Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Тавдугаар бүлэг

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО

 

Гэрэл дохио

48. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн дугуй хэлбэртэй, босоо буюу хэвтээ байрлалтай гэрэл дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай гэрэл дохионд улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай байвал дээрх дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана.

49. Босоо байрлалтай гэрэл дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно. Нэмэгдэл дохио нь ногоон гэрлийн төвшинд байрлана.

50. Гэрэл дохио дор дурдсан утгатай байна.

а) ногоон гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнийг бүх чиглэлд зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь шар гэрэл асах гэж байгааг анхааруулна;

б) шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулж тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Ногоон гэрлээр явган хүний гарц буюу уулзварт орсон жолооч шар гэрэл асвал аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх бөгөөд зорчих хэсэг дээр явж байгаа явган зорчигч хөндлөн гарах буюу аюулгүйн зурвас дээр (аюулгүйн зурвас байхгүй бол замын голд) зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ;

в) анивчсан шар гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой явахыг анхааруулна;

г) улаан гэрэл дохио нь тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь түүний хориглох утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.

51. Нэмэгдэл дохио нь ногоон гэрэлтэй хамт асаж байвал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх чиглэлд, улаан гэрэлтэй хамт асаж байвал зөвхөн сум заасан чиглэлд явахыг зөвшөөрнө. Зүүн гар тийшээ эргэх чиг заасан сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө.

Улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

52. Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад дээд талдаа улаан, доод талдаа ногоон гэрэлтэй дохио хэрэглэнэ. Энэ гэрэл дохио явган хүний дүрстэй буюу «Зогсоорой», «Яваарай» гэсэн бичлэгтэй байж болно.

53. Гэрэл дохиогоор зохицуулдаг уулзварын өмнө түрүүлж нэвтрэх эрх олгосон тэмдэг тавьсан байсан ч жолооч гэрэл дохиог удирдлага болгоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»