртэй байна.
2.1. «Орох хориотой». Тээврийн хэрэгслүүд тэмдгээс цааш явахыг хориглоно.
2.2. «Явах хориотой». Тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хориглоно.
2.3. «Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой»
2.4. «Ачааны автомашин явах хориотой». Бүх жин нь 3,5 тонноос хүнд ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг механизмын хөдөлгөөнийг хориглоно. Тэмдэгт зөвшөөрөх бүх жинг зааж болно.
2.5. «Мотоцикл явах хориотой»
2.6. «Ердийн хөсөг явах хориотой». Ердийн хөсгөөр явах, мал туух юмуу хөтөлж явахыг хориглоно.
2.7. «Трактор явах хориотой». Бүх төрлийн трактор, өөрөө явдаг бусад машин, механизм явахыг хориглоно.
2.8. «Чиргүүлтэй явах хориотой». Ачааны автомашин, трактороор чиргүүл, ямар нэгэн механикжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг хориглоно.
/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/
2.9. «Унадаг дугуй явах хориотой». Бүх төрлийн дугуй, мопедоор явахыг хориглоно.
2.10. «Явган хүн явах хориотой». Зам дээр ажил хийж байгаа хүмүүсээс өөр хүн тухайн замаар явганаар зорчихыг хориглоно.
2.11. «Жингийн хязгаарлал». Тээврийн хэрэгслийн бүх жин нь тэмдэгт заасан хэмжээнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.12. «Тэнхлэгийн ачааллын хязгаарлал». Тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ тэмдэгт зааснаас илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.13. «Өндрийн хязгаарлал». Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт зааснаас илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.14. «Өргөний хязгаарлал». Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт зааснаас илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
2.15. «Зогсохгүй явах хориотой». Тэмдэг тавьсан газарт жолооч түр зогсохгүйгээр нэвтрэхийг хориглоно. Энэ тэмдэг тавьсан замаар яваа жолооч, хөндлөн замаар ойртон ирж яваа буюу зам нарийсах үед өөдөөсөө ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
2.16.а. «Зүүн гар тийш эргэх хориотой». Тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ болон буцаж эргэхийг хориглоно.
2.16.б. «Баруун гар тийш эргэх хориотой»
2.17. «Буцаж эргэх хориотой»
2.18. «Гүйцэж түрүүлэх хориотой». Цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.19. «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой». Бүх жин нь 3,5 тонноос дээш ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Трактороор ердийн хөсөг, унадаг дугуйнаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.
2.20. «Хурдны дээд хязгаарлал». Хөдөлгөөний хурдыг тэмдэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхийг хориглоно.
2.21. «Дуут дохио хориотой». Зөвхөн ЗТО, хэрэг гарч болзошгүй үед дуут дохио хэрэглэж болно.
2.22. «Түр зогсох хориотой». Тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно.
2.23. «Удаан зогсох хориотой». Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно.
2.24. «Сөрөг хөдөлгөөн хориотой». Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно.
2.25.а. «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл».
2.25.б. «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл».
2.25.в. «Хурдны дээд хязгаарлалын төгсгөл».
2.25.г. «Бүх хорионы төгсгөл». 2.18-2.23 тэмдгүүдийн хориглох хүрээ дууссаныг заана.
28. 2.1-2.3, 2.22 тэмдэг нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд үл хамаарна.
29. 2.18-2.23 тэмдгүүдийг хориглолт тогтоож байгаа хэсгийн өмнө тавина.
2.2-2.8 тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар, гарцын цаана тавьсан байвал түүнийг нэвтэрч үл болно.
2.16.а,б, 2.17 тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал хөндлөн огтолсон замын зөвхөн эхний зорчих хэсэгт хамаарна.
2.18-2.23 тэмдэг нь суурин газрын дотор тавьсан газраасаа дараагийн уулзвар хүртэл, уулзваргүй замд бол суурин газраас гүйцэд гартал хүчинтэй байна.
5.1 тэмдгийг нэмж хэрэглэснээр эдгээр тэмдгийн үйлчлэх хүрээг багасгаж болно.
2.22-2.23 тэмдэг замын аль талд тавьсан байна тэр талдаа хүчинтэй.