Mongolian Traffic Research Institute

БНМАУ-ын НАХ яамны сайдын 1985 оны 6 дугаар

сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар батлав.

 

БНМАУ-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(НАХЯ-ны сайдын 1987 оны А/64 тоот тушаалаар оруулсан

нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав)

 

Тавдугаар бүлэг

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО

 

Зохицуулагчийн дохио

54. Зохицуулагч биеийн байрлал, гарынхаа заалтаар дохио өгнө.

55. Зохицуулагч жолооч, явган зорчигч руу хажуугаараа хандан гараа цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал:

а) тээврийн хэрэгсэл чигээрээ явах юмуу баруун гар тийш эргэж болно;

б) явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө;

56. Зохицуулагч баруун гараа урагш сунгасан байвал:

а) түүний ар тал буюу баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн ар талаар зам хөндлөн гарч болно;

б) зохицуулагчийн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэж болно. Явган зорчигч зам хөндлөн гарахыг хориглоно;

в) зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чиглэлд явж болно. Явган зорчигч зохицуулагчийн ар талаар зам хөндлөн гарч болно.

57. Зохицуулагч баруун гараа цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал түүний ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.

58. Зохицуулагч гараа дээш өргөсөн байвал тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Дохио өөрчлөгдөх үед явган зорчигчийн гарцаас өнгөрч уулзварт орсон жолооч аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд зорчих хэсэг дээр яваа зорчигч хөндлөн гарах юмуу аюулгүйн зурвас дээр (аюулгүйн зурвас байхгүй бол замын голд) зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ.

59. Зохицуулагч дохиураа болон гараа дээш доош болгон дохиж байвал тэр чиглэлийн тээврийн хэрэгсэл зогсох үүрэгтэй. Зохицуулагчийн бүсний анивчсан шар гэрэл буюу шүглийн дохио нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.

60. Зохицуулагч, жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх, баруун гар талын захын эгнээг эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, зогсохыг анхааруулж ойлгогдохуйц байдлаар өөр дохио өгч болно.

61. Зохицуулагчийн дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн эсрэг утгатай байсан ч жолооч, явган зорчигч нар зохицуулагчийн дохиог баримтална.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»