Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Дөрөвдүгээр бүлэг

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Тусгайлан заах тэмдэг

30. Тусгайлан заах тэмдэг нь хөдөлгөөнд оролцогчид болон тээврийн хэрэгслийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн чиглэлийг заана. Тусгайлан заах тэмдэг цэнхэр дэвсгэртэй дугуй байна.

3.1.а,б,в,г,д,е. «Хөдөлгөөний зөвшөөрсөн чиг». Зөвхөн тэмдэгт заасан чиглэлд явна. 3.1.в,д,е тэмдэг буцаж эргэхийг зөвшөөрнө.

3.2.а,б. «Саадыг тойрч гарах чиг». Сум заасан чигээр саадыг тойрч гарна.

3.3. «Тойрох хөдөлгөөн». Зөвхөн тэмдэгт заасан чигээр тойрон явна.

3.4. «Суудлын автомашин явна». Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан хүн буюу ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикл, мөн бүх жин нь 3,5 тн-оос бага ачааны автомашин явахыг зөвшөөрнө.

/Энэ заалтад НАХ яамны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар өөрчлөлт орсон/

3.5. «Унадаг дугуй явна». Зөвхөн унадаг дугуйгаар явна. Явган хүний зам байхгүй бол явган зорчигч явахыг зөвшөөрнө.

3.6. «Явган хүний зам». Зөвхөн явган хүн явахыг зөвшөөрнө.

31. Тусгайлан заах тэмдэг зохих хязгаарлалт тогтоох шаардлагатай уулзвар, замын хэсгийн шууд өмнө, эсвэл 5.2.а тэмдгийн хамт, энэ тэмдэгт заасан зайд тавина.

3.4, 3.5 тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал түүнд заасан тээврийн хэрэгсэл бүх чиглэлд явж болно. Тэмдэгт заагаагүй тээврийн хэрэгсэл хөндлөн замаар явахыг хориглоно.

32. Тусгайлан заах тэмдгийн хүчинтэй байх хүрээ нь:

3.1.а,б,в,г,д,е тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал зөвхөн тэр уулзвартаа хамаарна.

3.1.а. тэмдгийг уулзварын цаана тавьсан байвал дараачийн уулзвар хүртэл хүчинтэй байна. Харин гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө.

3.2.а,б. тэмдгийг саадын өмнө тавьсан байвал зөвхөн тэр орчиндоо хамаарна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»